Шударга мэдээ
“Капитал банк” ХХК-иас НДС, ЭМДС-гийн нэхэмжилсэн өр төлбөрийг барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 23-нд болж, татан буугдсан “Капитал банк” ХХК-иас Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт банкны эрх хүлээн авагчаас санал болгож буй хөрөнгийг тооцож авах асуудлыг шуурхай зохион байгуулах, шилжүүлэн авсан хөрөнгийг борлуулж, холбогдох санд төвлөрүүлэх арга хэмжээг зохих журмын дагуу авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод, энэ ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
Хураагдсан өмчийг нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах, хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж, төрийг хохиролгүй болгох ёстойг Ерөнхий сайд анхаарууллаа.
Капитал банкийг 2019 оны дөрөвдүгээр сард татан буулгахад Монгол банкны шалгалтын тайлангаар бусдад 624,6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болохыг тогтоосон. ЭМДС, НДС-гийн нийт 240,3 тэрбум төгрөгийн өр төлбөртэй гарсан, үүнээс одоо 166,2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
“Төрийн байгууллагыг хохиролгүй болгох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Капитал банкны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 118 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөөс 45,8 тэрбум төгрөгийн хөрөнгийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт, 71,2 тэрбум төгрөгийн хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлж өгөхөөр, үлдэгдэл төлбөрийг Капитал банкны эрх хүлээн авагч нь зээлийн эргэн төлөлтөөр барагдуулна” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Цаг үе2025/09/17
Япон, БНСУ-ын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоодын удирдлагуудыг хүлээн авч...
-
Цаг үе2019/11/04
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
-
Шударга мэдээ2020/02/28
Японд монгол иргэдийн визийн хугацааг сунгуулах чиглэлээр ажиллаж байна
-
Шударга мэдээ2023/02/14
УИХ-ын дарга Г.Занданшатар Ардчилсан намын шинэ даргад амжилт хүсэв
