Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч хамтран ажиллах зөвлөхүүдээ томиллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль эрх зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, Шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нарыг томиллоо.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн намтартай танилцана уу.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль эрх зүйн бодлогын зөвлөх Алтангэрэлийн Бямбажаргал:

Алтангэрэлийн Бямбажаргал нь 1991-2001 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль, 2002-2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2007-2009 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Хууль зүйн ухааны доктор.

  • 2007-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, Гадаад харилцааны мэргэжилтэн,
  • 2007-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дадлагажигч багш, ахлах багш, Дэд профессор,
  • 2017-2021 онд Хууль зүйн сургуулийн дэд захирал, эрдэмтэн, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.

Түүний зохиол, бүтээлүүд:

1.Нэг сэдэвт зохиол, сурах бичиг

  • A Study on the Problems and Improvement of Constitutional Review in Mongolia, Dissertation of Doctor of Juridical science, 2015, Kookmin University, College of Law.
  1. Хамтын бүтээл
  • Үндсэн хуулийн эрх зүйн гарын авлага. УБ., 2011 он;
  • Монголын Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа шинжилгээний тойм. УБ., 2017 он, 40хх.
  1. Эрдэм шинжилгээний өгүүлэл
  • Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх зарчим. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. УБ., 2005 он;
  • Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчим. Энтимема чөлөөт хуудас. 2005. 14, хуудас 2-12;
  • Шүүхийн шийдвэрээр эрх зүйг хөгжүүлэх нь. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. 10 (18), 2007 он;
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Үндсэн хуулийг хөгжүүлэх нь. СМОХ-ын Эрдэм эрдэм шинжилгээний цуврал. Сөүл., 2012 он;
  • Монгол Улсын татварын эрх зүй сорилт, шийдэл. БНСУ-ын Татварын эрх зүйн асиоцаци. 2015 № 124. Сөүл хот;
  • Үндсэн хуулийн шүүхээр үндсэн эрхийг хамгаалах арга зам. Эрх зүй/ NUM Law review, Цуврал №33, 2016 он;
  • Эрх зүйн хэм хэмжээ үндсэн хууль зөрчсөнийг хянах хяналт ба Үндсэн хуулийн цэц. Хууль дээдлэх ёс. 2017 №02 (62)
  • Орон нутгийн өмчийн харилцаан дах тулгамдсан асуудал. Эрх зүй/ NUM Law review, Цуврал №39, 2017 он;
  • Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал: Шүүгчийн хариуцлага. Хууль дээдлэх ёс. 2017 №02 (62)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Батсуурийн Даваадалай:

Батсуурийн Даваадалай нь 2007 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засгийн мэргэжлээр төгсөж, АНУ-ын Нью Йорк хотын Колумбын их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг, 2021 онд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуульд докторантын зэрэг тус тус хамгаалсан.

  • 2007-2014 онд Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч,
  • 2013-2014 онд Дэлхийн банкны төв оффисын Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөх,
  • 2015-2021 онд Дэлхийн банкинд эдийн засагч,
  • 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.
  • 2009 онд ХБНГУ-ын төв банкны “Улирлын зохицуулалт хийх арга зүй” сэдэвт сургалт,
  • 2010 онд Швейцарын Холбооны Улсын төв банкны сургалтын төвд “Инфляцийн таамаглал болон мөнгөний бодлого” сэдэвт сургалт,
  • 2011 онд Олон улсын валютын сангийн Санхүүгийн програмчлалын сургалт,
  • 2012 онд Олон улсын валютын сангийн Макро эдийн засгийн төсөөллийн сургалтад тус тус хамрагдсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Эрдэнэцогтын Одбаяр:

