Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Огноо:

,

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн санаачилгаар “Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.03.21) Төрийн ордонд зохион байгууллаа.

Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах УИХ-ын онцгой бүрэн эрхийг тодотгон тусгаж, “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж заасан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой заалт болсон.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг шинэчилсэн.

Мөн Улсын Их Хурлаар “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан. Хуулийн шинэчлэл хийгдэж байгаа ч өнөөг хүртэл үндэсний онцлогт тохирсон хөгжлийн загвараа тодорхойлоогүй байгаа нь олон сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар 1995 онд манай улсын нэг хүнд ногдох ДНБ 1479.8 ам.доллартай тэнцэж байсан бол 2020 оны байдлаар 4350.2 ам.доллартай тэнцэж байна. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд социалист системээс ижил гараанаас гарсан бусад улс орнуудын нэг хүнд ногдох ДНБ 7-9 дахин нэмэгдсэн.

Энэ бол бид дэлхийн эдийн засгийн хөгжлөөс хоцорч байгааг харуулах нэг жишээ юм. Манай улс өнгөрсөн 30 жилд үйлдвэржилтийн доройтолд орж, уул уурхайгаас хэт хараат эдийн засагтай болсон. Ажилгүйдэл, гадаад өр улам нэмэгдэж байгаа. Тиймээс улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг нэн тэргүүнд тавьж, хөгжлийн асуудлаа алсыг харж, хэтийн төлөвийг төсөөлж тодорхойлох замаар улс орныхоо ирээдүйн хөгжлийн суурийг тавихаар хичээж буй энэ үед салбар бүрийн туршлагатай  судлаачдын үүрэг оролцоо чухал.” хэмээн онцлоод бусад орны жишиг туршлага, тэр дундаа үсрэнгүй хөгжилд хүрсэн Азийн улс орнуудын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн загвар жишээ, туршлагаас суралцахын ач холбогдлыг тэмдэглэлээ.

“Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийн эхний илтгэлийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Хөгжлийн загвар” сэдвээр тавив.

Тэрбээр, “Сүүлийн 30 жилийн хугацаанд манай улсад урт, дунд, богино хугацааны 570 гаруй хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсан байна. Эдгээр баримт бичгүүд залгамж чанаргүй, уялдаа холбоогүй байсан. Өсөлтийг авчирсан өөрчлөлт бол хөгжил юм. Олон улсад хөгжлийн хэд хэдэн загвар байгаа ч хамгийн чухал нь өөрийн орны онцлогт тохирсон загварыг сонгож, нэн тэргүүнд эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. Манай улсад “Монгол гэр” хэлбэрийн хөгжлийн загвар тохиромжтой” гэв. Тодруулбал, гэрийн хоёр багана нь Монголд байгаа нөхөн сэргээгдэх баялаг, хөдөө аж ахуй, мал аж ахуй. Гэрийн унь, ханыг Монголд үйлдвэрлэж, хийж, бүтээж, түүгээр дамжуулан баялаг бүтээж чадах салбарууд болох уул уурхай, аж үйлдвэр, барилга, сэргээгдэх эрчим хүч, тээврийн салбар бүрдүүлнэ. Харин тооно нь аялал жуулчлал бол гэрийн хаалга нь гадаадын хөрөнгө оруулагчдад үргэлж нээлттэй байж, тэднээр дамжуулан орчин үеийн шинэ эдийн засгийн бүх загварыг нутагшуулж, үсрэнгүй хөгжилд хүрэх боломжтой болох юм.

Үргэлжлүүлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн загвар, эдийн засгийн төрөлжилт, аж үйлдвэрийн бодлого, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар Монголбанкны ерөнхий эдийн засагч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (D.Sc) Д.Ган-Очир “Монгол Улсын хөгжлийн “загвар”-ын эрэлд: Өөрийн сургамж, бусдаас суралцахуй” сэдвээр илтгэл тавьж, хувь судлаачийн байр сууриа хуваалцлаа.

Монгол Улсын өсөлтийг хязгаарлагч хэд хэдэн хүчин зүйлс бий. Тухайлбал, манайд санхүүжилтийн эх үүсвэр байгаа ч өсөлт нь цөөн салбарт бий болж байна. Хөрөнгө оруулалт нь уул уурхай, барилгын салбарын цөөн аж ахуйн нэгжид байна. Нөгөө талаар зардал өндөртэй, найдвартай бус тээврийн үйлчилгээ, гааль, татварын урт төвөгтэй процесс, өсөн нэмэгдэж байгаа авлига зэрэг шалтгааныг дурдаж болно. Эдгээр хязгаарлагч хүчин зүйлсийг хөнгөвчлөх нь тогтвортой, өргөн хүрээтэй өсөлтөд хүрэх замаа олоход тусална. Хөгжлийн нь нэг загварыг дагахаас үл хамааран Монголын хөгжлийн шинэ загвар нь төрөлжсөн эдийн засгийг бий болгох, чиг баримжаа нь “хүн төвтэй” буюу амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэх хэрэгтэйг тэрбээр илтгэлдээ онцлов.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Эмерит профессор, Ардын багш Т.Дорж нар хөгжлийн загварыг тодорхойлох арга замын талаар үг хэлж, санал, бодлоо илэрхийллээ. Мөн хэлэлцүүлэгт оролцогч судлаач, эдийн засагчид ажлын байрыг нэмэх, хүний хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц төрийн бодлогын талаар асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн санаачилгаар зохион байгуулж байгаа уг цуврал хэлэлцүүлгийн дараагийнх "Төрийн зохицуулалт" сэдвийн хүрээнд болно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох