Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, 4-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 11 сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 3-5 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 1-3 хэм дулаан байна.
2021 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


Цаг үе
Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй намрын мод тарих нэгдсэн арга хэмжээгээр Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн буюу Самбалхүндэвийн оршуулгын газарт Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа.

Энэ үеэр УБЗАА-ны хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25-ны хооронд үргэлжилж байна. Есдүгээр сарын 15-наас хойш нийслэлийн хэмжээнд 250 орчим мянган мод тарьсан. Хавар, намрын мод тарих арга хэмжээгээр 1.3-1.4 сая мод тарих зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Самбалхүндэвийн оршуулгын газар нийт 71 га талбайтай. Үүнээс 10 га талбайг чөлөөлж, 2 га талбайд тохижилт хийсэн. Цаашид нийт талбайг чөлөөлөх, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийнэ” гэлээ.

Чингэлтэй дүүргийн менежер Д.Уянга “Чингэлтэй дүүрэг намрын мод тарих арга хэмжээнд нэгдэж, гурван байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, төр, нийгмийн байгууллагуудтай хамтран мод тарих арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна” гэв.
Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд 18 нэр төрлийн 5510 бут, мод, сөөг тарьж, 10 мянга гаруй ам метр талбайд зүлэгжүүлэлт хийжээ. Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар намрын мод тарих арга хэмжээнд бүх нийтээрээ оролцохыг уриаллаа.








Цаг үе
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.
Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна. Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ.

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал, 280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн.

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав. Япон Улсад 21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна.







-
Урлаг спорт2019/08/15
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газрын нөө...
-
Шударга мэдээ2025/10/16
Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно
-
Үзэл бодол2022/01/07
Г.Гангамөрөн: ЖДҮҮ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд борлу...
-
Цаг үе2021/05/06
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд /2021.05.06/
