Цаг үе
Ногоон орон сууцыг стандартын дагуу барих шаардлагатайг онцоллоо
Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд Төрийн орон сууцны корпораци, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, “Хабрид хауз” компани хамтран эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан тус төслийн бүтээн байгуулалттай танилцаж, төсөл хэрэгжүүлэгчдийн санал бодлыг сонссон юм.

Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч орлогч Б.Сүхбаатар:
-Ногоон орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж буй энэ цаг үед дулаан болоод эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг олон улсын стандартад нийцүүлж, олон улсын стандартын шаардлагыг хангаж сертификат авч буй газар алга байна. Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлээд эхэлмэгц санхүүгийн механизм ямар байдлаар явах уу, барилга барьж буй аж ахуйн нэгжүүд стандартад нийцсэн орон сууц барих уу, тэднийг хэрхэн чадавхжуулах вэ гэхчлэн олон асуудал тулгарч байгаа. Энэ удаа бид “Хабрид хауз” компанийн үйл ажиллагаатай танилцаж байна. Тус компанийн хувьд дулааныг 100 хувь хэмнэж байгаа давуу талтай. Манай төслийн нэгжийнхэн энэ компанийг олон улсын стандартыг хангаж, сертификат авах тал дээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн санхүүгийн мэргэжилтэн Дэвид Совер:
-Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн хот. Тиймээс эрчим хүчний үр ашиг маш чухал. Орчин цагийн шинэлэг, инновацлаг технологиудыг ашиглаад, дулаан барилга барьж эхэлж буйг харахад сайхан байна. Танай улсын Засгийн газар болоод бусад байгууллага дулаан, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслийг дэмжиж байгаа нь сайн хэрэг. Цаашид илүү олон байшин баригдаад ашиглалтад орохыг тэсэн ядан хүлээж байна. Тохирох санхүүгийн механизмыг олж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж гэмээн төсөл илүү өргөн дэлгэр хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

“Хабрид хауз” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ:
-Гэр хорооллын газарт бохир, цэвэр усны асуудлыг бие даасан байдлаар шийдээд, нарны тусгалыг шингээх байдлаар дулааныг нь шийдсэн амины орон сууцны санхүүгийн модель, технологийн шийдлийг танилцуулсан төслийг хийж байна. Дэнжийн мянгад 1000 ам метр газарт долоон айлын орон сууц барих төслийг мөн хэрэгжүүлж байгаа. Нийт талбайн 40 хувийг ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхаар тооцсон. Бохир, цэвэр ус нь бүгд шийдэгдсэн ногоон орон сууцны төслийн маань иргэдэд санал болгох үнэ ханш харьцангуй хямд байгаа. Аль болох хямд төсөр байхыг хичээж байгаа ч барилгын материалын үнийн савлагаа хүндрэл учруулдаг. Төрийн орон сууцны корпорац, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарсан төсөл учир урьд нь орон сууцанд амьдарч байгаагүй гэр хорооллын айл өрхийг сонгож байгаа. Манай компани Дэнжийн мянгаас гадна Жаргалантын аманд 40 айлын орон сууц барьж байгаа гэсэн юм.
Нийслэлийн хэмжээнд ногоон орон сууцны олон улсын стандартыг нэвтрүүлж, дахин төлөвлөлтөөр барьж буй барилгын чанар, стандартыг дээшлүүлэхийн чухлыг Нийслэлийн Засаг даргын орлогч тодотгосон. Мөн төвийн шугам, сүлжээ хүрч буй талбаруудад гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, ногоон орон сууцыг стандартын дагуу барьж, байгуулах шаардлагатай байгааг албаныхан онцолж байлаа. Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Шар хад, Толгойт зэрэг газруудад шугам сүлжээтэй болгохын дээр ногоон орон сууцыг олон улсын стандартаар нь барьж байгуулан, орон сууцны чанар, стандартын зэрэглэлийг дээшлүүлнэ. Нийслэлийн хэмжээнд 1960 оноос өмнө барьсан орон сууцууд ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрсэн тул дахин төлөвлөлтөд оруулж, шинэчлэн барьж байгаа. Гэтэл 1990-ээд онд барьсан зарим барилга ч ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрсэн нь бий. Энэ нь барилгын чанар, стандарт муу байснаас үүдэлтэй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар онцолж байлаа.
Цаашид Баянхошуу, Сэлбэ, Шар хад, Толгойт бүсүүдэд ногоон байгууламжтай, автомашины зогсоол хүртээмжтэй, насжилт өндөртэй, амьдралын өртөг багатай орон сууцыг барьж байж, бага, дунд болоод өндөр орлоготой иргэд ч тийш зорих нөхцөлийг бүрдүүлэх юм. Ногоон орон сууцны бүтээн байгуулалтыг дагалдан нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, спорт заал, талбай зэргийг хамтад шийдэж байж үр дүн гарна хэмээн тооцоолжээ.
Түүнчлэн орлогод нийцсэн орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тухайн бүсэд аж төрж буй айл өрхүүдийн дунд судалгаа хийх юм. Энэ жилийн хувьд хоёр газарт дөрвөн блок, 800 айлын орон сууцны барилгыг эхлүүлэхээр зорьж буй.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Цаг үе
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.
Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.
Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.
Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.
Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.
Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.
Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

