Улстөр нийгэм
Ресторан, кафе, хоолны газрын танхимын үйлчилгээг 7 хоногийн хугацаатай хориглов
Амралт, жуулчны газрын үйл ажиллагааг долоо хоногийн хугацаагаар хязгаарлана
Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын тушаал, хурлын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа. Захирамжаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын танхимын болон гадна талбайн үйлчилгээг зургадугаар сарын 17-наас долоо хоногийн хугацаатай түр хориглож байна. Түүнчлэн амралт, жуулчны газрын үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарлахаар боллоо. Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов.
Захирамжаар мөн нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга, байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагыг мөрдүүлэх хяналт шалгалтын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд, дүүрэг, хорооны албан хаагч, хэсгийн ахлагч нарыг татан оролцуулж, батлагдсан дүрэм, журам зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм. Түүнчлэн халдварын тархалт, үүссэн нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн Улсын Онцгой комисстой зөвшилцөн иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллыг мөрдүүлж ажиллана.
Халдвар авсан, ойрын хавьтал болсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний талаарх зөвлөмж, мэдээ мэдээллийг тогтмол хүргэх, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа, түүгээр зорчих иргэдэд тавих хяналтыг сайжруулахыг мөн үүрэг болгов. Батлагдсан тохиолдол болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэнд эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх, тандалт хариу арга хэмжээнд ажиллах автобусыг гарган, зохион байгуулалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаярт даалгалаа. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор мэргэжлийн байгууллагуудаас ажиллуулж байгаа тандалтын багийг төвийн зургаан дүүрэгт тус бүр наймаар нэмэгдүүлж, шаардлагатай машин, хүний нөөц, хоол унааны зардлыг шийдвэрлэхийг дээрх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгУлстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Цаг үе2026/05/22
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
-
Үзэл бодол2020/02/10
Д.Сарангэрэл цагаан сарын баярыг цуцлах санал гаргалаа
-
Үзэл бодол2020/07/16
Ж.Батбаясгалан: Ард иргэд өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, хариуцла...
-
Цаг үе2024/07/03
Үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрдэмтэн, судлаачидтай хамтарч бай...
