Шударга мэдээ
Наро Банчэн гэгээн МУЗН-ийн “Хүнсний багц”-д 10 сая төгрөг хандивлалаа
НАРО БАНЧЭН ГЭГЭЭН ДАНЗАНЛХҮНДҮВ СҮСЭГТЭН ОЛНОО УРИАЛАН БУЯНЫ ИХ ҮЙЛСЭД ОРОЙЛОН ОРОЛЦДОГ. ТЭРБЭЭР ЭНЭ УДААД МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН “ХҮНСНИЙ БАГЦ” САЙН ҮЙЛСИЙН АЯНД 10 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА
Монголын Улаан загалмай нийгэмлэгээс 3-4 ам бүлтэй айл өрхийн нэг сарын хүнсний хэрэгцээг бүрэн хангах “Хүнсний багц”-ыг тус нийгэмлэгийн тусламж хүртэгсдийн шалгуур үзүүлэлтийн дагуу айл өрхүүдэд олгодог. Тэгвэл “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал үүссэнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх өрхүүдээс гадна хөл хорионы дэглэмээс шалтгаалан орлогогүй болсон иргэд, ганц бие өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй, жирэмсэн, өрх толгойлсон эцэг, эхчүүд зэрэг нийт 22 мянган айлд Монголын Улаан загалмай нийгэмлэг “Хүнсний багц” тусламж үзүүлсэн.
Харин өчигдөр Наро Банчэн гэгээн Данзанлхүндүв Монголын Улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин, Хүүхэд, залуучуудын хөтөлбөрийн ахлагч С.Намсрайжав нартай уулзаж, “Ковид-19” вирусийн тархалтын улмаас Улсын онцгой комиссоос тогтоосон хатуу хөл хорионоос үүдэн орлогогүй болсон, хоол хүнсний хомсдолд орсон айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх сайн үйлсэд 10 сая төгрөг хандивлалаа.
Энэ үеэр Наро Банчэн гэгээн “Хүнс тэжээлийн хомсдолд орсон айл өрхүүдэд “Хүнсний багц” тусламж үзүүлж байгаа МУЗН-ийн сайн үйлсийг харж, сонсож баярладаг байлаа. Өнөөдөр энэ сайн үйлийг буяныг даган баясахаар ирлээ” гэв.
Мөн МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг “Таны хандив тусламжийг “Хүнсний багц” болгон хүнс тэжээлийн хомсдолд орсон 200 айл өрхөд гардуулсныхаа дараа танд тайлан мэдээгээ танилцуулна” гэж хэлээд Наро Банчэн гэгээн болон түүний үүсгэн байгуулсан “Наро Банчэн хутагт” сангийн гүйцэтгэх захирал С.Ихбаяр нарт нийгэмлэгийнхээ гарын бэлэг, дурсгалын зүйлийг гардууллаа.
Өмнө нь Наро Банчэн гэгээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагааны нээлтэд оролцож, үйл ажиллагааг нь санхүүжүүлсэн.
-Нийслэлийн “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байсан 150 сая төгрөгийн үнэтэй “Автоклав” ариутгалын аппаратыг хандивласан.
-Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр орон гэргүй таван өрхөд өргөө цагаан гэр өгсөн.
Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан, хичээл зүтгэл сайтай ч их, дээд сургуулийн сургалтын төлбөрөө төлөх боломж бололцоогүй, ар гэрийнх нь санхүүгийн байдал хүндхэн арван хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн.
-Нийслэлийн захын гэр хорооллын хүүхдүүдийн эрүүл мэндэд санаа тавьж, агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсийн цэцэрлэг, зарим эмнэлэгт орчин үеийн өндөр хүчин чадалтай 250 ширхэг агаар цэвэршүүлэгч бэлэглэсэн.
-Дэлхий дахинд дэгдсэн цар цахал болох “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан Улсын онцгой комисст 10 сая төгрөг хандивлаж байсан зэрэг олон арван хандив, тусламж буяны үйлс хийж байсан юм.
Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буяны их үйлсэд сүсэгтэн олноо уриалан оройлон оролцож буй Наро Банчэн гэгээнтэнд гүн талархал илэрхийлье.





Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Улстөр нийгэм2025/05/28
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ
-
Шударга мэдээ2023/11/22
Сүүлийн 4 хоногт халтирч унаж бэртсэн 282 хүн тусламж үйлчилгээ авчээ
-
Үзэл бодол2020/02/10
Д.Сарангэрэл цагаан сарын баярыг цуцлах санал гаргалаа
-
Улстөр нийгэм2020/05/19
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73-р ассамблей өндөрлөлөө
