Шударга мэдээ
Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг энэ сарын 17-ны өдрийн морин цагт зохион байгууллаа.
Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулсан энэхүү ёслолын ажиллагаанд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга,бригадын генерал С.Дашзэвэг, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат болон БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүн оролцсон юм.
ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг Зэвсэгт хүчний Жанжин тугийг залснаар энэхүү ёслол эхэлж, Цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн юм.
Үүний дараа БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Монгол Улсын Зэвсэгт хүчин анхны цэргийн ажиглагч офицерыг үүрэг гүйцэтгүүлэхээр илгээснээс хойших 19 жилийн хугацаанд дэлхийн 13 улсад явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19500 гаруй цэргийн алба хаагч, энхийг сахиулагч нар үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм. Өнөөдөр дэлхий нийтээр цар тахлын халдвар тархсан эрсдэлтэй цаг үед НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 900 орчим цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Та бүхэн төр, засгийн удирдлагаас хүлээлгэсэн өндөр нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг цэргийн хэргийн мэдлэг, дадлага, туршлагадаа тулгуурлан амжилттай гүйцэтгэж, Цэргийн багийн удирдлагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлэн, бие биедээ анхаарал тавьж, үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна" гэдгийг онцоллоо.
Тэрбээр үг хэлснийхээ дараа Цэргийн багийн захирагч, хурандаа О.Заяатад Монгол Улсын Төрийн далбааг гардуулж, ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэн, "Дэлхийн цэрэг" хэмээн хүндлэгдсэн Монгол цэргийнхээ нэр хүндийг өндөрт өргөхийг ерөөлөө.
Мөн энэ үеэр БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх дайчин нөхдөдөө хандаж, цэргийн багийн захирагч, хурандаа О.Заяат үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ БНӨСУ-д явагдаж буй ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн өмнөх багуудын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр бий болсон ололт амжилтыг улам бүр бататгаж, энх тайван, тогтвортой байдлыг хангах ариун үйлсэд хувь нэмрээ оруулах гэж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Дэлхий дахинд болон манай оронд тархсан цар тахлын хүнд үед цэргийн багийн бие бүрэлдэхүүн "Түргэн сэтгэ, дасан зохиц, итгэлийг зүтгэлээр ялан дийл" гэсэн уриаг дэвшүүлэн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисны үндсэн дээр ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлийг өндөр түвшинд чанартай, тасралтгүй, өндөр хариуцлагатайгаар зохион байгууллаа. Энэхүү сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ЗХЖШ, Ажиллагааны удирдлагын газар, Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, Энхийг дэмжих сургалтын төвийн хамт олонд талархсанаа илэрхийлье гэдгийг тодотгов.
Ёслолын ажиллагааны үеэр ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ЦДУ-ын офицер, дэслэгч А.Оюунболдод албан тушаалын зэрэглэлийн ахлах дэслэгч цол, мөн 013 дугаар ангийн гэрээт цэргийн алба хаагч, түрүүч Б.Буянжаргал, Ө.Төрмөнх нарт дэд ахлагч цол олгосныг нь гардуулан өглөө.
Түүний дараа ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, СТА Н.Түвшинжаргал "Хэнгэрэг дэлхийн цэрэг" дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн бол Цэргийн баг, бүрэлдэхүүний сүлд дуу болгон шинээр зохиосон дэд хурандаа Б.Мөнх-Учралын үг, ая "Зүрхний эх орон" дууг дэд ахлагч Б.Энхжаргал, М.Энхбат нар дуулсан нь энэхүү ёслолын ажиллагааны ач холбогдлыг нь улам бүр өргөсөн юм.
Энэхүү Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Цэргийн багийн бие бүрэлдэхүүний Ёслолын жагсаалаар үргэлжлэн, Жанжин тугийг байнгын байрлалд эргүүлэн залснаар өндөрлөв.
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн Цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүнд улам их амжилтыг бэлгэдэн ерөөе гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
