Шударга мэдээ
Эрүүл мэндийн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлыг яаралтай хэлэлцэж, шийдвэрлэлээ
Коронавирусний халдварын хариу арга хэмжээний хүний нөөцийн хомсдолыг арилгах, хүний нөөцийг нэмэгдүүлэх талаар ЭМЯ, ЭМХТ, НЭМГ, ХХЭМБНХолбоо хамтран шуурхай хурал зохион байгууллаа.
Хурлаар Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хүний нөөцийн асуудлыг хөндөн ярилцсан юм. Тэр дундаа хүний нөөцийн дутагдалд орсон өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай хүний нөөцийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж, зарим шийдвэрийг гаргажээ.
Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын тушаалаар өрхийн эмнэлэг болон тусгай дугаарын 119 лавлах утсан дээр дайчлагдан ажиллаж байгаа резидент эмч нарын ирцийг сайжруулж, ажиллах үүрэг даалгаварыг өгөхөөр боллоо.
Мөн "Улаан загалмай" нийгэмлэгийн бэлтгэгдсэн сайн дурын ажилтнуудыг өрхөд дайчлагдахыг эрчимжүүлэн ажиллана. Цаг алдахгүй сайн дурын ажилтнуудыг дайчилж, өрхийн эмнэлгийн эмч нарын эмчилгээ, хяналтад зарцуулах цагийг нэмэхээр болжээ.
Энэ хичээлийн жилд эрчимт эмчилгээ судлал, яаралтай тусламж судлал, дотрын анагаах судлал, эмнэлзүйн эмгэг судлал чиглэлээр үндсэн мэргэжлийн сургалтыг 2021.8.15-нд төгссөн эмч нарыг ажлын байранд зуучлах ажлыг эрчимжүүлнэ. Ингэснээр зарим эмнэлэгт шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх юм.
2021 оны 10 сард эхлэх төрөлжсөн мэргэжлийн эмчийн сургалтад хамрагдагчдаас НЭМГ харьяа эмнэлгүүдэд түр хугацаагаар дүйцүүлэн дайчлах ажлыг мөн зохион байгуулах шийдэлд хүрчээ.
Хан-Уул дүүргийн ЭМТ- ийн харьяа 145 орт эмнэлэг болон МҮИС-ийн харьяа 300 орт ТАБ дээр хувийн хэвшлийн сайн дурын эмч, эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулах, цалинг үндсэн байгууллага, илүү цагийг ЭМЯ-наас олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр боллоо.

Өмнөх хугацаанд ковидын хариу арга хэмжээнд оролцсон, дайчлагдан ажилласан хувийн хэвшлийн эмнэлгийн эмч эмнэлгийн ажилчдад урамшууллыг нөхөн олгох асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг холбогдох хүмүүст үүрэг болгов.
УОК-ын ээлжит хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Анагаахын ухааны боловсрол олгох их дээд сургуулиудын оюутнуудыг ковидын хариу арга хэмжээнд ажиллуулах талаар БСШУЯ-тай зөвшилцөж ажиллуулах ажлыг зохион байгуулна.
2021 оны есдүгээр сарын 12-ны байдлаар НЭМГ харьяа өрхийн эрүүл мэндийн 156 төвд 225, тусгай дугаарын 119 утасны оператораар 21 резидент эмч дайчлагдан ажиллаж байна.
Мөн Монголын өрхийн эмч нарын холбооны бэлдсэн 200 гаруй сайн дурын идэвхтэн нийслэлийн ӨЭМТ-үүдэд хариу арга хэмжээнд дэмжин ажиллаж байна.
Шударга мэдээ
Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна
Нийслэл Улаанбаатар хот нь уулсаар хүрээлэгдсэн газарзүйн онцлогтой тул богино хугацаанд орсон ширүүн аадар борооны улмаас уулын ам, гуу жалга дагуу уруйн үер буух өндөр эрсдэлтэй байдаг. Ийм төрлийн үер нь ихэвчлэн ердөө 20-30 минутын дотор үүсэж, хүчтэй урсан өнгөрдөг бөгөөд урсгалын хүч нь хүн төдийгүй автомашин, гэр сууц, чанар муутай барилга байгууламжийг ч эвдэн сүйтгэх аюултай.
Иймд иргэд:
- Цаг агаарын урьдчилсан мэдээ, онцгой байдлын сэрэмжлүүлгийг тогтмол хянах
- Аадар бороо орох үед уулын ам, голын сайр, гуу жалга, нам дор газраар зорчихгүй байх
- Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Болзошгүй эрсдэлтэй бүсээс урьдчилан холдож, аюулгүй байршилд байрлах
- Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тусгай зориулалтын өндөр даралтын усны болон сорох төхөөрөмж бүхий машин механизмуудыг ашиглан шугам хоолойг угааж, буудуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Ингэснээр борооны усны урсцыг чөлөөтэй нэвтрүүлэх, ус тогтох эрсдэлийг бууруулах, шугам сүлжээний ашиглалтын найдвартай байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Геодези, Усны Барилга Байгууламжийн газар
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
