Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Стэнфордын их сургуульд илтгэл тавьж, “Apple Inc”-тэй хамтын ажиллагааны яриа хэлэлцээ өрнүүлэв

Огноо:

,

Америкийн Нэгдсэн Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн сангийн удирдлагуудтай уулзалт хийсний дараа өөрийн суралцсан Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд зочлов.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ардчиллыг бэхжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд” сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрбээр, Монгол Улсад шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталж, цаг үе, нийгмийн шаардлагаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болсон талаар дурдаж, мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах явцад иргэд, эрдэмтдийн оролцоог хангаж, улс төрийн зөвшилцөлд хүрч чадсаныг онцолж байв. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Парламентын ардчиллыг төлөвшүүлэх, Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын бие даасан байдлыг бэхжүүлэх гэсэн гол дөрвөн чиглэлтэй болохыг дурдав.


Улсын Их Хурлын дарга болон гишүүд Стэнфордын Их сургуулийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Сан Франциско хотын Кино комиссын гүйцэтгэх захирал хатагтай Сюзанна Грисон Роббинсонтой уулзалт хийсэн юм. 
Сан Франциско хотын Кино комисс нь хотдоо ажлын байр бий болгох, эдийн засгийн өгөөжийг хүртэх, жуулчид, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор кино салбарыг хөгжүүлэхийг эрмэлздэг юм байна. Тус комис нь Сан Франциско хотод бүрэн хэмжээний, телевизийн болон интернэтийн олон ангит кино, шоу, баримтат кино, реклам болон фото зураг авах зөвшөөрлийг олгодог аж.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар "Үзэсгэлэнт байгаль, баялаг түүхтэй Монгол Улс нь дэлхийн кино, телевизийн үйлдвэрлэлийн сонирхол татахуйц газар бөгөөд Монголын кино бүтээгчид дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөх асар их нөөц бололцоотой.
Монгол Улсын Засгийн газар бүтээлч үйлдвэрлэл, тэр дундаа кино үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Энэ хүрээнд өнгөрсөн долоодугаар сард манай парламент Кино урлагийн тухай хуулийг баталсан.
Энэ хуулиар кино, телевизийн үйлдвэрлэлийн төсөлд оролцох дотоодын болон дэлхийн студиудэд урамшуулал, дэмжлэг үзүүлэхийг албан ёсоор хуульчилсан. Манай нэр хүндтэй кино бүтээгчдийн нэг болох "Fantastic Production" продакшны баг удахгүй гарах түүхэн сериалаа дэлхийн тавцан дээр гаргахаар түгээх компаниудтай хэлэлцэж байна" гэв.  
Тэрбээр Сан Франциско хотын кино контент үйлдвэрлэгчдийг Монгол Улсад зураг авалт хийх, Монголын кино уран бүтээлчидтэй хамтран ажиллахыг хүссэн юм. Хатагтай Сюзанна Грисон Роббинсон Сан Франциско хотод зохион байгуулагддаг олон улсын кино наадамд Монголын уран бүтээлчдийг урихдаа таатай байх болно гэдгийг дуулгав.


Үүний дараа Монголын парламентын төлөөлөгчид "Apple" компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч компаниудын өлгий нутаг гэгддэг цахиурын хөндийд Apple парк байрладаг юм.
Улсын Их Хурлын даргыг “Apple Inc” компанийн төлөөлөл Ранди Марсден хүлээн авч уулзсан юм.
“Apple Inc” компани Монгол Улсын Засгийн газар, ТББ-уудтай хамтран Монгол Улсад Ковид-19 вирусийн тархалтыг хянах технологийн чухал төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн менежерээр ноён Ранди Марсден амжилттай ажиллаж байгаад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар талархал илэрхийлэв.
Төслийн дэмжлэгтэйгээр Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, иргэдийн дунд “ERSDEL” программыг нэвтрүүлэн ашиглаж байгаа билээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурал, Засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг олон чухал арга хэмжээ авч, парламентаас хууль баталж, Засгийн газраас тусгай хөтөлбөр гарган ажиллаж буйг дурдаад, “Apple Inc” зэрэг дэлхийн түвшний технологийн компаниудтай хамтран ажиллах аливаа санаачилгыг парламентаас бүрэн дэмжих болно гэлээ.
Монгол Улс хүүхэд залуустаа дэлхийн түвшний боловсрол олгоход онцгойлон анхаарч, мэдээллийн технологи, компьютер, кодчилол, программчлалын чиглэлээр сайн мэргэжилтэнтэй болохыг зорилгоо болгож байна. Тиймээс энэ чиглэлээр “Apple Inc” компанитай хамтран ажиллах сонирхолтой байна. Одоогоор “Apple Park”-д нэг монгол инженер ажиллаж байгаа.
Цаашид бид янз бүрийн төслүүдээр дамжуулан “Apple Inc” болон Монгол Улс хооронд идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байна.  Монгол бол зэс, газрын ховор элемент, лити зэрэг байгалийн баялаг ихтэй орон.  Тиймээс “Apple Inc” болон түүний нийлүүлэлтийн сүлжээний түншүүдтэй олборлох үйлдвэрлэлийн салбарт хамтрах боломж бий. Түүнчлэн боломжит хамтын ажиллагааны өөр нэг чиглэл бол уур амьсгалын өөрчлөлтийн салбар юм.  Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй. Өөрчлөлтийг бууруулахтай холбоотой төслийг “Apple Inc”-тэй хамтран боловсруулах, хэрэгжүүлэх сонирхолтой байна гэлээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох