Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Сайжруулсан түлш борлуулах цэгийг 417 болгож нэмэгдүүлэв

Огноо:

,

Өнгөрсөн өдрүүдэд сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн тоо цөөн, хангамж, хүртээмж хангалтгүй байгаа нь иргэдийг бухимдуулаад байсан. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр сайжруулсан түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлд сайжруулсан түлш борлуулах 417 цэг ажиллаж байна. Түлшний цэгүүдийн талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд түлш борлуулах нийт хэдэн цэг ажиллаж байна вэ. Ойрын хугацаанд борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр сайжруулсан түлш борлуулах 281 цэг ажиллаж байсан. Даваа гарагийн Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр борлуулалтын цэгийн тоог энэ долоо хоногтоо багтаан 450-д хүргэх үүрэг, даалгаврыг өгсөн. Хотын даргын өгсөн уг үүрэг, чиглэлийн дагуу борлуулалтын цэгүүдийг үе шаттайгаар нээж байгаа бөгөөд аравдугаар сарын 7-ны байдлаар 417 цэгээр сайжруулсан түлш борлуулж байна. Өнөөдөр дахин 83 цэгийн судалгааг нэмэлтээр хийн, ойрын хугацаанд 500 цэг ажиллуулахаар төлөвлөж байна. Ерөнхийдөө гэр хорооллын айл, өрхийн тооноос хамааран дүүрэг бүрд тоо гарган, борлуулалтын цэгүүдийг байгуулж байгаа. Мөн бодит мэдээлэл авахын тулд дүүргүүдтэйгээ хамтран түлш борлуулах цэгүүдээр ажиллаж байна. Жишээлбэл, өчигдрийн хувьд тодорхой хэмжээний дараалал үүсэж байсан бол өнөөдрийн хувьд цэгийн тоог нэмснээр дараалал буурч байгаа гэх мэдээлэл ирүүлсэн.

-Нийслэлийн гэр хорооллын өрхүүд өдөрт дунджаар хэдэн тонн нүүрс хэрэглэж байна вэ?

-Өдрийн борлуулалтын хувьд аравдугаар сарын 1, 2-нд 1000 тонн хүрэхээргүй байсан бол аравдугаар сарын 3-аас хойш 2000 тонноос дээш борлуулалт хийж байна. Жишээ нь, өнөөдөр гэхэд 2500 тонн сайжруулсан түлшний борлуулалт хийх тооцоо гарсан байгаа. Борлуулалтын цэгт нийлүүлэх түлшний хэмжээ эрэлтээсээ шалтгаалдаг. Тухайн цэгийн байршил, хүн амын нягтаршлаас шалтгаалан нэг цэг өдөрт 5-15 тонн нүүрс захиалан, борлуулж байгаа.

-Яг одоогоор хэдэн тонн түлш нөөцөлсөн бэ?

-Нийслэлийн зүгээс 60 мянган тонн нүүрсний агуулах бэлдсэн бөгөөд яг 60 мянган тонн нүүрсний нөөцөө бүрдүүлчихсэн байгаа. Өвлийн ид хүйтэнд хэрэглэж эхэлнэ гэсэн үг. Аравдугаар сарын 6-ны байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд 7600 тонн сайжруулсан түлш байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн. Өдөр тутмын үйлдвэрлэлээ борлуулалтад гаргаж байгаа тул нөөцөлсөн 60 мянган тонн түлшинд өөрчлөлт ороогүй.

-Өндөрлөг байршлын цэгүүдээ гаргаж эхэлсэн үү. Борлуулалтын цэгүүдийг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?

-Өнгөрсөн жил гаргасан өндөрлөг байршлын 67 борлуулалтын цэг бий. Энэ жил “Таван толгой түлш” ХХК цэгийн байршлын сонгон шалгаруулалтыг хийсэн. Борлуулалтын цэгийн сонгон шалгаруулалтад нийт 1000 гаруй материал ирсэн байдаг. Үүнээс зургаан дүүрэгт 600 цэг байхаар тооцож, шалгаруулалтаа хийсэн. Тиймээс өндөрлөг цэг, алслагдмал цэг, зуслангийн бүсээ орхигдуулалгүйгээр борлуулалтын цэгүүдээ нээхээр ажиллаж байна гэв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас цэгийн тоог нэмснээр ачаалал буурч байгаа талаарх мэдээллийг өгч байна. Бид Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн сайжруулсан түлш борлуулах цэгүүдийг зорьсон юм. Замд тааралдсан борлуулалтын цэгүүдэд сайжруулсан түлшний нөөц хангалттайн сацуу худалдан авалт хийж буй иргэд байсангүй. 

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 380 дугаар цэгийн борлуулагч Б.Жавхлантөгс “Манайх өчигдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд ачаалал хэвийн хэмжээнд байна. Нээснээсээ хойш тав, таван тонноор хоёр удаагийн татан авалт хийсэн. Одоогоор таван тонн түлшний нөөцтэй ажиллаж байгаа бөгөөд иргэдийн дугаарлалт, хүлээлт, бухимдал байхгүй байна” хэмээж байлаа.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 20 дугаар цэгийн борлуулагч Ц.Төмөр “Манай цэг есдүгээр сарын 27-ноос ажиллаж эхэлсэн. Өдөрт таван тонноор хоёр удаагийн татан авалт хийж байгаа. Тиймээс одоогийн байдлаар түлшний хангамж, хүрэлцээ болоод иргэдийн оочер дараалал хэвийн хэмжээнд байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох