Цаг үе
АТГ: Ж.Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа
Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагт холбогдох эрүүгийн хэргийн талаар тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулав.
-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Ж.Пунцагийг баривчилсан. Энэ хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой ажиллагаануудыг явуулснаар Ж.Пунцагт холбогдох үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай прокурорт шилжүүлсэн. Прокурор саналыг шийдвэрлэсэн тул одоогоор Ж.Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа.
-Баривчилсан боловч сулласан тухай цахим орчинд гараад байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Хэргийн холбогдогч буюу сэжигтнийг 48 цагийн хугацаагаар баривчлах үндэслэл тогтоогдсон тул түүнийг баривчлан мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааг явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах 4 үндэслэл байдаг ба эдгээр үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалттай. 2002 оноос хэрэгжиж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн цагдан хорих үндэслэлд гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг хамруулж үздэг байсан. 2017 оноос хэрэгжиж буй шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх үндэслэл хуульчлагдаагүй. Тодорхой төрлийн буюу авлига, албан тушаалын гэмт хэрэгт нийгмийн хор аюулын шинж чанараас хамаарч цагдан хорих үндэслэл болгох эрх зүйн зохицуулалт практикт хэрэгтэй байгаа нь үнэн. Хуулийн ийм зохицуулалт дэлхийн улс орнуудад хэрэгждэг туршлага байдаг.
Гэхдээ баривчлаад, цаашид цагдан хориогүй эсхүл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаад өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан гэсэн үг биш. Уг албан тушаалтан нь Эрүүгийн хэрэгт заасан тодорхой төрлийн гэмт хэрэгт буруутгагдан, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Тэгэхээр үүнийг ялгамжтай ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сэжигтнийг баривчлах нь хойшлуулшгүй ажиллагаа, цагдан хорих нь таслан сэргийлэх арга хэмжээ юм. Энэ нь шүүхээс оногдуулж буй эрүүгийн хариуцлагын хэлбэр биш. Гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага тооцох асуудал нь шүүхийн эрх мэдэл, бүрэн эрхийн асуудал. АТГ-ын нэг чиг үүрэг болох мөрдөн шалгах чиг үүргийн хүрээнд хуульд заасан тодорхой төрлийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж гэмт хэргийн шинж тогтоогдож нотлогдсон тохиолдолд шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг Прокурорын байгууллагад хүргүүлдэг.
-Тэгэхээр Ж.Пунцаг одоо яллагдагч гэсэн үг үү?
-Тийм ээ. Ял сонсгож, яллагдагчаар татагдсан байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул хэргийн талаар үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


-
Улстөр нийгэм2023/10/09
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Цаг үе2022/06/15
Хамтарсан штабын дадлага сургуулийг цахимаар хийлээ
-
Улстөр нийгэм2026/05/05
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина
-
Улстөр нийгэм2019/07/16
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана
