Улстөр нийгэм
Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр хариуцлагатай байвал бид хүүхдүүдийнхээ хичээл сургалтыг тасалдуулахгүй явуулах боломж бүрдэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцлаа. Тэрбээр багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлээд “Өнөөдөр цар тахлаас шалтгаалж, дэлхийн 13 улс орны 112 сая хүүхэд хичээлээ танхимаар эхлүүлж чадаагүй харамсалтай мэдээлэл байна. Энэ бол хэзээ ч үл нөхөгдөх хохирол. Танхимын сургалтын үйл ажиллагааг эхлүүлснээр хөдөлгөөний эрчмийг даган халдварын тохиолдол ихсэх магадлалтай учир иргэн бүр хариуцлагатай байж, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлэх нь чухал байна. Цаашид цар тахлын үеийн иргэдийн нийгэмд оролцох оролцоог шинэ соёл болгон төлөвшүүлж чадвал хүүхдийнхээ хичээл сургалтыг тасалдуулахгүй явуулах боломж бидэнд бүрдэнэ. Тиймээс аль аль талдаа хариуцлагатай байх хэрэгтэй” гэлээ.

Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй, анги танхим хүрэлцээтэй болсныг Ерөнхий сайд мөн дурьдаад Монгол Улсын нийт хүн амын бүрэн вакцинжуулалт 64.4 хувьд, 12-17 насны хүүхдийн дархлаажуулалт 75 хувьд хүрч, багш сурган хүмүүжүүлэгчид гурав дахь тунд хамрагдсанаар хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлэх боломж бүрдсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Нийслэлийн ерөнхий боловсролын 17 сургууль 1955 онд байгуулагдсан, өдгөө 67 дахь жилдээ 97 багш, 35 ажилтан, албан хаагчтай, I-XII ангийн 64 бүлэгт 2,240 сурагч суралцах бэлтгэлээ хангасныг тус сургуулийн захирал Б.Чимгээ Ерөнхий сайдад танилцууллаа. Энэ хичээлийн жил тус сургуулийн нэгдүгээр ангид 180 гаруй сурагч суралцана.

Боловсролын цахим шилжилтийн үр дүнд тус сургууль өнгөрсөн хичээлийн жилийн арваннэгдүгээр сараас SOLS-17 цахим системийг сургалтдаа бүрэн ашиглажээ. Энэ цахим системийг ашигласнаар багш нараа интерактив видео хичээл бэлтгэх арга зүйд сургаж, улмаар тус сургуулийн 15 багш моодле системийн сургагч багшийн болзол хангасан, нийт багш нар 2,618 цагийн ээлжит хичээл, видео контент байршуулж ажилласныг Б.Чимгээ захирал хэллээ.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай Ерөнхий сайд танилцах үеэр 12-оос дээш насны хүүхдүүд вакцины бүрэн тундаа хамрагдаж, сургуульдаа явж эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид танхимаар хичээллэдэг болохын тулд хамтаараа хичээнэ гэж байв.

2021-2022 оны хичээлийн жилд 720 орчим мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцахаас 340 гаруй мянга нь нийслэлд, 380 мянга нь орон нутагт байгаа юм. Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 81 мянган хүүхэд байна.
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
