Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Түр хорооны хуралдаанаар цаг үеийн асуудлаар Улсын онцгой комиссын мэдээллийг сонслоо

Огноо:

,

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хорооны энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаар цаг үеийн мэдээлэл сонслоо.

Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албан тушаалтнууд оролцов. "Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдал"-ын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийсэн. 

Манай улсад 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийт 32497 иргэн халдвар авч, үүнээс 54 хувь нь эдгэрээд байгаа бөгөөд клиникт хэвтэн эмчлүүлж байгаа 4427 иргэн байгаагаас, нийслэлд 3296, орон нутагт 1131 иргэн байна. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас суурь өвчин хавсарсан байдлаар нас барсан хүний тоо 8, халдварын улмаас нас барсан иргэний тоо 88, нийт 96-д хүрээд байна. Одоо 11 эмнэлэгт 80 иргэний биеийн байдал нэн хүнд эрчимт эмчилгээнд байна. Мөн европын орнуудаас ирсэн зургаан иргэнээс англи маягийн мутацлагдсан хэлбэрийн вирус илэрснийг баталгаажуулах шинжилгээний ажлууд гадаад, дотоодын лабораториудад хийж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 20 дугаар тогтоолоор Хүн амыг дархлаажуулалтад бэлтгэх, гадаад орноос вакцин авахад бэлтгэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар арилжааны шугамаар Синофарм вакцин 2,8 сая тун 2021 оны  дөрөвдүгээр сард, Спутник 1 сая тунг тавдугаар сарын эхээр, КОВАКС  хөтөлбөрийн хүрээнд АстраЗенека вакцин 48 мянган тунг дөрөвдүгээр сард, АстраЗенека, Пфайзер 1 сая 172 мянган тун бүгд 5 сая тунг 2021 оныг дуустал тус тус татан авах ажил төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь хийж, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж байна.

Засгийн газраас БНЭУ,  БНХАУ, БНСУ, Белги, ОХУ-аас дөрвөн төрлийн 1,750,640 тун вакциныг татан авсан бөгөөд насанд хүрсэн нийт 2,067,292 хүн хамруулахаас I тунд 34,2, II тунд 11,6 хувийг хамруулаад байна. Дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар дархлаажуулалтын I тунд нийслэлд 557,386, орон нутагт 150,452 иргэн, II тунд нийслэлд 232,601 иргэн, орон нутагт 7370 иргэн тус тус хамрагдаж, улсын хэмжээнд вакцинжуулалтын I тунд нийт 707,838 иргэн, II тунд 239,971 иргэн хамрагдаад байна. Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс тавдугаар сарын 08-ны өдөр хүртлэх хугацаанд нийт 250 баг, 120 цэг ажиллаж,  өдөрт дунджаар 60 мянган хүнд вакцин хийхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд тавдугаар сарын 08-нд нийслэлийн хүн амыг вакцины I тунд,  зургадугаар сарын 04-нөөс өмнө II тунд хамруулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэлдээ онцоллоо.

Мөн тэрбээр, сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрс нэмэгдэж, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийг дайчлан ашиглаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 28 эмнэлгийн эрчимт эмчилгээний 80, энгийн эмчилгээний 660 ор, аймаг орон нутгийн 24 эмнэлгийн эрчимт эмчилгээний 168, энгийн 3151 ор сул байна. Коронавирусын халдвар авч биеийн байдал нь нэн хүндэрсэн иргэдийг эмчлэх зорилгоор сэхээн амьдруулах нарийн мэргэжлийн эмчилгээний 22 багийг ажиллуулж байна.  Болзошгүй үед ашиглах зорилготой  шаардлагатай эмчилгээний  байрыг бэлтгэж, дэлгэхээр 3 ээлжээр нийт 80 эмч, 180 эмнэлгийн мэргэжилтэн, 45 сувилагч, тусгай мэргэжлийн болон бусад алба хаагч ажиллах тооцоо гарган ажиллаж байна. Түүнчлэн АШУИС-ийн Монгол Японы эмнэлгийн оюутны байранд 450 ор дэлгэн, халдварын тохиолдлыг тусгаарлан эмчлэх нэгжийг хуваарилан, хөнгөн хэлбэрийн халдвар авсан өвчтөнүүдийг шилжүүлэх, эхний ээлжинд резидент эмч нарыг байрлан ажиллуулахаар бэлтгэж байна. Мөн ШУТИС-ийн оюутны I байр, АШУИС-ийн оюутны II, III байр, Архангай аймгийн оюутны байр нийт 337 өрөөний 1830 орыг төлөвлөж, ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмч, ажилчид, хамгаалалтад ажиллах албан хаагч нийт 844 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Цаашид хөнгөн өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэх зориулалттай нийслэлийн хэмжээнд долоон дүүрэгт хувийн хэвшлийн 52 эмнэлгийн 949, 23 сувилалын 1083, нийт 2229 орыг нэмэлтээр, нийслэлийн  зургаан дүүргийн 152 амралтын газрын 7940, 16 жуулчны баазын 1320 нийт 9260 орыг дайчлан гаргахаар ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд эдгээр байрыг нэмэлтээр ашиглах болно гэж байлаа.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар  коронавируст халдварын шаардлагатай 37 нэр төрлийн нийт 5 тэрбум төгрөгийн эмийн, 16 нэр төрлийн  38,3 тэрбум төгрөгийн хувийн хамгаалал хэрэгслийн нөөцтэй байна. Эрүүл мэндийн байгууллагуудад нийт 984 амьсгалын аппарат, үүнээс зөөврийн 137-г ашиглаж байгааг УОК-ын дарга мэдээлэлдээ онцлохын зэрэгцээ ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай хүчилтөрөгчийн үйлдвэрийг шуурхай барих ажлыг зохион байгуулж, энэ долоо хоногт ашиглалтад хүлээн авч байна. 10 хоногийн хугацаанд барьсан энэ барилга ашиглалтад орсноор ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн хэрэгцээ, шаардлага хангагдаад зогсохгүй, бусад эмнэлгүүдэд нийлүүлэх боломж бүрдэнэ гэж байлаа. Мөн Эрүүл мэндийн яамаас дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 18 эрүүл мэндийн байгууллагад 111 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлөгч аппарат хуваарилан олгож, хүчилтөрөгчийн нөөцийн хангалт өнөөдрийн байдлаар 86,4 хувьтай байна. Есөн дүүрэгт хүчилтөрөгчийн шугам сүлжээг бий болгож, 21 аймагт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцуулгадаа дурдсан.

