Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Улаанбаатар хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд баталснаас хойш, өнөөдрийг хүртэл зургаан удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ.

Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дуусаж буй тул 2017 оноос эхлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа, үзэл баримтлал, Ерөнхий төлөвлөгөө гэсэн үе шаттай боловсруулжээ.

Энэхүү төлөвлөгөөнд яам, агентлаг, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэдээс санал авсан байна. Иргэдийн хувьд гэр хорооллыг үе шаттай инженерийн шугам сүлжээнд холбох, барилгажуулах, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёл, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зам, дугуйн зам, авто машины зогсоолыг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх, орон сууцны хамрагдалтыг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх зэрэг саналууд ирсэн байна.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан зарим ажлаас дурдвал, авто замын сүлжээг шинэчлэн сайжруулах бөгөөд төлөвлөлтөөр 1338,2 км авто зам төлөвлөж нийт 2463,5 км-т хүргэх аж. Үүнээс дагуул хот тосгодод 986,3 км замыг төлөвлөжээ. Мөн түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн салбарыг олон төрөл болгох, шаардлага хангахгүй барилга байгууламж, хотын төвийн болон  гэр хорооллын нутаг дэвсгэрийг дахин төлөвлөж хөгжүүлэх зэрэг багтжээ.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм. Ээлжит бус хуралдааныг энэ сарын 11-ний өдөр товлолоо.
 

10.64 га газрыг нийтийн эдэлбэрт газарт авлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай”  тогтоолын төслийг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын 2020 оны захирамжаар “Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гарч, нийтийн эдэлбэрт бүртгэсэн газруудыг хамгаалах, ашиглалтын байдалд хяналт тавих, тохижилт арчилгааг тухайн дүүргийн Засаг дарга нарт хариуцуулан ажиллаж буй. Тиймээс нийтийн эдэлбэр газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий байршлуудын газар ашиглалтын байдалд дахин судалгаа хийсэн байна.

Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 30-ны тогтоолоор нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтөд 17 байршлын 10.64 га газрыг тодорхойлон , нийтийн эдэлбэр газарт авахаар тусгасан байна. Үүнд:

  • Баянгол дүүрэгт 1 байршилд 0.22 га 
  • Сонгинохайрхан дүүрэгт 3 байршилд 1.91 га 
  • Сүхбаатар дүүрэг 5 байршилд 1.70 га 
  • Хан-Уул дүүрэгт 4 байршилд 6.04 га 
  • Чингэлтэй дүүрэг 4 байршилд 0.77 га газрыг тус тус нийтийн  эдэлбэр газарт авахаар танилцууллаа.  

Эдгээр эдэлбэр газарт бичил цэцэрлэг байгуулж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байна. Хэлэлцүүлгийн үеэр Тэргүүлэгч Д.Гантулга “Нийтийн эдэлбэр газарт Баянзүрх дүүрэг, Нарны зам дагуух Замын  цагдаагийн байр баригдахаар төлөвлөгдөж байсан газрыг авч болох уу” гэдгийг тодрууллаа.  Тэгвэл энэхүү газар дээр цэцэрлэг барихаар газрын гэрчилгээг гаргаж буй бөгөөд нийтийн  эдэлбэр бус  боловсролын зориулалттай газар  болж буйг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар хэллээ. Үүний дараа Тэргүүлэгчид дээрх тогтоолын төслийг дэмжин, батлав. 

Машин ачилтын журамд  оруулах  өөрчлөлтийн саналыг танилцуулав

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулахтай холбоотой журмын хэрэгжилтийн явц, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулах чиглэлээр болон шинэлэг систем нэвтрүүлэх асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.


Тэгвэл тус ажлын хэсэг өнөөдөр Тэргүүлэгчдэд санал дүгнэлтээ танилцууллаа.

Ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт “Энэхүү үйлчилгээ байх нь зөв. Гэхдээ төр хамтарсан байдлаар ажиллуулах, автозамын санд уг үйлчилгээнээс тодорхой хэмжээний хувийг төвлөрүүлэх, гэрээт цагдаа ажиллуулах, иргэдэд урьдчилан утсаар мэдэгдсэний үндсэн дээр ачих…зэрэг дүгнэлт гаргалаа” хэмээв.

Тэрбээр мөн “Одоо мөрдөгдөж буй журмаар зөвхөн иргэн, хувийн хэвшлийн хооронд харилцаа үүсээд байгаа юм. Гэтэл үүнд төрийн байгууллагын зохицуулалт дан ганц зөвхөн журмаар зохицуулагдана гэдэг нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ажлын хэсгийн зүгээс автомашин ачилтын журамд оруулах өөрчлөлтүүдийг боловсруулсан. Тухайлбал, нэгдүгээр эгнээ болон автомашин зогсоохыг хориглосон байршлуудад автомашинаа байрлуулсан тохиолдолд олон нийтийн байцаагч ажиллана. Ачигч машин ирэхээс өмнө олон нийтийн байцаагч тухайн автомашины жолооч руу мэдэгдэн Зөрчлийн тухай хуулиар торгууль тавина. Тухайн торгууль тавьж буй мөнгө нь төрд төвлөрнө гэсэн үг. Харин тэр хугацаанд жолооч амжиж автомашинаа аваагүй тохиолдолд ачилтын компани ачих ёстой. Эдгээр зохицуулалтуудыг журамд өөрчлөлт болгон оруулахаар санал болгож байгаа юм” гэлээ. 

Товчхон

  • Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын нэр өөрчилж, дүрмийг батлах тухай тогтоолыг баталлаа. Энэ тогтоолын дагуу Улаанбаатар чуулга ОНӨТҮГ-ын нэрийг Улаанбаатар театр ОНӨТҮГ болгон өөрчилж байна. 
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг эрхлэх асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс байгуулсан. Уг ажлын хэсэг боловсруулсан санал дүгнэлтээ өнөөдөр Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцууллаа. 

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

Огноо:

,

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзав.

Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд  хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай  уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.

Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ.    Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.

Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг  зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна

Огноо:

,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа. 

Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.  

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Огноо:

,

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв. 

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе4 цаг 34 минут

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Улстөр нийгэм4 цаг 41 минут

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Цаг үе4 цаг 49 минут

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Цаг үе4 цаг 56 минут

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Шударга мэдээ4 цаг 59 минут

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Цаг үе5 цаг 5 минут

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Улстөр нийгэм5 цаг 11 минут

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Улстөр нийгэм5 цаг 25 минут

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Шударга мэдээ2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Цаг үе2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Санал болгох