Цаг үе
Халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэний хамтын ажиллагаа чухал
Үйлчлүүлэгчийн дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг шалгаагүй, халуун хэмжээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ
Нийслэлд коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна. Тодруулбал, Засгийн газрын “Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам” болоод УОК-ын даргын “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг мөрдүүлэхээр өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 30-ны хооронд шалгалт үргэлжилнэ. Тус хяналт, шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хийж буй. Улаанбаатар хотын есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний газрууд болон бүх төрлийн баар, тоглоомын газар, алжаал тайлах төв, шашны байгууллага, дэн буудал, спорт заалыг шалгалтад хамруулж байгаа юм.
Өчигдөр буюу энэ сарын 16-нд нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 1971 байгууллагад хяналт, шалгалт хийсэн бөгөөд 245 зөрчил илрүүлжээ. Шалгалтаар үйлчлүүлэгчийн дархлаажуулалтын хоёр тунд хамрагдсан гэрчилгээг шалгахгүй, халуун хэмжихгүй оруулах, ажилчдын дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг хэвлэж тавиагүй, ширээ хоорондын зайг баримтлаагүй, нэг ширээнд олноор нь суулгах, механик агааржуулалтыг хэвийн ажиллуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн юм.

Түүнчлэн үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан байтал Баянгол дүүргийн “Өлзий” дэн буудал, Баянзүрх дүүргийн “Молор” караоке, Чингэлтэй дүүргийн “Харцага” караоке, Хан-Уул дүүргийн “Парадайс” амралтын газрын караоке тус тус үйл ажиллагаа явуулж байв. Мөн оройн цагаар, олон хүн бөөгнөрсөн газар иргэд амны хаалтаа зүүхгүй үйлчлүүлэх тохиолдол олон гарлаа. Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгах, шаардлага тавьж, зөвлөн туслах арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд авч ажиллав.
Иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хариуцлагатай, ухамсартай байж, олон хүн бөөгнөрсөн газраар үйлчлүүлэхгүй, хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатай байгааг албаныхан сануулж байна. Түүнчлэн халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байгааг онцолж байлаа.
Цаг үе
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ. Тус аян нь хүүхэд, залуус, иргэд олон нийтэд эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн бөгөөд олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Энэ хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд багачууд “Бяцхан аврагчийн аялал” 7 өртөөт аялалын тоглоомоор тоглож, “Үер, усны ослыг бууруулахад хүүхэд бидний оролцоо” санал хүсэлтийн самбарт уриалга сэтгэгдлээ үлдээн, хүүхдүүдийн флаш моб бүжиг, танин мэдэхүйн АХА тэмцээнд оролцож, гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, усанд осолдох үеийн анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлагад суралцлаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Ч.Урангоо, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын сургалт судалгаа мэдээллийн төвийн захирал М.Чанцалсүрэн нар оролцож, үер, усны аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгээ дээшлүүлж, аюулгүй байдлаа хангахыг олон нийтэд уриалсан юм.

"Усыг бүү бас" аян нь гурван сарын турш үргэлжлэх бөгөөд эрсдэлийг үл тоомсорлох бус урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах мэдлэг, соёлд суралцаж, аюулгүй амьдралын төлөө хамтдаа манлайлан оролцохыг нийт иргэд, олон нийтэд уриалж байна.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 45.446 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2623 иргэн амь насаа алдсаны 516 нь хүүхэд байна. Эдгээр амь насаа алдсан хүүхдүүдийн 45 хувь нь усны ослын улмаас эндсэн тоо баримт бүртгэгдсэн нь маш том сургамжийг өгч, хүн бүр урьдчилан сэргийлэгч байхыг сэрэмжлүүлж буй дохио юм.
Цаг үе
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулжээ
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан цусны донорууд болон донорын хөдөлгөөнийг дэмжин ажилладаг байгууллагуудыг алдаршуулах ёслолыг өчигдөр зохион байгуужээ.
Хүндэтгэлийн ёслолыг ЦССҮТ-ийн захирал Б.Нарантуяа нээж үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Л.Соронзонболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Монголын донорын холбоо ТББ-ын ерөнхийлөгч М.Сосорбарам, БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Ёслолын үеэр донор хамт олон, хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч болон сурталчлагч байгууллага зэрэг таван номинациар шилдэг хамтран ажиллагч байгууллагуудыг шалгаруулж талархал илэрхийлэн шагнал гардууллаа. Мөн цусны донорын хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Топ донор” нэг, Алтан, Мөнгөн, Хүрэл болон Хүндэт донорын болзол хангасан 100 орчим донорыг алдаршуулж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улс 2016 оноос 100 хувь сайн дурын, авлагагүй цусны донорын тогтолцоонд бүрэн шилжсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 210 мянга гаруй бүртгэлтэй донортой, үүнээс 46 мянга орчим нь байнгын идэвхтэй донор байна. ЦССҮТ нь 2025 онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулж, 129 мянга гаруй нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлсэн байна.
Цаг үе
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно
|
Хур тунадас
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
|
|
Салхи
Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
|
|
Агаарын температур
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
|
-
Цаг үе2024/09/11
Зам засварын ажлыг зогсоох эсэх талаар санал асуулга авч эхэллээ
-
Үзэл бодол2020/03/25
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргээс урьдчилан сэргий...
-
Цаг үе2020/01/08
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
-
Цаг үе2024/08/14
Дархан-Уул аймгаас автомашин хулгайлсан хэргийг шуурхай илрүүллээ
