Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдлаа

Огноо:

,

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Төслийн бүтээн байгуулалтын шавыг энэ сард тавих байсан ч Коронавирус цар тахлын улмаас хойшлогдоод байгаа юм.

Сүхбаатар дүүргийн 9-р хороо Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм. Төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт 84833,6м2 талбай бүхий  21 давхар, зоорьтой, найман блок барилга барихаар төлөвлөөд байна. Мөн авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барина.

Дашрамд дурьдахад Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай Төсөл хэрэгжүүлэх “Албан протокол”-д 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Мөн ТЭЗҮ, Ажлын зураг төсөл, төсөв боловсруулж дуусгах, БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн.

Харин 2020-2021 онд Төсөл хэрэгжүүлэх нэгж БНХАУ-ын Төслийн менежментийн баг, зургийн зохиогчтой удаа дараа уулзалт, хуралдааныг зохион байгуулж төслийн ерөнхий гүйцэтгэгч компанийн тендерийн сонгон шалгаруулалтын баримт бичиг болон зураг төсөлтэй холбоотой тодорхойгүй байсан асуудлуудыг эцэслэн шийдвэрлэсэн. Үүний үр дүнд 2020 оны 10 дугаар сарын 28-нд тендерийг нээж, Тендерийн үнэлгээний хороо үнэлэн “Хятадын 2 дахь Металлурги групп корпораци” ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгчээр шалгаруулсан.  2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төслийн ерөнхий гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.

Төсөл хэрэгжих барилгын талбайн дээрх 37 нэгж талбар бүхий айлуудаас төслийн барилгын талбайд орсон 11 айлтай гурван талт гэрээ байгуулсан байна. Мөн долоон айл газар чөлөөлөлтөө хийж,дөрвөн айлын газар чөлөөлөлтийн гэрээг холбогдох газруудаар хянуулан, баталгаажуулж  4-р сард багтаан нүүх, ариутгал, цэвэрлэгээг хийх ажил явагдаж байна

Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ИТА болон БНХАУ-ын менежментийн багийн ажилтнуудын байрлах түр байр, инженерийн байгууламжийн угсралтын ажлыг нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, улмаар “Сэнх” ХХК-ийг сонгон ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлж бэлэн болгосон байна.Барилгажих талбайн орц чөлөөлөх, дэд станц зөөх, шилжүүлэх, түр цахилгаан буюу барилгын 2-р эх үүсвэрийн ажлыг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, “Улаанбаатар электро монтаж” ХХК-ийг сонгон гэрээг байгуулан, ажлын явцад хяналт тавьж хийж дуусгаад байгаа юм.

Бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх бэлтгэл ажил болох автобусны буудал шилжүүлэх орц гарц хийх ажлыг мөн гүйцэтгэж дуусгаад байгаа юм.Тодруулж хэлбэл “Цагаан байрны зүүн талын автобусны буудал шилжүүлэх орц, гарц гаргах” ажлыг “Мос говь” ХХК  батлагдсан зураг төсөл, стандартын дагуу гүйцэтгэж , 2020 оны 11 сарын 10-ны өдөр ашиглалтад хүлээн авчээ 

Мөн буурь, хөрс, суурь хөрсний ус шүүрүүлэх ажлыг Усны эрчим ХХК компани гуравдугаарр сарын 1-ний өдрөөс эхэлжээ. Барилгын талбайд хяналтын цооног өрөмдөх, усны ундарга тогтоох, дүгнэлт гаргах ажлууд хийж дуусгасан байна гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.

Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.

Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.

Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.

Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.

Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.

Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.

Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.

Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.

Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Огноо:

,

Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.

Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.

Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.

Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.

Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.

Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа

Огноо:

,

Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.

Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.

Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох