Шударга мэдээ
Нийтийн тээврийн маршрутыг оновчтой, ойлгомжтой, шинэ түвшинд гаргах судалгааг эхлүүлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлаар Нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар танилцууллаа.
Нийслэлийн 2020 оны төсвийн орлогын төлөвлөгөө 11.4 хувиар тасарсан дүнтэй байна. Үүнд цар тахлын нөхцөл ихээхэн нөлөөлжээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх зургаан сарын хугацаанд төрийн албан хаагч болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид ажиллаж буй ажилтнаас бусад иргэдийн цалин хөдөлмөрийн хөлсийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргаж, 18.099 аж ахуйн нэгжийн 515.102 иргэний татварыг чөлөөлсөн байна. Мөн татварын бус орлого 54.9 тэрбум төгрөгөөр тасарчээ.
Түүнчлэн Нийслэлийн 2021 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийн талаар танилцуулсан юм. Нийслэлийн төсвийн орлогын бүрдүүлэлт 94.3 хувьтай байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2021 онд 583 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталжээ. Төсвийн тодотголоор замын сангийн орлогын эх үүсвэр өөрчлөгдөөгүй байна. Харин замын сангийн төлөвлөгөөний өөрчлөлтөөр хотын гол ба туслах авто замын засвар, шинэчлэлтийн ажил, багтаамж ихтэй нийтийн тээврийн урьдчилсан ТЭЗҮ, явган зам, дугуйн замын зураг төсөл, нийтийн тээврийн чиглэлийг сайжруулах судалгаа, хоёр түвшний уулзвар огтлолцол ТЭЗҮ боловсруулах зургаан байршил, Бага тойруугийн хэсэгт шинээр болон өргөтгөн шинэчлэх авто зогсоолын зураг төсөл зэрэг авто зам руу чиглэсэн ажлууд олон байв.

Нийтийн тээврийн маршрут оновчгүй байдаг гэдэгтэй зөвлөлийн гишүүд санал нэгдэж байсан юм. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Улаанбаатар смарт” компанийн дата мэдээлэл хангалтгүй төдийгүй Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ч энэ талаарх судалгаа муу байна. Иймээс судалгааг ШУТИС, МУИС-ийн хамтарсан баг хийнэ. Нийтийн тээврийн маршрутыг маш оновчтой, ойлгомжтой, шинэ түвшинд гаргах ёстой” гэдгийг хэллээ. Мөн тэрбээр 540 уулзвараас өндөр ачаалалтай 40 уулзвар бий. Үүнээс зургаан уулзварыг хоёр түвшний болгож, зураг төсөл гаргах ёстойг онцлов.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “2022, 2023 онд бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ. Явган болон дугуйн зам маш чухал. Замын байгууламжид эрс шинэчлэл хийх ёстой” хэмээн ярилаа. Хотын дарга Нийслэлийн 2021 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төсөлд зөвлөлийн гишүүдийн өгсөн саналыг тусган, НИТХ-д хэлэлцүүлэхийг үүрэг болгов.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Улстөр нийгэм2021/12/30
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат цол хүртээлээ
-
Улстөр нийгэм2021/11/22
Нийслэлийн амаржих газруудыг ЭМЯ-ны харьяанд шилжүүллээ
-
Шударга мэдээ2023/08/22
Гэр хорооллын бүсэд 52 сургууль байгуулснаар боловсролын хүртээмж нэмэгдэнэ
-
Шударга мэдээ2023/02/15
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд ирэх 7 хоногт амарна
