Шударга мэдээ
УИХ, Засгийн газрын гишүүд Замын-Үүд хилийн боомтод ажиллалаа
БНХАУ-ын Эрээн хотод коронавирусын халдвар тархсантай холбогдуулан Эрээн авто замын боомтын үйл ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд боомтоор орж ирдэг ачаа тээвэр тодорхойгүй хугацаагаар саатаад байна.
Үүсээд буй асуудлыг шуурхай шийдвэрлэж, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Сангийн сайд Б.Жавхлан, ХБҮЗ-ийн гишүүн УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Гадаад харилцааны яамны ТНБД Ц.Анхбаяр, ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн, Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, МХЕГ-ын дарга Т.Гантулга, ЗТХЯ-ны газрын дарга Ё.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй баг Замын-Үүд боомтод ажиллалаа.

Замын-Үүд боомтоор Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүний 70% экспортын бүтээгдэхүүний 6 орчим хувь нь орж ирдэг. Өнөөдрийн байдлаар авто замын боомтоор улсын хил нэвтрэх дараалалд бүртгүүлсэн 5359 тээврийн хэрэгсэл байна. БНХАУ-ын талаас чингэлэг тээврийн терминал байгуулах, жолооч хоорондын харилцаа үүсэхгүй байхаар тээвэр ложистикийн үйлчилгээг цаашид нэвтрүүлэх саналыг ГХЯ-д тавьсан.
Хятадын талаас тавьсан саналыг хүлээн авч богино хугацаанд хилээ нээх, бараа бүтээгдэхүүний эргэлтээ хэвийн түвшинд хүргэх талаар Дорноговь аймгийн удирдлага, хилийн боомтын зөвлөл, жолооч нартай уулзалт хийлээ.
Замын-Үүдэд тээвэрлэлт хийж буй жолооч нарын хувьд аль болох богино хугацаанд тээвэрт гарах боломжоор хангаж өгөхийг хүсч буйгаа илэрхийллээ.
Цаашид хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэм чанд баримталж, шийдвэр гаргах түвшинд жолооч нарын төлөөлөл, хяналтыг бий болгох, богино хугацаанд хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэхийг сум орон нутгийн удирдлага, хилийн боомтын захиргаанд үүрэг болголоо.
Мөн хил нээхэд шаардлагатай чингэлэг тээвэр, тусгаарлах байр, хятадын талтай хариу зөрдөггүй PCR шинжилгээний төхөөрөмж зэргийг шуурхай шийдвэрлэхэд засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан уулзалтын үеэр онцоллоо.
Шударга мэдээ
Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллах үеэрээ Монголын анхны органик тэжээлийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр өдөрт таван тонн малын тэжээл үйлдвэрлэдэг байснаа өргөтгөж, 50 тонн тэжээл үйлдвэрлэх бүрэн автомат үйлдвэртэй болжээ.
МИМО гэдэг нь “Миний монгол” гэсэн үгийн товчлол. Малчдын МИМО тэжээлд зарцуулсан нэг төгрөг 3-5 төгрөг болж өснө, хамгийн зөв хөрөнгө оруулалт. МИМО-гоор тэжээсэн малыг өндөр үнээр худалдан авч, малчдын орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд чанартай мах нийлүүлэх зорилготой ажиллаж байна.

“ЭЙЛ БИ ЭЙЧ АГРО” ХХК 2016 оноос газар тариалан эрхэлж, 3500 га талбайг сэлгэж тариалж байна. Энэ жил буюу 2026 онд нийт 1200 орчим га-д улаанбуудай, тэжээлийн ургамал, чихрийн манжин тариалсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлж 2022 оноос малын эрдэс тэжээлийн үйлдвэр байгуулж, 100 хувь байгалийн гаралтай МИМО нэрийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн бол 2025 онд малын хүчит тэжээлийн бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оруулжээ.
Үйл ажиллагаандаа ISO9001:2015 болон ISO22000:2018 олон улсын стандарт мөрдөж мал, амьтанд зориулсан эрдэс тэжээл (премикс), малын багсармал болон хорголжин тэжээл, долооц зэрэг найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Эдгээр тэжээлийг хэрэглэснээр, малын зүй бус хорогдлыг 90 хүртэл хувиар бууруулах, ноолуурын гарцыг 60, сүүний гарцыг 40, махны гарцыг 200-300 хувиар тус тус нэмэгдүүлэх, халдварт бус өвчлөлөөс сэргийлэх боломжтой гэж тус компанийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа.




Шударга мэдээ
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өнөөдөр /2026.09.30/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын эдийн засагт гарч байгаа өөрчлөлт, хүндрэл, гадаад орчны тодорхой бус байдал, нийлүүлэлтийн сүлжээний гэнэтийн доголдол, өнгөрсөн хугацааны сургамж нь Төв банкны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх арга хэрэгслийн үр нөлөөг дахин үнэлж, тогтолцооны цогц өөрчлөлт хийх шаардлагатай болсныг Монголбанкны Ерөнхийлөгч дурдаад, энэ хүрээнд холбогдох тооцоо судалгаа, үндэслэлийг мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгасан гэлээ. Мөн тэрбээр, Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу тогтоолын төслөө боловсруулахдаа эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан ул суурьтай хандаж, асуудлыг урьдчилан харах, мэдээллийг бодит цагийн горимд шилжүүлэх чиглэлээр ахиц гаргах томоохон зорилт дэвшүүлснийг тодотгоод, улмаар Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд тогтоолын төслөө танилцуулж, нухацтай ярилцаж, зарим саналыг нь төсөл, арга хэмжээндээ тусгасан гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр, Монголбанкны үндсэн чиг үүрэг нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах, улмаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, үнийн өсөлттэй тэмцэх гэдгийг дурдаад, валютын ханшийг тогтвортой байлгахад Монголбанк сайн ажиллаж байгаа гэлээ. Харин цаашдаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, үнийн өсөлттэй тэмцэхэд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатайг сануулж байлаа.
Монголбанкны Ерөнхийлөгч, бид иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг тууштай баримтална гэв.
Энэхүү тогтоолын төсөл нь үндсэн чиглэлийг батлах, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороонд өгөх чиглэлийг тусгах, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг даалгах гэсэн агуулга бүхий 3 заалттай аж.
Тогтоолын хавсралтад 2027 онд мөнгөний бодлогыг үнийн тогтвортой байдал, банкны салбарын тогтвортой байдал гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд нийт 17 бодлогын арга хэмжээ, түүний биелэлтийг хэмжих шалгуур үзүүлэлтийг тусган боловсруулсан байна.
Түүнчлэн төсөлд дөрвөн суурь өөрчлөлтийг бодлогын түвшинд тусгажээ. Тодруулбал, Төв банкны хуримтлагдсан алдагдал, өөрийн хөрөнгийн дутагдлыг Засгийн газрын тусгай үнэт цаасаар шийдвэрлэх замаар Төв банкны хараат бус байдлыг жинхэнэ утгаар нь сэргээх шийдлийг дэвшүүлэхийн зэрэгцээ инфляцыг зөвхөн мөнгөний бодлогоор бус, төсвийн зарлагын хатуу хязгаартай уялдуулан, хамтын хариуцлага хүлээдэг хууль, эрх зүйн шинэ тогтолцоог санал болгосон хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Улмаар бодлогын хэрэгжилт, үр дүнг хэмжих 17 зорилтын суурь түвшин, зорилтот түвшинг тодорхойлсноос гадна их өгөгдөл, ухаалаг хяналт шалгалт (SupTech), нээлттэй банк (Open banking), mBridge болон стэйблкойн зэрэг дэлхийн төв банкнуудын орчин үеийн чиг хандлагыг бодлогын зорилго, эрх зүйн орчин, мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээтэй уялдуулан судалж, туршин, үе шаттай нэвтрүүлнэ. Ингэснээр бодлого, хяналт шалгалтын шийдвэрийг бодит мэдээлэлд суурилан шуурхай гаргах, төлбөрийн системийн үр ашиг, хүртээмж, найдвартай байдлыг нэмэгдүүлэх суурийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар иргэдийн бодит орлогыг хамгаалах, Монголбанкнаас баримталж байгаа "2026-2030 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө” бүрэн хэрэгжихийн сацуу Монгол Улсын банк, санхүүгийн тогтолцооны эрх зүйн шинэчлэлийг хийх эхний алхам болно гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Шударга мэдээ
Захиргааны хэм хэмжээний актад дүн шинжилгээ хийх судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгууллаа
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 61 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд "Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар тогтоол, "Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайлан, цаашид авах арга хэмжээний тухай” Засгийн газрын хуралдааны 33 дугаар тэмдэглэл гарсан.
Үүнтэй холбогдуулан Захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам, аргачлал, зааварт дүн шинжилгээхийх, тэдгээрийг хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлторуулах шаардлагатай эсэхийг тодорхойлох, хуультогтоомжид нийцүүлэх санал, дүгнэлт боловсруулах, мөн дүрэм, журам, заавар, аргачлал болон захиргааныхэм хэмжээний актаар зохицуулж байгаа харилцаагхуульд тусгах, зохицуулах чиглэлээр хуулийн төсөлболовсруулахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангахзорилгоор судалгааны ажил гүйцэтгүүлнэ.
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн ахлахсудлаач, судлаачийг сонгон шалгаруулж, шалгарсан судлаачидтай гэрээ байгуулан судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр боллоо.
Судалгааны ажлыг гүйцэтгэхэд Захиргааны эрх зүйн салбарын мэргэшсэн судлаачид болон тус яамны Захиргааны хэм, хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсээс мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллана.
Ингэснээр захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам, аргачлал, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэнболовсронгуй болгох, давхардал, хийдэл, зөрчлийгарилгах, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашигсонирхлыг хамгаалах, төрийн байгууллагаас үзүүлэхүйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг тодорхой, ойлгомжтой болгоход ач холбогдолтой юм.
