Бидэнтэй нэгдэх

Цаг үе

"Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүс байгуулах тогтоолын төслийг баталлаа

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд “Хөгжлийн үүд” төслийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэхүү төслөөр нийслэлийн Налайх дүүргийн Хонхор орчимд “Хөгжлийн үүд”, баруун хэсэгт “Морингийн даваа” орчимд жишиг шинэ суурьшлын бүсийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг боловсруулсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11-дүгээр хороо, Налайх дүүргийн 3, 7-дугаар хорооны нутаг дэвсгэр Хонхор орчимд “Хөгжлийн үүд” төслийн хүрээнд 4725 өрхийн 16,065 хүн ам байнга оршин суух шинэ суурьшлын бүсийг байгуулах бөгөөд нам болон өндөр давхрын инженерийн хангамжтай орон сууцаар хангагдана.
 

 Мөн энэ хүрээнд нийт 6400 ажлын байр бий болох бөгөөд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Нэгж талбарууд нь орон сууц, олон нийтийн барилга байгууламж, ногоон байгууламж, тохижилттой байхаас гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спортын барилга байгууламж зэрэг нийгмийн үйлчилгээг бий болгохоор тооцжээ. Мөн энэ суурьшлын бүсэд гол төлөв хүнсний боловсруулах болон сав баглаа боодол, оёдол, гар урлал зэрэг хөнгөн үйлдвэрлэлийн барилга байгууламжууд бий болох юм. 

Харин “Морингийн даваа орчмын хувьд 5325 өрхийн 21298 хүн оршин суух шинэ суурьшлын бүсийг бий болгоно. Нийт 2010 хүүхдийн суудалтай 6 сургууль, 4080 хүүхдийн 8 цэцэрлэг, 490 ортой эмнэлэг энэхүү бүсэд тус тус төлөвлөгджээ. 

Тэгэхдээ жишиг суурьшлын бүсийн төслийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд 9.98 га барилгажилтын төслийг 4 үе шаттай хэрэгжүүлэх 31.7 тэрбум төгрөгийн,Морингийн даваа орчимд 11.4 га-д 84.2 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэж Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас танилцууллаа. Улмаар нийслэлийн төсвөөс 212 тэрбум төгрөг, хувийн хэвшлээс 873 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх аж. Улмаар дээрх тогтоолын төслийг Тэргүүлэгчдийн саналаар баталлаа. 


 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.

Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.

Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.

Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.

Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.

Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.

Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.

Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.

Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.

Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Огноо:

,

Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.

Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.

Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.

Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.

Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.

Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа

Огноо:

,

Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.

Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.

Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох