Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагуудыг томиллоо
Газрын дарга нарын намтартай танилцана уу.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын дарга С.Янжинсүрэн:
Содномдоржийн Янжинсүрэн нь 1980-1990 онд Нийслэлийн 51 дүгээр дунд сургууль, 1990-1995 онд Монгол Улсын их сургуулийг төгсөж, 1998 онд философийн магистр, 2002 онд философийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. 1995-1996 онд Тайваньд, 1999-2000 онд ИБУИНВУ-д мэргэжил дээшлүүлэн суралцсан. Филиппин, Япон улсад менежментийн чиглэлээр сургалтуудад хамрагдсан.
- 1998-оноос Монгол Улсын их сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, профессор,
- 2007-2008 онд Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх,
- 2008-2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөх,
- 2016-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдын зөвлөх,
- 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар тус тус ажиллаж байсан.
Бүтээлийн жагсаалт:
- Ном, бүтээл – 11,
- Эрдэм шинжилгээний өгүүлэл – 59,
- Эрдэм шинжилгээний илтгэл – 21,
- Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл – 17,
- Эрхэлсэн, эмхэтгэсэн, хянан тохиолдуулсан бүтээл – 13,
- Орчуулгын бүтээл – 2.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Г.Амартүвшин:
Гомбосүрэнгийн Амартүвшин нь 1998 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, 2004 онд Монгол Улсын Их Сургуулийн Гадаад хэл соёлын сургуулийг төгсөж, 2012 онд Австралийн Дикений их сургуульд Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан.
Нидерландын Хаант Улсын Олон улсын харилцааны Клингендалийн институт, Швейцарын Холбооны Улсын Европ судлалын үндэсний судалгааны хүрээлэнд олон улсын харилцааны чиглэлээр, Европын Холбоо, АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт хамтарсан “Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа ба зуучлал” зэрэг сэдвээр тус тус 10 гаруй мэргэшил дээшлүүлэх судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан судлаач. Аюулгүй байдал, олон улсын эрх зүй, хүний эрх болон мөргөлдөөн зохицуулалт сэдвээр мэргэшсэн.
- 2004-2005 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтэн, Атташе,
- 2005-2006 онд Гадаад хэргийн яамны Европын газарт Атташе,
- 2006-2007 онд Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газарт Атташе,
- 2007-2008 онд Гадаад хэргийн яамны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газарт Атташе,
- 2008-2010 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны 3 дугаар нарийн бичгийн дарга,
- 2010 онд Гадаад харилцааны яамны Стратегийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт 2 дугаар нарийн бичгийн дарга,
- 2012 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газарт 2 дугаар нарийн бичгийн дарга,
- 2012-2014 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын Дэд захирал,
- 2014-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын Захирал,
- 2017 оноос Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
- 2017-2018 онд Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн захирал, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
- 2018-2020 онд Гадаад харилцааны сайдын зөвлөх, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар тус тус ажиллаж байсан.
Бүтээлийн жагсаалт:
- “Олон улсын харилцааны үндэс ба даяаршил” МУИС-ийн сурах бичгийн редакцын зөвлөлд орж ажилласан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга О.Машбат:
Очирсүхийн Машбат нь 1988-1998 онд Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургууль, 1998-2002 онд “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2002-2005 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгсөж, 2005-2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Япон, Солонгос, Египет зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн.
- 2002-2005 онд Улсын Их Хурлын Тамгын газарт туслах ажилтан
- 2007-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн
- 2009-2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хууль зүйн хэлтсийн дарга
- 2014-2015 онд Монголын Хуульчдын холбоонд Ажлын албаны дарга
- 2015-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор
- 2017-2019 онд Нийслэлийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, ахлах прокурор
- 2019-2020 онд Улсын Ерөнхий прокурорын газарт Тамгын газрын дарга, ахлах прокурор
- 2020-2021 онд Монгол Улсын Шадар сайдын хуулийн асуудал хариуцсан зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажиллаж байсан. 2013 оноос одоог хүртэл Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч.
Улстөр нийгэм
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
Улстөр нийгэм
Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.


Улстөр нийгэм
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