Эрдэнэцогтын Одбаяр нь 1988-1992 онд Хосе Мартын нэрэмжит 52 дугаар дунд сургууль, 1992-1993 онд ХБНГУ-ын Дрезден хотын 37 дугаар бага сургууль, 1993-1995 онд ХБНГУ-ын Дрезден хотын 36 дугаар дунд сургууль, 1995-1998 онд ХБНГУ-ын Дрезден хотын Бертольт Брехтийн нэрэмжит гимнази, 1998-1999 онд ХБНГУ-ын Лайпциг хотын Штуудийн коллежийг төгсөж, 1999-2006 онд ХБНГУ-ын Дрезден хотын Техникийн их сургуулийг Америк судлал, философи, нийгэм, эдийн засгийн түүх чиглэлээр Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Итгэмжит дипломат цолтой. Англи, франц, герман, орос хэлтэй.

  • 2006-2007 онд Гадаад харилцааны яамны Европын газарт мэргэжилтэн,
  • 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Атташе,
  • 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Монгол-Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны Нарийн бичгийн дарга,
  • 2009-2011 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны 3 дугаар Нарийн бичгийн дарга,
  • 2011-2012 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
  • 2012 онд Гадаад харилцааны яамны Америк-Африкын газарт 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
  • 2012-2018 онд  Гадаад харилцааны яамны Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Захирлын үүрэг гүйцэтгэгч,
  • 2016-2018 онд Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
  • 2018-2021 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Чоймаагийн Лодойравсал:


Чоймаагийн Лодойравсал нь 1993-1995 онд Монгол Улсын их сургуулийн Төрөлжүүлсэн тусгай сургалттай сургууль, 1995-1999 онд Монгол Улсын их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр төгсөж, 1999-2001 онд Монгол Улсын их сургуульд Физикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Техникийн ухааны докторын зэрэгтэй, Монгол Улсын их сургуулийн дэд профессор.

  • 1998-1999 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Дохиолол, автоматжуулалтын хэлтэст инженер,
  • 1999-2000 онд “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн Эрчим хүчний хэлтэст инженер,
  • 2000-2001 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Автоматжуулалтын хэлтэст ахлах инженер,
  • 2001-2002 онд МУИС-ийн Физик электроникийн сургуулийн Электроникийн тэнхимд дадлагажигч багш,
  • 2002-2006 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн сургуульд багш,
  • 2006-2008 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн Эрхлэгч,
  • 2008-2014 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн захирал,
  • 2014-2019 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор,
  • 2019-2021 онд МУИС-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашны бодлогын зөвлөх Дуламын Бум-Очир:

Дуламын Бум-Очир нь 1993-1996 онд Монгол хэл, бичгийн дээд сургуулийг Монгол-англи хэлний багш мэргэжлээр, 1996-1997 онд Монгол Улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн герман хэлний курс төгссөн.

1996-1998 онд ХБНГУ-ын Боннын их сургууль болон Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуульд Хэлбичгийн ухааны магистрын зэрэг, 1998-2000 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд Хэлбичгийн ухааны докторын зэрэг, 2000-2001 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Нийгэм-соёлын антропологийн магистрын зэрэг, 2002-2006 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Антропологийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

  • 1996-1998 онд Монгол хэл, бичгийн дээд сургуульд Англи хэл, монгол аман зохиол, монгол эртний уран зохиолын багш,
  • 1998-2001 онд МУИС-д Ардын билиг зүй, эртний уран зохиолын багш,
  • 2001-2002 онд МУИС-ийн Антропологи болон археологийн тэнхимийн дэд профессор,
  • 2006-2008 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор,
  • 2008-2009 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Орлогч эрхлэгч,
  • 2006-2012 онд Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн эрдмийн тэтгэлгийн судлаач,
  • 2010-2015 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Эрхлэгч,
  • 2014-2015 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төвийн зочин судлаач,
  • 2015-2019 онд ИБУИНВУ-ын Лондон коллеж их сургуулийн Антропологийн тэнхимийн “Шинэ эдийн засагт үүсэж буй сэдвүүд” төслийн судлаач,
  • 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайдын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох