Шударга мэдээ
Монголын тээвэрчид 18 улс руу олон улсын ачаа тээвэр хийх боломжтой
Монголын тээвэрчид 18 улс руу олон улсын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой болсон. Одоогоор ОХУ, БНХАУ, Казахстан, Беларусь, Турк, Украин, Латви, Литва, Киргиз, Унгар, Словени, БНАСУ зэрэг улсуудтай Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр байгуулсан. Мөн эдгээр улсаас гадна Гүрж, Словак, Польш, Чех, Герман, Молдав зэрэг 6 улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа. Хэлэлцээр хараахан албажаагүй ч Засгийн газраас зөвшөөрөл олгосны дагуу эдгээр улстай зөвшөөрлийн бичиг солилцон, ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүллээ.
Түүнчлэн улс хоорондын ачаа тээвэрлэлтийг хялбаршуулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Тээврийн яам хоорондын Протоколыг 2019 онд шинэчилсэн. Уг шинэчилсэн протоколоор Монгол Улс болон БНХАУ-д бүртгэлтэй тээврийн хэрэгслээр Монгол Улсад, эсхүл БНХАУ болон гуравдагч улсад бүртгэлтэй чиргүүлийг чирч улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн.
Мөн автотээврийн хэрэгслээр далайн боомт хүрэх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх үүднээс “Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд дараах хоёр чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой. Үүнд: Азийн авто замын сүлжээний АН-3 буюу “ОХУ-ын Улаан-Үд – Улаанбаатар – БНХАУ-ын Тяньжин боомт”, АН-4 буюу “ОХУ-ын Новосибирск – Баян-Өлгий – Ховд – БНХАУ-ын Үрэмчи – Хонгираф боомт” чиглэлд ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдсэн. Гэвч Коронавирусын халдварт цар тахлаас шалтгаалан тээвэрлэлт түр хугацаанд зогссон байдалтай байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Цаг үе2024/03/25
Хөлийн гол орчимд шар усны үер бууж, 30 орчим айл үерт автлаа
-
Шударга мэдээ2020/01/03
“Next stop” наадам бүтээн байгуулагчдын төслийн материалыг хүлээн ав...
-
Улстөр нийгэм2026/04/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчла...
-
Цаг үе2022/04/12
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