Дараа нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын явц, хангалт, нийлүүлэлтийн талаар  товч мэдээлэл хийв.

Улсын онцгой комиссын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Т.Доржханд, Д.Өнөрболор, П.Анужин, Б.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Б.Жаргалмаа, С.Ганбаатар, Х.Бапелхан, Н.Алтанхуяг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс коронавирусын халдварын мутацийн олон хэлбэр дэгдэж байгаа энэ үед вирусыг дотооддоо судлах, лаборатори байгуулах, дархлаажуулалтын тандалд судалгаа хийж байгаа эсэх, цаашлаад хүүхдүүдийг вакцинд хамруулахад баримталж байгаа бодлого, арга хэмжээг илүүтэй тодруулж байлаа.

Бид вакцинжуулалт хамрагдсан хүмүүсийн судалгааг түүврийн аргаар хийж байгаа. Судалгааны хэд хэдэн багууд гарсан. 2020 оны дөрөвдүгээр сараас хойш ЭМЯ-ны дэргэдэх Шинжлэх ухааны технологийн зөвлөлөөр эрдэмтэн судлаачдын 14 судалгааны ажил хэлэлцэгдэж, одоогоор долоон ажил нь амжилттай хэрэгжээд явж байна. Үүнд мутацийн хэлбэрүүдийг судлах, дархлаа тогтоцын талаар судалгаа хийж байна. Үр дүн эхнээсээ гарч байгаа, удахгүй танилцуулна гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа онцлоод вакцины I тун хийлгэснээс хойш 6052 хүн, II тун хийлгэсэн хүмүүсээс 80 нь халдвар авсан гэсэн бүртгэл судалгаа байна гэв.

Харин Шадар сайд С.Амарсайхан хариултдаа, хэрэв вакциныг хүүхдүүдэд хийх зөвшөөрөл, заавар зөвөлгөө гарвал бид хүүхэд, залуучуудаа вакцинд хамруулах судалгаа, бэлтгэл ажлыг орхигдуулалүй хийж байгаа. АНУ-ын пфайзер вакциныг 12 наснаас дээш хүүхдэд хийх зөвшөөрлийг авахаар хүсэлтээ тавьсан байгаа юм билээ. Мөн бусад орнуудад вакциныг хүүхдэд хийх судалгаануудаа үргэлжлүүлж байгаа ч хараахан эцэслэгдээгүй байна гэж байлаа. Түүнчлэн тэрбээр, вакцины нийлүүлэлт, хүрэлцээний тухайд төлбөртэй вакцин хийх боломжийг хязгаарлаагүй. Энэ талын шаардлагатай бүх зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд өгснийг тодотгохын зэрэгцээ харамсалтай нь аж ахуйн нэгж, Засгийн газраас шалтгаалахгүйгээр дэлхий даяар вакцины олдоц, нийлүүлэлт хүнд байна. Гэсэн хэдий ч манай улс вакцинжуулалтын ажлаар дэлхийн 200 гаруй улсаас долоод явж байгааг хариултдаа онцлов гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох