Улстөр нийгэм
Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулахад ашигтай бактери ашиглана
Бурхан багшийн их дүйчин буюу зуны тэргүүн сарын 15-ны билигт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд ажиллалаа. Энэ үеэрээ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, Гандангийн дэнжийн гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыг хамтран зохион байгуулна.

Мөн энд амьдарч буй Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 800 гаруй өрхөд хашаандаа мод тарих, цэвэр агаартай, эрүүл орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 5500 шинэс модны суулгац өгөхөөр болж, дээжийг нь энэ үеэр гардууллаа. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц Хотын даргын санаачилж, хийж байгаа ажлууд нүдээ олсныг хэлж, талархал илэрхийлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Агаарын бохирдлыг бууруулахад мод, бут сөөг, ногоон байгууламж чухал ач холбогдолтой. Хүрээлэн буй орчноо бохирдлоос хамгаалж, ирээдүй болсон хүүхдүүдийнхээ амьдрах орчныг сайжруулах ёстой. Мод тарих аян цаашид өргөн хүрээнд үргэлжилнэ. Улаанбаатар хотыг зүлэгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн хот болгохыг зорьж байгаа. Гандангийн дэнжийн хөрсний бохирдол өндөр хэмжээнд хүрсэн. Моджуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний бохирдлыг арилгах үүднээс энэ ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хотын гэр хороололд 196 мянган нүхэн жорлон байна. Шинжлэх ухаан, технологи дээр суурилан богино хугацаанд ашигтай бактериар хөрсний бохирдлыг арилгах, эко ариун цэврийн газрыг хийж, хэрэгжүүлэхээр санал санаачилга гаргаж, тооцоо судалгаа хийж байна. Ингэснээр Улаанбаатар хотын хөрсний бохирдол 85 хувьд хүрч буурна. Тулгамдаж байгаа олон асуудалд иргэдийнхээ санал санаачилгыг сонсож, энэ мэт ажлуудыг хийж, хэрэгжүүлнэ” гэв. Мөн энэ чиглэлд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Үүний дараа Хотын дарга Гандантэгчэнлин хийдийн тохижилттой танилцаж, хийдийн удирдлагуудтай санал солилцлоо.

Хөрсний ашигтай бактерийн талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Хөрсний бактериуд нь үнэр дарж, эргээд хөрсөндөө ашигтай бордоо болон шингэж, хөрсөө эрүүлжүүлэн нөхөн сэргээдэг. Бактери хийснээс долоо хоногийн дараа нүхэн жорлон үнэргүй болно. Нэг сарын дараа 50, хоёр сарын дараа 75 хувь нь хөрсөндөө ашигтай бордоо болж, шингэнэ. Гандангийн дэнжийн 800 гаруй айлд нэг бүрчлэн очиж, бактериа хийж, баримтжуулна. Үүний дараа долоо хоног тутам судалгаа хийж, үр дүнг тооцно” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Шударга мэдээ2024/12/18
Байгаль орчны зөрчил, мэдээллийг хүлээн авах 117 тусгай дугаарыг ажиллуулж эхэлл...
-
Шударга мэдээ2019/11/18
Сурагчаас хууль бусаар мөнгө хурааж авахгүй байхыг анхааруулж байна
-
Цаг үе2023/03/03
“Токио метро” ХК-ийн туршлагыг судаллаа
-
Улстөр нийгэм2024/09/16
Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Азийн хөгжлийн банкны төлөөлөгч нарыг хүл...
