Цаг үе
Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ
“Ийгл” телевизийн “Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга Б.Батболд нар оролцсон. Тэд Улаанбаатар хотын замын түгжрэл, түүнийг бий болгож буй хүчин зүйл, тулгамдаж байгаа асуудал, шийдэх гарц, гаргалгааны талаар ярилцсан юм. Тэдний байр суурийг сийрүүлэн хүргэе.
Б.ОДСҮРЭН: Улаанбаатар хотын түгжрэлийн хамгийн том шалтгаан бол хэт төвлөрөл
-Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийн шалтгааны талаар судалгаа хийжээ. Энэхүү судалгааныхаа дүнгээс танилцуулна уу?
Б.Одсүрэн: -Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн судалгаа хийж, түгжрэлийг тал талаас харахыг хичээж байна. Улаанбаатар хотын түгжрэлийн хамгийн том шалтгаан бол хэт төвлөрөл. Их тойрууд төр захиргааны байгууллагууд, худалдааны төвүүд, оффисууд, дээрээс нь үзвэр, үйлчилгээний төвүүд гэхчлэн ажлын байрны ихэнх нь байрлаж байна. Ажлын байр руугаа хотын захаас ирдэг урсгал, хотын төв дотроо зорчдог хөдөлгөөн ч их. Хоёр дахь томоохон шалтгаан бол хичээл, сургууль эхлэх хугацаа юм. Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хамран тойрох хүрээ, сайн сургууль, цэцэрлэгийн эрэл гэхчлэн сургууль, цэцэрлэгтэй холбоотой асуудал их байна. Нийтдээ 110 мянган хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь зөөдөг гэсэн судалгаа гарсан. Хамран сургах тойрог буюу гэрийнх нь ойр орчимд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйн зэрэгцээ дээр хэлсэнчлэн сайн сургалттайг нь сонгох гэсэн эцэг эхчүүдийн сонирхлоос үүдэлтэйгээр ачаалал үүсэж байна. Үүнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газраас олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Түгжрэлийн удаах нэгэн том шалтгаан бол хэт машинжилт. Авто замын шинэчлэлт, өргөжүүлэлт нь автомашиныхаа өсөж буй хурдыг гүйцэхгүй байна. Бусад улс оронд машины өсөн нэмэгдэж буй хэрэгцээнээс зам барьж байгуулах хурд өндөр байдаг. Мөн замтай холбоотой норм, дүрэм, стандартыг эргэж харах шаардлагатай. Уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай нь судалгаанаас харагдаж байгаа. Улаанбаатар хотын замын түгжрэлээс болж 900 сая гаруй ам.долларын шууд болон шууд бус хохирол амсаж буй гэсэн тооцоо гарсан. Шууд өртгөөр 100 сая орчим ам.доллар нь шатахуун болон түгжрэлд шатдаг байх жишээтэй. Шууд бус хохирол 800 сая шахам ам.доллар бөгөөд энэ бүхэн ДНБ-ий найман хувьтай тэнцэж байгаа. Энэ байдлаар үргэлжилбэл ойрын үед ДНБ-ий 18 хувь руу дөхнө. Автомашины дундаж хурд найман км цаг байна. Цаашид явган хүний хурдтай адил болно гэсэн динамик гарч байгаа.
-Олон улсын хэмжээнд найман км/ц-ийн хурдыг тэг зогсолт гэж үздэг гэсэн үү?
-Олон улсын хэмжээнд оргил ачаалалтай үед 20 км/ц руу ороход түгжрэлтэй байна гэж тооцож байгаа. Манайх найман км/ц. Тиймээс Улаанбаатар түгжрэлтэй хотыг тэргүүлж байгаа гэж хэлж болно.
Ч.БАТЗОРИГ: Нэн тэргүүнд 443 км зам шаардлагатай
-Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга түгжрэлийг бууруулах таван цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Яагаад заавал таван цогц арга хэмжээ юм бэ?
