Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Концессоор хэрэгжиж байгаад ажил нь зогссон боловсролын салбарын төсөл, арга хэмжээнүүдтэй танилцав

Огноо:

,

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг өнөөдөр /2021.08.05/ Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээтэй танилцлаа. 

Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотын алслагдсан гэр хорооллын бүсэд буюу сургууль, цэцэрлэггүй хороодод тус бүр нь 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөгдөн 16 байршилд ажил нь эхэлсэн ч концессийн жагсаалт 2019 онд Засгийн газрын тогтоолоор хүчингүй болсноор эдгээр төсөл, арга хэмжээ зогссон байна. Төлөөлөл болгож Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 8 дугаар хороодод хэрэгжиж буй төсөл, арга хэмжээтэй УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Анужин болон ажлын дэд хэсгийн гишүүд танилцав. 

Энэ үеэр дэд ажлын хэсгийн гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан эдгээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан толгой компанийн гэрээ цуцлагдсанаар туслан гүйцэтгэгч компаниуд ажлаа хэрхэн үргэлжлүүлэх нь тодорхойгүй болсон. Концессийн жагсаалтыг хүчингүй болгохдоо цаашид санхүүжилтийг  орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр Засгийн газрын газраас чиглэл гарсан ч тэгж шийдвэрлэх бололцоогүй гэдэг асуудлыг Нийслэлийн Засаг дарга  Боловсрол, шинжлэх ухааны яаманд тавьж байгаа. 

Эдгээр 16 төсөл, арга хэмжээнээс ганцхан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болсон, улс худалдаж авах асуудал хүлээгдэж байна. Үүнээс бусад 15 байршлын төсөл арга хэмжээний ажил тодорхой хэмжээгээр эхэлсэн, 5-20 хувийн гүйцэтгэлтэй. Бүгдийнх нь газрын гэрчилгээ нь Нийслэлийн боловсролын газрын нэр дээр гарсан. Төсөв нь шийдэгдвэл гүйцэтгэгч компаниуд нь гүйцээж барьж, дуусгах боломжтой. Үргэлжлүүлж барихад төсөвт өртөг нь ковидоос шалтгаалсан барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор нэмэгдэх гол хүндрэл үүснэ. Одоогоор нэг төслийн хөрөнгө оруулалтад 4.5-4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай тооцоо гарч байна хэмээн мэдээлэл өглөө. 

    Төсөл, арга хэмжээтэй танилцсаны дараа УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг эдгээр төсөл хүн амын нягтрал өндөртэй, сургууль, цэцэрлэггүй хороодод буюу үнэхээр чухал шаардлагатай газраа хэрэгжиж байна гэдэг маш чухал. Хөрөнгө оруулалтыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Цаашид бараа материалын үнэ өссөөр байвал төсөвт өртөг нь бүр л нэмэгдэнэ. Энэ ажлууд зогссоноор иргэд, хүүхдүүд хохирч байгаа. Тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөө гаргаад ажил эхэлсэн гүйцэтгэгч компаниуд ч хохирогч болж байна. Цаашид эдгээр төслийг яаж явуулж, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх талаар ажлын хэсэг Байнгын хороодын хамтарсан тогтоолын төсөлд санал, дүгнэлтээ оруулна хэмээв. 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Анужин сургууль, цэцэрлэгийн барилгыг анхнаас нь концессоор явуулах нь зөв байсан уу гэдгийг эргэж харах шаардлагатай юм байна. Ер нь ингээд сэглээд  хаячихсаны хариуцлагыг хэн үүрэх вэ. Цаашид энэ төслийг хэн хариуцаж, яаж  явуулах вэ гэдгийг иргэд харж, хүлээж байгаагаа хэлж байна. Одоо шинэ бүтээн байгуулалт хийгээд явахдаа гол нь биш, эдгээр эхлүүлсэн ажлаа санал нэгтэйгээр бүрэн гүйцэд дуусгах нь нэн тэргүүний зорилт. Улсын төсвөөр ажил нь үргэлжлэх нь тодорхой байх. Эрх ашгаар нь эрэмбэлэх юм бол нэн яаралтай  дуусгах шаардлагатай энэ бүтээн байгуулалтуудын хөрөнгө оруулалтыг болж өгвөл ирэх оны төсөвт суулгахаас өөр гарцгүй юм гэж харагдаж байна гэв.    

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт баригдаж буй бага сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч болох “Жи Эн Зэт Эф Икс” ХХК-ийн захирал Ж.Даваа-Ундрах энэ төсөлд бүх хөрөнгөө оруулж, суурь тавихаас эхлээд өдий хүргэчихээд буй талаараа ярьж байлаа. 

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан хамтарсан ажлын хэсэг өчигдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ажилласан тухай ЭНДЭЭС уншина уу гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох