Шударга мэдээ
Хот хооронд зорчигчдод анхааруулж байна!
Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотой иргэдээс дараах асуултуудыг олноор ирүүлсэн тул асуулт, хариултыг нэгтгэн хүргэж байна.
АСУУЛТ, ХАРИУЛТ:
1. ПГУ/полимролын гинжин урвал/-ын шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэр хаанаас гарсан вэ?
- ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу ПГУ шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Хүний биед "КОВИД-19"-ийн вирус халдварласан бол 72 цагаас эхлэн тухайн хүний биед эмнэлзүйн шинж тэмдэг мэдэгдэж, шинжилгээнд илрэх боломжтой учраас дээрх хугацааг тогтоосон.
2. Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн шинжилгээний хариуны 72 цагийн хугацаа замд явж байхад нь дуусвал яах вэ?
- Иргэд орон нутаг руу зорчихоосоо өмнө ПГУ шинжилгээ өгөөд, хариугаа гарсны дараа хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ базааж, замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй явахыг хичээх хэрэгтэй. Иймд зорьсон газраа очсон хойно шинжилгээний хариуны 72 цаг өнгөрсөн ч хүчинтэйд тооцно.
3. Орон нутаг руу гэр бүлээрээ зорчиж буй иргэд бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу, эсвэл нэг нь өгсөн байхад болох уу?
- Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПГУ-ын шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдээс шинжилгээ хийлгэсэн байхыг шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол шинжилгээ өгсөн байхыг шаардана.
4. Галт тэргээр зорчиход ямар журам үйлчлэх вэ?
- Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр явж буй зорчигчийн нэгэн адил PCR-ын шинжилгээ өгсөн байх ёстой. Өнөөдрөөс орон нутгийн нислэгүүд үйлдэгдэнэ. Харин гуравдугаар сарын 3-наас хот хоорондын нийтийн тээвэр хэвийн горимд үйлчилж эхэлнэ.
5. Хотоос орон нутагт очсон иргэд очоод тусгаарлагдах уу?
- Тухайн орон нутгийн байнгын оршин суугч Улаанбаатараас очсон тохиолдолд гэрээр 7 хоног тусгаарлагдана. Мөн орон нутагт суурин ажилладаг хүн очсон үед мөн адил 7 хоног гэрээр тусгаарлагдана. Учир нь нууц үеийн хугацааг ийнхүү тооцож буй.
6. ПГУ шинжилгээг үнэ, төлбөртэй авч байгаа юу?
- УОК, НОК- ын шийдвэрийн дагуу ажиллаж буй цэгүүдэд үнэ, төлбөргүй авна
7. ПГУ шинжилгээний хариуг хүчин төгөлдөрт тооцох 72 цагийг яаж тоолох вэ?
- Шинжилгээ өгөгчийн шинжилгээний хариу гарсан тухайн өдөр, цагаас эхлэн 72 цагийн хугацааг тоолно.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