Ч.Батзориг: -Нийслэлийн Засаг дарга удирдлагын багийнхантайгаа ажиллаад арван сар болж байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг тодорхойлж, ирэх жилүүдэд хийх ажлуудаа томьёолсон. Энэхүү томьёололд авто замын түгжрэл, төвлөрлийг сааруулах, нийтийн тээврийн чанар, стандарт, хүрэлцээг сайжруулах хэрэгтэй гэсэн судалгаа гарсан юм. Судалгааг Засгийн газарт танилцуулсан. Засгийн газраас энэхүү асуудалд онцгой анхаарч, УИХ дээр хүртэл Түр хороо байгуулсан. Энэ бүхэн дээр үндэслээд таван үндсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлэх юм. Юун түрүүн Улаанбаатар хотын төвлөрлийг багасгах үүднээс 26 дэд төв байгуулна. Үүнээс зургааг нь байгуулаад явж байна. Хоёрдугаарт, авто замд өргөтгөл, шинэчлэл хийнэ. Саяхан баталсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасанчлан хот дүрэм, стандартаа өөрөө зохион, дагаж мөрдүүлэх эрх зүйн чадамжтай болсон. Энэ дагуу замаа өргөтгөнө. Улаанбаатар хот одоогийн байдлаар 1156 км замтай. 1.6 сая хүн ам цаашдаа хурдацтай өсөх юм бол бидэнд шаардлагатай зам 3000 км боловч нэн тэргүүнд 443 км зам шаардлагатай. Үүнээс замын түгжрэлийг сааруулахад туслах 223 км зам, зургаан нүхэн гарц, долоон гүүр, гүүрэн байгууламж, 73 км гол ба туслах зам, 71 км тойрог, холбоос буюу хороолол доторх зам 73 км-ыг барьж байгуулах юм. Ингэхдээ гурван үндсэн эх сурвалжаас санхүүжүүлнэ. Мөн 500 гаруй камер, 400 гаруй гэрлэн дохиог шинэчилнэ. Гурав дахь цогц асуудал бол нийтийн тээвэр. 2009 оноос хойш нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгээгүй. Тэр үед авсан 400 автобусны хугацаа 12 жил болж байх жишээтэй. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа автобус компаниудад тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй байна. Нийтэд үйлчилж буй автобуснуудын 28 чиглэл ямар нэг байдлаар давхацдаг гэсэн судалгаа бий. Энэ мэтийг цогцоор нь шинэчилнэ. Мөн өргөн хүрээний шинэчлэл бол хууль эрх зүйн хүрээний шинэчлэл. Улаанбаатар хот нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актуудтай болно. Зарим нэг зогсоол, замуудыг эрэмбэтэй, төлбөртэй болгох гэхчлэн төлөвлөсөн зүйл олон байна. Энэ бүгдийг ирэх гурван жилд хэрэгжүүлнэ.
Ё.ЖАРГАЛСАЙХАН: Бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 56 хувь нь Улаанбаатар хотод зорчиж байна
-Импортоор орж ирж буй автомашинуудын тоо болоод авто замын шинэчлэлийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
Ё.Жаргалсайхан: -Улаанбаатар хотын хэт төвлөрөл, замын түгжрэлийн эхлэл 2000 оноос эхтэй. Түүнээс өмнө хүн ам болоод машины тоо харьцангуй цөөн байсан. Өдгөө жил тутамд 60-80 мянган автомашин, зарим жил 100 мянган автомашин импортоор орж ирж байгаа. Ковидтой холбоотойгоор эдийн засгийн эрчим сулрах болов уу гэсэн харин ч бүр эрчимжээд байна. Тяньжин боомтод хүлээгдээд буй нийт чингэлгийн 62 хувь нь зөвхөн хуучин автомашинууд байх жишээтэй. Тэгэхээр машины хэрэгцээ огт буурахгүй байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 1.18 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 56 хувь нь Улаанбаатар хотод зорчиж байна. Үүнээс 741 мянга нь суудлын, 208 мянга нь ачааны машин, 33 мянга нь автобус, 15 мянга нь тусгай зориулалтын, 34 мянга нь зүтгүүр гэсэн тоо гарсан. Сүүлийн жилүүдэд тулгамдаж буй бас нэгэн ээдрээтэй асуудал бол хуучин автомашин. Ашиглалтаас гарч хуучирсан автомашинуудыг бүртгэлээс хасахгүй айлын хашаанд хаячихдаг хүндрэл бий. 1.18 сая автомашины 600 мянга гаруй нь байнга оношилгоонд орж байгаа. Үлдсэн 500 мянга гаруй нь ашиглагдахгүй, ашиглагдлаа гэхэд оношилгоонд орохгүй хөдөлгөөнд оролцож байна. Үүнийг хяналтад оруулах шаардлагатай. Оношилгоонд ороогүй машинуудын татвар хураагдсаар машины үнээсээ давсан байх нь бий. Тиймээс Сангийн яам, татварын байгууллага үүнд анхаарч, цэгцлэх хэрэгтэй байна.
Б.Одсүрэн: -Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын авто зам ердөө 18 хувиар нэмэгдсэн байдаг. Гэтэл автомашины тоо 2.8 дахин өссөн. Өрхөөр тооцвол нэг өрхөд 1.5 машин ногдож байна. Гэтэл Улаанбаатар хотын замын сүлжээнд дорвитой шинэчлэл хийгдээгүй. Яармаг, Налайхын зам гэх мэт хуучирсан, эвдэрсэн замаа шинэчилж, засах ажлыг бол хийсэн. Ялангуяа хөдөлгөөний ачаалал ихтэй “артерийн замууд”-д нэмэгдээгүй. Хойшид шинээр зам тавихдаа үр өгөөжийг нь тооцож, шинжлэх ухааны үндэстэй хандах хэрэгтэй байна. Энхтайваны өргөн чөлөө, Долоон буудлаас Яармаг хүрэх босоо тэнхлэг хамгийн их ачаалалтай байгаа. Тиймээс юун түрүүн замын хэвтээ тэнхлэгийг дөрвөн чиглэлээр өргөжүүлэхээр ярьж байна. Ингэснээр нийтийн тээврийн хурдтай, тасралтгүй үйлчлэх боломж нээгдэнэ.
-Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдын тоо буурсан гэсэн судалгаа гарчээ. Энэ нь суурьшлын бүс тэлж байгаатай холбоотой юу. Иргэд яагаад нийтийн тээврийг сонгохгүй байна вэ?
-Юун түрүүн нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартын асуудал яригдах байх. Жолооч нарын огцом тоормослодог, зорчигчдоо зогсоол дээр буулгадаггүй байдлаас эхлээд нэг бүрчлэн яривал их зүйл бий. Олон чиглэл давхацдаг, нэг буудал дээр зэрэгцэн зогсдог зэргийг ч мөн бодолцох ёстой. Сүүлийн таван жилийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо буурч байгаа. Стандартын дагуу 12 жилээс дээш насжилттай автобуснууд үйлчилгээнээс хасагдах учиртай. Энэ мэт асуудал их бий.
Б.БАТБОЛД: Иргэдийн хурдан, шуурхай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх гэж 400 орчим алба хаагч ажилладаг
-Зам дээр цагдаа зогсохоор зам илүү түгжирдэг гэсэн ойлголт нийтийн дунд бий. Цагдаа нар зохицуулалтыг хэрхэн хийдэг вэ?
Б.Батболд: -Өнөөдөр Улаанбаатар хотын 1000 гаруй км авто замд 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Энэ нь өндөр ачаалал үүсгэх нь тодорхой. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гэрлэн дохионы удирдлага болон цагдаагийн биет зохицуулга гэсэн хоёр хэлбэрээр зохицуулж байна. Зохицуулалт хяналтыг замын цагдаагийн байгууллага хийсээр ирсэн. 20 хувь нь гэрлэн дохионы, үлдсэн 80 хувь нь цагдаагийн зохицуулалт байдаг. Үндсэндээ 80 байршилд цагдаа ажиллуулж байгаа. Ачаалал үүссэн газарт цагдаа ажиллаж байхад ачаалалгүй замаас ирсэн жолооч энэ ачааллыг цагдаа үүсгээд байна гэж хардаг. Харин ачаалал дунд байгаа жолооч, зорчигч бол ойлгодог. Тэгэхээр цагдаагийн ажилтан замыг түгжрүүлнэ гэж ажил хийхгүй нь ойлгомжтой. Иргэдийн хурдан, шуурхай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх гэж 400 орчим алба хаагч ажилладаг. Тэд зөвхөн замын түгжрэл буруулахаас гадна хориотой эд зүйл тээвэрлэж буй эсэх, хууль дүрэм зөрчсөн эсэх зэрэг 30 орчим төрлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг давхар хянадаг. Бид цаашид хяналтын системийг цахимжуулна. Алба хаагчдыг тос шороотой гудамж, замд хүнд хөдөлмөр эрхлүүлэх нь эрсдэлтэй байна. Бусад орны хувьд ч хяналт шалгалт нь цахимжсан байна. Монголын цагдаа л зам дээр ажиллаж байна. Энэ бүхэнд шаардагдах хөрөнгө мөнгөний асуудал шийдэхэд хотын удирдлагууд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Үүнд бид бүгд баяртай байна. Түүнчлэн иргэдийг хувийн машинаар бус, нийтийн тээврээр зорчдог болгоход анхаарах учиртай. Өнөөгийн Улаанбаатарт автомашины тоо байнга нэмэгдэж байгаа нь олон шалтгаантай. Гадаадаас ирж буй иргэд бараг цөмөөрөө машин авч унаж байна. Мөн ид ачааллын үе буюу найм, есдүгээр сард орон нутгийн иргэд хотод ирж, оюутан, сурагчдаа товхинуулах үүднээс ачаалал үүсгэж байна. Яг өдийд 100 мянга орчим машин хөдөөнөөс хотод ирж зорчдог гэсэн тооцоо бий. Энэ хэмжээгээр замын цагдаагийн ачаалал нэмэгддэг.
