Шударга мэдээ
Сайжруулсан түлш борлуулах цэгийг 417 болгож нэмэгдүүлэв
Өнгөрсөн өдрүүдэд сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн тоо цөөн, хангамж, хүртээмж хангалтгүй байгаа нь иргэдийг бухимдуулаад байсан. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр сайжруулсан түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлд сайжруулсан түлш борлуулах 417 цэг ажиллаж байна. Түлшний цэгүүдийн талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд түлш борлуулах нийт хэдэн цэг ажиллаж байна вэ. Ойрын хугацаанд борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр сайжруулсан түлш борлуулах 281 цэг ажиллаж байсан. Даваа гарагийн Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр борлуулалтын цэгийн тоог энэ долоо хоногтоо багтаан 450-д хүргэх үүрэг, даалгаврыг өгсөн. Хотын даргын өгсөн уг үүрэг, чиглэлийн дагуу борлуулалтын цэгүүдийг үе шаттайгаар нээж байгаа бөгөөд аравдугаар сарын 7-ны байдлаар 417 цэгээр сайжруулсан түлш борлуулж байна. Өнөөдөр дахин 83 цэгийн судалгааг нэмэлтээр хийн, ойрын хугацаанд 500 цэг ажиллуулахаар төлөвлөж байна. Ерөнхийдөө гэр хорооллын айл, өрхийн тооноос хамааран дүүрэг бүрд тоо гарган, борлуулалтын цэгүүдийг байгуулж байгаа. Мөн бодит мэдээлэл авахын тулд дүүргүүдтэйгээ хамтран түлш борлуулах цэгүүдээр ажиллаж байна. Жишээлбэл, өчигдрийн хувьд тодорхой хэмжээний дараалал үүсэж байсан бол өнөөдрийн хувьд цэгийн тоог нэмснээр дараалал буурч байгаа гэх мэдээлэл ирүүлсэн.
-Нийслэлийн гэр хорооллын өрхүүд өдөрт дунджаар хэдэн тонн нүүрс хэрэглэж байна вэ?
-Өдрийн борлуулалтын хувьд аравдугаар сарын 1, 2-нд 1000 тонн хүрэхээргүй байсан бол аравдугаар сарын 3-аас хойш 2000 тонноос дээш борлуулалт хийж байна. Жишээ нь, өнөөдөр гэхэд 2500 тонн сайжруулсан түлшний борлуулалт хийх тооцоо гарсан байгаа. Борлуулалтын цэгт нийлүүлэх түлшний хэмжээ эрэлтээсээ шалтгаалдаг. Тухайн цэгийн байршил, хүн амын нягтаршлаас шалтгаалан нэг цэг өдөрт 5-15 тонн нүүрс захиалан, борлуулж байгаа.
-Яг одоогоор хэдэн тонн түлш нөөцөлсөн бэ?
-Нийслэлийн зүгээс 60 мянган тонн нүүрсний агуулах бэлдсэн бөгөөд яг 60 мянган тонн нүүрсний нөөцөө бүрдүүлчихсэн байгаа. Өвлийн ид хүйтэнд хэрэглэж эхэлнэ гэсэн үг. Аравдугаар сарын 6-ны байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд 7600 тонн сайжруулсан түлш байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн. Өдөр тутмын үйлдвэрлэлээ борлуулалтад гаргаж байгаа тул нөөцөлсөн 60 мянган тонн түлшинд өөрчлөлт ороогүй.
-Өндөрлөг байршлын цэгүүдээ гаргаж эхэлсэн үү. Борлуулалтын цэгүүдийг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?
-Өнгөрсөн жил гаргасан өндөрлөг байршлын 67 борлуулалтын цэг бий. Энэ жил “Таван толгой түлш” ХХК цэгийн байршлын сонгон шалгаруулалтыг хийсэн. Борлуулалтын цэгийн сонгон шалгаруулалтад нийт 1000 гаруй материал ирсэн байдаг. Үүнээс зургаан дүүрэгт 600 цэг байхаар тооцож, шалгаруулалтаа хийсэн. Тиймээс өндөрлөг цэг, алслагдмал цэг, зуслангийн бүсээ орхигдуулалгүйгээр борлуулалтын цэгүүдээ нээхээр ажиллаж байна гэв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас цэгийн тоог нэмснээр ачаалал буурч байгаа талаарх мэдээллийг өгч байна. Бид Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн сайжруулсан түлш борлуулах цэгүүдийг зорьсон юм. Замд тааралдсан борлуулалтын цэгүүдэд сайжруулсан түлшний нөөц хангалттайн сацуу худалдан авалт хийж буй иргэд байсангүй.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 380 дугаар цэгийн борлуулагч Б.Жавхлантөгс “Манайх өчигдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд ачаалал хэвийн хэмжээнд байна. Нээснээсээ хойш тав, таван тонноор хоёр удаагийн татан авалт хийсэн. Одоогоор таван тонн түлшний нөөцтэй ажиллаж байгаа бөгөөд иргэдийн дугаарлалт, хүлээлт, бухимдал байхгүй байна” хэмээж байлаа.
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 20 дугаар цэгийн борлуулагч Ц.Төмөр “Манай цэг есдүгээр сарын 27-ноос ажиллаж эхэлсэн. Өдөрт таван тонноор хоёр удаагийн татан авалт хийж байгаа. Тиймээс одоогийн байдлаар түлшний хангамж, хүрэлцээ болоод иргэдийн оочер дараалал хэвийн хэмжээнд байна” гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Үзэл бодол2022/03/01
Улаанбаатар хот хувийн хэвшил, иргэдэд аж ахуй эрхлэх тааламжтай талбар байх ёст...
-
Урлаг спорт2021/12/22
“Болор цом 39” наадмын хэвлэлийн бага хурал өнөөдөр болно
-
Шударга мэдээ2020/03/12
Манай улс БНСУ-аас 1000 иргэнээ татаж авна
-
Шударга мэдээ2021/05/21
Бямба гарагт зуслангийн ногоон бүсэд их цэвэрлэгээтэй
