Улстөр нийгэм
Улаанбаатар хотод 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нэн чухал шийдвэрт энэ сарын 20-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан талаараа мэдээлэл хийлээ.
Энэхүү шийдвэр нь нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байгаагаараа онцлог юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэвлэлийн хурлын үеэр “Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахын тулд 7-12 бичиг баримт бүрдүүлдэг. Энэ нь нийт аж ахуйн нэгжийн хэмжээгээр тооцвол 168 мянган бичиг баримт бүрдүүлэхэд хүрдэг байна. Бичиг хэргийн зардалд 42 сая, тээврийн зардалд 149 сая, нийт 191 сая төгрөгийг зарцуулдаг. Тэгэхээр энэ бүх зардлыг хэмнэж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс энэхүү шийдвэрийг гаргаж байна. Цар тахлын дараах их сэргэлтийн хуулийг удахгүй УИХ-д өргөн барина. Тиймээс бид аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр худалдаа, үйлчилгээгээ нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломж олгож байна” гэж мэдэгдлээ.

Энэхүү шийдвэр гарснаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 18,664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цаашид тусгай зөвшөөрөл авах, жил бүр дүүргийн Засаг даргын Тамгын газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж байна. Ингэснээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 20 мянга орчим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад бодит хэмнэлт, үр дүн гарна гэж мэргэжилтнүүд тооцжээ.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэд байнгын үйл ажиллагаатай зөвлөл байгуулахаар болсноо мэдээллээ. Энэхүү зөвлөлд нь аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтах бөгөөд цаашид хийж хэрэгжүүлэх бодлогод аж ахуйн нэгжүүдийн санал санаачилгыг тусгах, гадаадын томоохон байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр бэлтгэлээ хангаж байна.

Дээрх 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохгүй болсны үр дүнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дараах бодит хэмнэлт, үр дүн гарна.
-Бүрдүүлэх баримт бичгийг багасгах чиглэлээр:
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь жилд давхардсан тоогоор 167,976 баримт бичиг /нэг гэрээ байгуулж, эрх авахад 7-12 буюу дунджаар 9 баримт бичиг бүрдүүлдэг/ бүрдүүлдэг бөгөөд эдгээрийг цаашид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас шаардахгүй болно.
-Зардлыг хэмнэх чиглэлээр:
Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь жилд нийт 191,306,000 төгрөг /бичиг хэргийн зардал 41,994,000 /баримт бичгийг хувилах зардал/, тээврийн хэрэгслийн зардал 149,312,000 /төрийн 5 байгууллага руу ирж, очих нийтийн тээврийн зардал//-ийн зардлыг хэмнэж байна. Үүний цаана ил болоогүй, тооцох боломжгүй олон зардал бий.
-Цаг хугацааг хэмнэх чиглэлээр:
Иргэд төрийн гурван байгууллага /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс/ руу хоёр удаа, 2 байгууллага /дүүргийн Татварын хэлтэс, Тохижилт үйлчилгээний компани/ руу нэг удаа ирж, очдог бөгөөд нийт 447,936 цаг /нэг удаа ирж, очих хугацаа 3 цаг бөгөөд 1 иргэн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахад 24 цагийг зарцуулж байна/-ийг зарцуулдаг бөгөөд дээрх цаг хугацааг бүхэлд нь хэмнэх боломжийг бүрдүүлж байна.
-Шат дамжлагыг багасгах чиглэлээр:
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нэг гэрээ байгуулахад төрийн таван байгууллага /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэс, Тохижилт үйлчилгээний компани/-д биечлэн очиж хүсэлт гаргадаг бөгөөд цахим хэлбэрт шилжүүлснээр үйлчилгээний хүсэлтээ зөвхөн нэг цонхоор гаргана. Иргэний хүсэлтийг төрийн дээрх байгууллагууд цахим хэлбэрээр нэгэн зэрэг хүлээн авч, шийдвэрлэн хариуг нэг цонхоор цахим хэлбэрээр өгөх нөхцөлийг бүрдүүлж байна.
Татварын албанд бүртгүүлж, стандартын шаардлага хангаад зөвшөөрөл шаардахгүй
үйл ажиллагаа явуулж болох 74 худалдаа, үйлчилгээний төрөл
А. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас үзүүлж буй худалдаа, үйлчилгээний гэрээ байгуулж батламж олгож буй 62 нэр төрлийн үйлчилгээ:
Худалдаа:
- Бөөний худалдааны төв;
- Агуулах дэлгүүр;
- Худалдааны төв;
- Зах /барилгын материал, мод, автотехникийн г.м/;
- Их дэлгүүр;
- Хайпермаркет;
- Супермаркет;
- Үзүүлэнгийн танхим;
- Аутлет;
- Бутик;
- Минимаркет;
- Хүнсний дэлгүүр;
- Ая тухтай сүлжээ дэлгүүр /конвиниенс стоор/;
- Төрөлжсөн барааны дэлгүүр;
- Мухлаг
- Түргэн үйлчилгээний цэг /цаашид “ТҮЦ” гэх/;
- Улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа;
- Дахивар худалдан авах цэг.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ:
- Ресторан;
- Баар /диско, билльярд, караоке, бусад/;
- Кафе;
- Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх/;
- Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар;
- Кофе шоп
- Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг
Ахуйн үйлчилгээ:
- Үсчин;
- Гоо засал;
- Хумс засал;
- Хувцас захиалга, засвар;
- Гутал захиалга, засвар;
- Гэр ахуйн тавилгын захиалга, засвар;
- Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;
- Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;
- Цүнх захиалга, засвар;
- Нүдний шил захиалга, засвар;
- Цоож, түлхүүр засвар;
- Цаг засвар;
- Хими цэвэрлэгээ, угаалга;
- Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ;
- Гэр цэвэрлэх үйлчилгээ;
- Айл нүүлгэх үйлчилгээ;
- Эд бараа түрээслэх үйлчилгээ;
Зочлох үйлчилгээ:
- Зочид буудал;
- Дэн буудал;
- Жуулчны бааз;
- Амралтын газар;
- Гэр буудал;
Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ:
- Нийтийн халуун ус;
- Саун;
- Бассейн;
- Чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спиннинг, аэробик, иог, бүжиг гэх мэт/;
- Алжаал тайлах төв /иллэг/;
- Нийтийн бие засах газар.
Авто үйлчилгээ:
- Авто засвар /агрегат, кузов/;
- Дугуй засвар;
- Автомашины угаалга;
- Автомашины доторлогоо;
- Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор,
гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа;
- Авто зогсоол /битүү, ил/;
Тоглоомын төв:
- цахим
- хүүхдийн
Нийтийн байрны үйлчилгээ
Б. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ:
- Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
- Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
- Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
- Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
- Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
- Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
В. Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ:
- Соёл урлагийн /дуу, хөгжим, бүжиг, драм, кино, драм, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт/ сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
- Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
- Билльярд, боулинг, дэлгэцийн гольф, автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
- Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
- Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
- Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
Улстөр нийгэм
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
Улстөр нийгэм
Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.


Улстөр нийгэм
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Цаг үе2024/08/29
Монгол Улс цахим хөгжил, инновацын чиглэлд Казахстан Улстай хамтран ажиллана
-
Улстөр нийгэм2023/04/24
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн хороодын удирдлагуудтай уулзаж байна
-
Шударга мэдээ2021/12/16
Сүхбаатарын талбайн сүлд модны гэрлийг асаалаа
-
Цаг үе2026/08/25
Стамбул–Улаанбаатарын нислэгээр нэг кг орчим метамфетамин нэвтрүүлэхийг завджэ...