-Хичээлийн шинэ жил, томоохон баяр ёслолоор авто замд тэг зогсолт бий болдог. Энэ жилийн ид ачаалал эхлэх гэж байна. Яг одоо ямар арга хэмжээ авах вэ?
Б.Одсүрэн: -Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль 5:9 гэсэн шинэ системээр хичээллэхээр болсон. Өөрөөр хэлбэл, таван өдөр танхимаар, есөн өдөр гэрээр хичээллэнэ. Нөгөөтээгүүр, БШУЯ-наас зарим сургуулийн хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэхээр судалж байгаа. Судалгаанаас харахад, Улаанбаатар хотын бүх сургууль, албан газар, худалдааны төвүүд, бизнесийн байгууллагууд нэг цагт нээж, хааж байгаа нь оргил цагийг үүсгэж байгаа. Өглөө 07:00-10:00 цаг, орой 17:00-20:00 цагт ачаалалт хэт өсөж, тэг зогсолт үүсдэг. Тиймээс уян цагийн зохицуулалт хийнэ. Ер нь цаашид төрийн албан хаагчдыг долоо хоногтоо нэг өдөр онлайн байдлаар ажиллах зохицуулалтыг хийхийг Ерөнхий сайд санал болгосон. Худалдааны төвүүдэд даваа, баасан гаригт ачаалалтай байдаг. Зорчигчдын 50 хувь нь машинаа өглөө унаж очоод, өдөржин зогсоолд тавиад өнждөг. Тиймээс тэднийг нийтийн тээврээр зорчдог болгох урамшууллын хөшүүргийг хэрэглэх юм.
Манай хот явган зорчигч, дугуйгаар зорчигчид, өндөр настнууд, хүүхэдтэй хүмүүст ээлтэй байж чадахгүй байгаа. Тиймээс эдгээр хүмүүст ээлтэй байхаар хөгжүүлэх шаардлагатай. Стандартын зогсоолуудтай болох, зогсоолуудаа төлбөржүүлэх, зарим зам, гудамжийг автомашингүй болгох гэхчлэн хийх ажил их байна.
Ч.Батзориг: -Ирэх жилүүдэд бидний хийж хэрэгжүүлэх ажлууд эргээд хүндрэл учруулж болох юм. Гэвч алсын өгөөж нь их гэдгийг урьдчилан хэлэх хэрэгтэй байх. Замуудаа эрэмбэлээд эхэлнэ, эрэмбийн дагуу төлбөрт системд шилжинэ. Юун түрүүн тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулна. Төлбөр, хураамж, торгууль, хариуцлагын механизмаас гадна урамшууллын механизмыг ч мөн хэрэгжүүлдэг болно. Энэ болгоныг схемчилж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх хүрээнд энэ онд 100, ирэх онд 300 автобус оруулж ирнэ. Мөн багтаамж ихтэй шинэ тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Дан ганц улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бус, хувийн хэвшлийнхэн маань ч нийтийн тээвэрт хөрөнгө оруулдаг байхад анхаарна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.
Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.
Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.
Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.
Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.
Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.
Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

-
Урлаг спорт2024/03/12
“Дэлхийн Монгол Аавууд” хүндэтгэлийн цэнгүүнд урьж байна
-
Шударга мэдээ2022/12/06
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны дарга Ж.Ядамсүрэнг хотын архивын 25 дахь ...
-
Цаг үе2020/11/30
Гараа сайтар угаахыг зөвлөж байна
-
Шударга мэдээ2020/10/07
Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар Завхан аймагт ажиллалаа




