Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй энэ сарын 04-ний өдөр уулзлаа. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов.
Уулзалт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд "Монгол Улс цар тахлын нөхцөл байдлыг даван туулж байгаа энэ үед иргэдийнхээ эрүүл мэнд, амьжиргааг дэмжих, улсынхаа эдийн засгийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлэхээр 10 их наядын санхүүжилтийн төлөвлөгөө боловсруулснаас 2 их наядыг нь жижиг, дунд бизнес, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдэд 3%- ийн хүүтэйгээр банкуудаар дамжуулж зээлээр гаргая, хүүгийн зөрүүг төрөөс даая гэж тооцсон. Үүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газартай хамтран ажиллахыг гэж банкны салбарынхнаас хүсэж байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар ажлын байр 70 орчим мянгаар буурсан. Хөл хорионы дэглэм үргэлжилж, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхгүй байсаар байвал цаашид 130 мянга хүрэх тооцоолол гарсан. Өнгөрсөн хугацаанд иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянга төгрөг хүртэл нэмэгдүүлж, ус, цахилгааны хэрэглээ, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авсан. Одоо бид бэлэн мөнгө тараах биш баялаг бүтээгчдээ, салбаруудаа дэмжих зорилго тавьж, тухайлсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

- Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 0.5,
- Стратегийн ач холбогдолтой төслүүдэд 2,
- Монголбанкны дахин санхүүжилтийн төлөвлөгөөнд 2,
- Орон сууцжуулах төсөлд 3,
- Хөдөө аж ахуйн салбарт 0.5,
- Ажлын байрыг нэмэгдүүлэхэд 2 их наяд төгрөгийг тус тус зарцуулна гэсэн байдлаар төлөвлөсөн юм. Өнөөдөр та бүхэнтэй зээлийн хэрэгжилтэд ямар асуудал байгаа талаар сонсохоор ирлээ” хэмээн Засгийн газраас баримталж буй зарчмаа товч танилцууллаа.
Банкны салбарын төлөөллүүд салбарын өнөөгийн нөхцөл байдал, цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг хүсэж буй банкны секторын бодлогын хүлээлтийн талаар товч илтгэлүүдийг тавьсан.
БАНКНЫ САЛБАРЫНХАН ЗЭЛДЭГЧДИЙН НӨХЦӨЛ ШААРДЛАГЫГ БУУРУУЛАХ САНАЛ ГАРГАЛАА
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа

“Монгол Улсын гадаад тэнцэл 2016 оны хүнд үеэс үлэмж дээшилж, 9 сарын хэрэгцээг хангах нөөцтэй байгаа нь эерэг үзүүлэлт юм. Гадаадын хөрөнгө оруулагчидтай богино хугацаанд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, идэвхжүүлэх нь чухал.
Цар тахал эдийн засгийн өсөлтийг хоёр жилээр ухраагаад байна.
Монголбанкны танилцуулсан илтгэлээс:


Томоохон төслүүдийг хөдөлгөх нь зүйтэй. Ингэхдээ санхүүжилтийг гадаад талтай хуваалцах нь оновчтой.

Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар "Банкны салбарт бэрхшээл, боломж, хүндрэл туулсан жил боллоо. Банкны салбарыг цахимжуулах зорилт тавьж, арилжааны банкуудын нийт зардлын гуравны нэгийг технологийн хөгжилд зарцуулж ирсэн нь цар тахлын хямралын үед банкны үйлчилгээг иргэдэд хүргэхдээ хүндрэлгүйгээр давахад тусаллаа.
Ингэж салбарын үйлчилгээг цахимжуулахад 100 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Зах зээлд нийлүүлэгдсэн нийт зээлийн 40 хувийг эрсдэлтэй гэж үзэж байна. Одоогоор 150 мянга орчим зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацаа, ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн 55 мянган зээлдэгчийн эргэн төлөлтийг тус тус хойшлуулсан байна. Иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлье, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг олон нийтийн сайн сайхны төлөө буюу ажлын байр нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулъя гэдэг саналтай байна.
Энэ хүрээнд
- Банкууд зээлдэгчдээ тавих шалгуураа багасгаж, эргэн төлөх чадвартай эсэхийг л харах/Үүн дээр Засгийн газраас олон нийтийг тэгш хүртээмжтэй мэдээллээр хангах/
- Төрөөс тавьж буй шаардлага ил тод байх
- Хүнд сурталгүй, цахим хяналтын тогтолцоог бүрдүүлэх
- Зээлдэгчдээ эрсдэлээс хамгаалах, хяналтын тогтолцоо бүрдүүлэх явдал” гэлээ.
Үндсэн илтгэлүүд дууссаны дараа асуулт, хариулт явагдав.

Монголын Банкны холбооны дэд ерөнхийлөгч Б.Мэдрээ “Зээлдэгчид тавьж буй шаардлагыг багасгах хэрэгтэй. Татварын өргүй, тайлангаа тогтмол гаргасан байх зэрэг шаардлагад олон аж ахуйн нэгж “бүдрэнэ”. Засгийн газраас хэрэгжүүлэх энэ зээлийн төлөвлөгөө бол арилжааны банкуудад ашиггүй ч банкны харилцагчдын орлого нэмэгдэж байвал урт хугацаандаа бүгд хожно. Банкуудын нийт мөнгөний 88% нь иргэдийн л мөнгө учир бид санаа зовохгүй байхын аргагүй” гэж байсан юм.

