Улстөр нийгэм
Ө.Гантөр: Төрийн банкаар үйлчлүүлдэг 2.3 сая харилцагчийн 99 хувь нь иргэд байдаг
Сүүлийн үед банкны салбар, тэр дундаа Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, Ажлын байрыг дэмжих зээлийг тойрсон эерэг, сөрөг мэдээллүүд олон нийтийн анхаарлын төвд байгаа, энэ талаар Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөрөөс дараах асуулт тайлбарыг авлаа.
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар ярилцлагаа эхэлье. Тус төлөвлөгөөний гүйцэтгэл Төрийн банкны хувьд ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Төрийн Банк нь Монгол орон даяар 500 салбар нэгж, 347 АТМ болон 4,066 картаар үйлчлэх цэг, 4000 мэргэшсэн боловсон хүчнээрээ дамжуулан санхүүгийн цогц, хүртээмжтэй үйлчилгээг орон даяар саадгүй хүргэн ажиллаж байна.
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд “Ажлын байрыг дэмжих зээл” -ийн хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн онлайнаар болон нэгжүүдээр хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 10-наас долдугаар сарын 8-ныг дуустал хугацаанд 7,655 зээлдэгчид 351.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Мөн Орон сууцны ипотекийн зээлийг 688 зээлдэгчид 53.9 тэрбум төгрөгийн зээл, “Хөдөө аж ахуйг дэмжих зээл” буюу Ноолуур бэлтгэлийн 3.2 тэрбум төгрөгийн зээл, Хаврын тариалалтын 1.7 тэрбум төгрөгийн зээл, Малчдыг дэмжих зээлийг 8,109 малчинд 83.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоод байна.
Төрийн банкнаас Засгийн газрын хөтөлбөрийн зээлээс гадна өөр ямар бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа санал болгож байна вэ?
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн 4.2-т “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна” гэж заасны дагуу системийн нөлөө бүхий банкууд хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах ёстой. Энэ ажлаа эхлүүлсэн үү?
-Төрийн банк нь иргэдийн зах зээлд төвлөрөн ажилладаг тул иргэдэд зориулсан харилцах хадгаламж, зээл, карт, цахим бүтээгдэхүүн, даатгалын зуучлал гэх мэт нийт 124 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа санал болгодог. Харин аж ахуй нэгж байгууллагад зориулсан 65 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй.
2021 онд бид Залууст зориулсан Z карт, Тээврийн бизнесийн зээл, Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл, Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц худалдан авах болон бариулах зээл зэрэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд шинээр нэвтрүүлсэн. Мөн ДАН систем ашиглан Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлэх, мэдээлэл шинэчлэх хөгжүүлэлт хийж, Зайнаас данс нээх үйлчилгээ, Corporate gateway, Киоск машин зэрэг үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд ХНХЯ-тай хамтран Хүнс тэжээлийн карт эзэмшигч дурын дэлгүүр /НӨАТ өгдөг/-ээр үйлчлүүлэх боломжтой болгосон.
Түүнчлэн, “Ковид-19” цар тахлаас шалтгаалан санхүүгийн хүндрэлд орсон харилцагчдаа дэмжих үе шаттай бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2020 онд 11 нэр төрлийн зээлийн жилийн хүүг бууруулсан бол энэ онд 13 нэр төрлийн зээлийн жилийн хүүг 1.2-4.8 хувиар бууруулсан.
Өнөөгийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 192 компанийн эздийн өмчийн дүн буюу хувьцааны дүн 3.9 их наяд орчим. Харин банкуудын өөрийн хөрөнгө 3.7 их наяд, үүнээс ТОП таван банк 3.6 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна.
Тус хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээл дээр олон нийтэд хувьцаагаа санал болгох үүрэгтэй. Иймд Төрийн банкийг нээлттэй хувьцаат компани болгож, олон нийтэд хувьцаа гаргах ажлын хэсэг байгуулагдаж, үнэт цаасаа нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, хэрэгжүүлэх хугацаа, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг хуулийн дагуу Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээд байгаа юм.
Төрийн банкны хувьд нийт 4 их наяд төгрөгийн актив, 2.2 их наяд төгрөгийн зээл, 377.2 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө бүхий системийн хэмжээний таван банкны нэг. Нийт Монгол Улсын хэмжээнд 500 гаруй салбар нэгжтэй, 2.3 сая орчим харилцагчтай бөгөөд нийт харилцагчдын 99 хувь нь иргэд байдаг тул нийт зээлийн 70 орчим хувийг иргэдийн зээл эзэлдэг юм. Мөн хүүхдийн мөнгөний 90, тэтгэврийн 55, халамжийн 80 хувийг Төрийн банкаар дамжуулан олгож байна. Төрийн банк нь олон нийтэд хувьцаа гаргаснаар иргэд, хуулийн этгээдүүд банкны тодорхой хувийн хувьцааг хуульд заасан шаардлагын дагуу эзэмших боломжтой болно. Ингэснээр Төрийн банканд тавих иргэд олон нийтийн хяналт сайжрах, хөрөнгийн зах зээл хөгжих боломж бүрдэх юм.
Таны хувьд Төрийн банкны дэд захирал, газрын захирал, тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Залуу хүний хувьд бодсон санасан ажлуудаа хийж чадаж байна уу? Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Төрийн банк нь дунд хугацаанд Санхүүгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх, Цахим шилжилт хийх, Харилцагчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, Хүний нөөцийн чадавхийг сайжруулах, Зах зээлээ тэлэх, Нийгмийн хариуцлага нэмэгдүүлэх, бэлэн байдлыг хангах гэсэн 6 чиглэлд төвлөрөн ажиллаж байна.
Цаашид “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана.
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Цаг үе2023/04/13
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Цаг үе2023/06/26
Олон улсын нислэгээр зорчиж буй иргэдийн анхааралд
-
Шударга мэдээ2023/10/12
ЗГ: Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чанга...
-
Цаг үе2024/07/24
Их, дээд сургуульд элсэх босго оноог үе шаттай нэмэгдүүлэхийг үүрэг болгов
