Шударга мэдээ
Ерөнхий боловсролын сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарна
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг хуралдаж, Нийслэлийн Спорт хороо, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргүүдийн ЗДТГ-ын дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.
Хурлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамир, спортын талбайг зориулалтын бусаар ашиглаж байгааг зогсоох, газрын маргаантай асуудлыг судлан шийдвэрлэх, цаашид сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Нийслэлийн есөн дүүргийн төрийн өмчийн 148 сургуулиас 52 сургууль биеийн тамир, спортын талбайгүй, 78 талбайг тохижуулах шаардлагатай гэсэн судалгаа гарсан байна. Сүүлийн жилүүдэд сургуулийн биеийн тамир, спортын талбайг бусдад шилжүүлэх, зөвшөөрөлгүй барилга барих асуудал маргаан дагуулж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх нь зөвхөн спорт хорооны ажил биш, дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба зэрэг олон байгууллагын анхаарах асуудал гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцолсон.
Мөн Монголын хөл бөмбөгийн холбоо зургаан сургуулийн биеийн тамир, спортын талбайд олон улсын стандартад нийцсэн зүлэгжүүлэлт хийх санал гаргасныг дэмжин ажиллана гэлээ. Түүнчлэн газрын маргаантай асуудлыг шийдвэрлэж, нийтийн эзэмшилд буцаан олгох шийдвэр гарсан биеийн тамир, спортын талбайн кадастрын зургийг сургуулийн эзэмшлийн газарт нэгтгэж оруулах, сүүлийн жилүүдэд хэдэн сургуулийн талбайг бусдад шилжүүлсэн, одоогийн нөхцөл байдлаар хэдэн талбайд маргаантай асуудал үүсээд байгаа тухай, зарим зөрчлийг богино хугацаанд арилгах зэрэг үүргийг Ажлын хэсгийн гишүүдэд өгсөн юм.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