Сангийн сайд Б.Жавхлан “Төр өнгөрсөн жил 4.1 их наяд төгрөгийн ачааллыг төсөв дээрээ авсан. Цаашид нэмэлт ачаалал авах боломжгүй. Та бүхэн төртэй хамтарна гэж байгаа нь маш чухал дэмжлэг.
2020 онд ДНБ -ний өсөлт 6% буурч 70-аад мянган ажлын байр цомхтгогдсон. Монгол Улс нийт 820 мянган ажлын байртай. Дахиад эрсдэл хүлээж байна. Хэрвээ ингэвэл банкуудын нөхцөл муудвал төсөвт нөлөөлөх эрсдэлтэй. Төсөв мөнгөний бодлого шууд харилцаа хамааралтай учраас хамтарч ажиллах шаардлагатай байна. Иргэдийн мөнгөөр иргэдийнхээ амьдралыг дэмжих гэж байгаа. 10 их наядын төлөвлөгөө банкуудын баланс дээрээ шууд ашиг авчрахгүй ч банкуудад өөрсдөд нь ээлтэй. Банканд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол харилцагч.
Эдийн засгийн хямралыг даваад гарсны дараа банканд сайн харилцагчид бий болно. 48 мянган аж ахуйн нэгж байгаагаас 27 мянга нь энэ 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах нөхцөл шаардлагыг хангаж байгаа тооцоо байна” гэсэн юм.

ХААН Банкны гүйцэтгэх захирал Р. Мөнхтуяа "Уул уурхайн бус салбарт олгож буй репо санхүүжилт 2.8 их наяд төгрөгийн бизнесийн зээл олгосон байна. Одоогийн төлөвлөгөөний дагуу манай банкны хувьд нийт зээлдэгчийн 88% нь тэнцэхгүй байна. Тэдний зээл нийт зээлийн багцын 38 хувийг эзэлдэг. Шинэ төлөвлөгөөнд зээлийн нөхцөлд заавал ХХК байна гэж зааж өгөхөөр хөдөө орон нутгийн бичил бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй байна.
Манай банкны 28 мянган зээлдэгчийн 3,300 нь л тэнцэхээр байна. Тиймээс 500 хүртэл сая төгрөгийн зээлийг бичил бизнес эрхлэгчдэд, 3 тэрбум хүртэлх зээлийг ЖДҮ эрхлэгчдэд олгох байдлаар тавигдах шаардлагын босгыг буулгаж өгвөл зохимжтой. Манай 24 мянган зээлдэгч 50-70 мянган хүнийг ажлын байраар хангадаг” гэлээ. Л.Оюун-Эрдэнэ:
Л.ОЮУН-ЭРДЭНЭ:БАНКНЫ САЛБАРЫН САНАЛ ХҮСЭЛТИЙГ ШИЙДЬЕ

Салбарын төлөөлөл саналаа ийнхүү илэрхийлж, Сангийн сайд тайлбар өгснөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын дүгнэж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн уулзалтаар миний хувьд банкууд бизнес эрхлэгчдэд хатуу шаардлага тавихгүй байгаач гэсэн хүсэлт та бүхэнд тавих гэж байлаа. Гэтэл эсрэгээрээ банкны салбар маань зээлийн нөхцөл шаардлагыг сулруулах санал тавьж байгаад баяртай байна. Тиймээс бид энэ асуудлыг эргэж харъя.
Хүнд суртал гаргахгүй байх бүх боломжийн талаар ярилцаж, шийдэл гаргахад нээлттэй. Ажлын хэсэг байгуулъя. Хяналт шалгалтыг багасгахад анхаарна.
Та бүхний санал болгож буй цахим хөгжлийг дэмжих хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэх талаар ХЗДХ-ийн сайдтай хамтран ажиллаж, долоо хоногийн дотор шийдэл гаргая. Банкны салбарын цахимжуулах төсөл маш амжилттай хийгдсэнд талархаж байна. Цаашид төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгахад ч энэ чиглэлд анхаарал хандуулж байгаа.
Гэрлэлт, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаас бусад үйлчилгээг цахимжуулах зорилт тавьж ажиллаж байгаа. Мөн та бүхний санал тавьж буй КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгаж магадгүй.
Цаашид нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг урьдчилан хэлэх боломжгүй. Эрсдэлтэй ч бид хүн амын эрүүл мэндээ, эдийн засгаа дэмжихийн тулд хөл хориог сулруулсан. Тавдугаар сараас хилээ нээхээ зарлачихлаа.
Шаардлага гарсан тохиолдолд аливаа үйл ажиллагааг гэнэт зогсоож, хөл хорио тогтоохгүй. Хамгийн багадаа 14 хоногийн өмнө зарлана. Энэ хооронд төр, хувийн хэвшил гэхгүй бэлтгэл хангах ёстойг бид ойлгож, харж авсан. Тиймээс одоо эдийн засгийн хүндрэлийг Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтарч даван туулна” гэлээ.
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Улстөр нийгэм2021/10/13
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай ца...
-
Үзэл бодол2019/10/09
Монголын сэтгүүлчид Дэлхий дахинаа
-
Цаг үе2024/10/17
Хайлаастын шинэ эцсээс 17-н уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ...
-
Улстөр нийгэм2019/10/15
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
