Улстөр нийгэм
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар сонсож, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, “Сонгино” дэд станцын барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. Наймдугаар сарын 10-ны байдлаар нийслэлиын өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна гэсэн мэдээллийг салбарынхан өгч байна.

Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, эх үүсвэрийн нөөцийг бий болгох хүрээнд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын турбогенераторыг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ ажил ид хийгдэж байна.

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвараар 885, хөрөнгө оруулалтаар 677, техникийн зохион байгуулалтын арга хэмжээнийн ажлаар 412, нийт 1974 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэ сарын 10-ний байдлаар 70,0 хувийн гүйцэтгэлтэй ба өмнөх оны мөн үеэс гүйцэтгэлтэй илүү байгаа юм байна. Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнууд болон үйлдвэрийн ажилчдад ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг сануулж байв. Мөн “Cонгино” дэд станц, “Их тойрог” төслийн цахилгаан дамжуулах агаарын шугамийн ажлыг эрчимжүүлж, яаралтай ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.



“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь1959 онд байгуулагдсан, Дулааны 2,3,4 дүгээр цахилгаан станц, Амгалан дулааны станцад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг ф200-1200 мм-ийн голчтой 379.5 км төв магистраль шугам, даралт өргөх насосны 9 станц, 15069 ш хаалт арматур, Нийслэл хотын төвлөрсөн дулаанд холбогдсон аж ахуйн гэрээтэй 3163 хэрэглэгч, ОСНААУГ-ны харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв, хувийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 54 компанийн нийт 10500 гаруй барилга обьектын халаалт, салхилуулга, хэрэгцээний халуун усны 2951 Гкал/ц-ийн тооцоот ачаалал бүхий дулааны эрчим хүчний хэрэглээг жилийн турш тасралтгүй, найдвартай ханган ажилладаг. Мөн “Баянхошуу дэд төв”-ийг төвлөрсөн дулаанаар хангах дулааны шугам угсралтын ажил хийгдэж байгаа аж. Энэ ажлыг хийснээр СХД-ийн 7 дугаар хороо, хилчин хорооллыг төвлөрсөн дулаанд холбох юм.
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК нь 1968 онд ашиглалтанд орсон бөгөөд өнөөдрийн байдлаар цахилгаанаар 198 МВт, дулаанаар 522 Гкал/ц суурилагдсан хүчин чадалтайгаар Төвийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 17.3 хувь, Нийслэл Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 34.8 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 55 хувийг хангаж байна. 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 41 ажил хийгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар 69 хувьтай байна. 2019.01.01 гэхэд бүх ажлыг дуусгах төлөвлөгөөтэй аж.
“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК нь 1983 онд ашиглалтанд орсон бөгөөд өнөөдрийн байдлаар цахилгаанаар 703 МВт, дулаанаар 1373 Гкал/ц суурилагдсан хүчин чадалтайгаар Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58 хувь, Нийслэл Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 55 хувийг хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм. Улмаар өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөт гарфикийн дагуу явж байгаа аж.
Төсөл, хөтөлбөрийн тухайд:
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах эх үүсвэрийн нөөцийг бий болгох хүрээнд “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсгийн суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн турбогенераторыг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Одоо ажил нь явагдаж байна.
“ДЦС-3” ТӨХК өргөтгөлийн төслийн тухай:
Ø Төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-аар хийлгэж Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан технологийн зөвлөлд танилцуулж дэмжигдсэн.
“Cонгино” дэд станц, “Их тойрог” төслийн цахилгаан дамжуулах агаарын шугам:
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалагаар 2012 онд гэрээ байгуулж, баригдаж эхэлсэн “Их тойрог” төслийн 220/110/35 кВ-ын 2х125 МВА хүчин чадалтай “Сонгино” дэд станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам мөн “Зайсан-Сонгино” 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр тус тус “ЭХБУТ” ХХК ажиллаж байна.

Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Цаг үе2023/02/08
Та тээврийн хэрэгслийн хасалт хийлгэх бол...
-
Улстөр нийгэм2020/09/08
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны яаманд ажиллав
-
Цаг үе2022/08/08
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
-
Үзэл бодол2022/05/18
Х.Янжингаажид: Даварсан, худалч, хулгайч, жүжигчин, завхай эрчүүдэд эмэгтэйчүүд ...
