Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 01-ний өдөр нийслэлийн Налайх дүүрэг дэх ерөнхий боловсролын лаборатори 119 дүгээр сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийнхан Боловсрол, шинжлэх ухааны болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж, нэг ширээнд нэг хүүхэд суулган хичээлээ эхлүүлжээ. Эцэг эх, хүүхдүүдийн 90 орчим хувь нь танхимаар хичээл орохыг дэмжсэн, мөн хичээлийн хоцрогдлыг арилгах, сургалтын чанарт ахиц гаргах гурван жилийн төлөвлөгөө гарган ажиллаж байна гэж багш танилцуулав. Түүнчлэн, “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдийн хоолны зардал 900 төгрөг байсныг 1500 төгрөг болгож нэмэгдүүлсэн нь цар тахлын хүнд энэ үед хүүхдүүдийн дархлааг дэмжихэд сайн хэрэг хэмээн багш нар ярьж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн тус дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хичээлийн шинэ жилийн цахим нээлтэд оролцож, оюутнуудын санал бодлыг сонсов. Хоёр улсын Засгийн газрын санаачилгаар 2013 онд үүсгэн байгуулагдсан хамтарсан сургууль нь Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлийн загвар сургууль болох зорилготой бөгөөд сургалтын хөтөлбөр нь онол дадлага хослуулсан, хэрэглээнд суурилснаас гадна хувь хүнийг хөгжүүлэхэд онцгой анхаардаг аж. Тус сургуульд 270 гаруй оюутан суралцдаг бөгөөд ХБНГУ-ын Их, дээд сургуулиудад оюутан солилцоогоор дадлагажих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж сургуулийн зүгээс танилцуулав. Түүнчлэн Эрдэнэт, Оюутолгой, Ачит эх зэрэг уул уурхайн томоохон компаниудтай хамтран судалгааны ажил эхлүүлээд байна гэлээ.

Боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулиудад дээд боловсролын шинэчлэл чухал байр суурь эзэлж байна. Бид салбарынхны байр суурийг сонсохын тулд шат дараалсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах, санал авах зэргээр хуулийн шинэчлэлийг хийнэ. Тиймээс сургуулийн удирдлага, багш нарын санал бодол хамгийн чухал гэж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр хэлж байв.

Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Цаг үе2026/04/14
Нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
-
Улстөр нийгэм2020/10/23
20 өрхөд гэрийн дулаалга халаалтын багцыг хэрэгжүүлэв
-
Үзэл бодол2022/03/10
Монголбанк рублиэр гадаад валютын нөөц бүрдүүлдэггүй..
-
Цаг үе2026/02/10
АТГ: Эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
