Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан БНСУ-ын “ASIANA AIRLINES” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

БНСУ-ын агаарын тээврийн хоёр дахь том компани болох “Asiana Airlines” компани 2019 онд Монгол дахь салбараа нээж, Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд Монгол улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, хоёр орны хооронд зорчих зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тоо болон чиглэлийг нэмэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. “Asiana Airlines” компани өнөөдрийн байдлаар УБ-Сөүл-УБ чиглэлийн нислэгээ долоо хоногт нэг удаа үйлдэж байна. Тус компанийн төлөөллийг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан хүлээн авч, уулзлаа.

“Asiana Airlines” компаний Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Ким Тэ Ёб “Бид цар тахлаас хойшхи анхны гадаад уулзалтаа Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газарт хийж байгаадаа их баяртай байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аль аль улсад нь коронавирусын нөхцөл байдал хүнд байсан ч УБ-Сөүлийн чиглэлийн нислэгээ зогсоохгүй байхыг хичээсэн. Одоогоор долоо хоногт нэг удаа нислэг үйлдэж байгаа бөгөөд цаашид нислэгийн тоо, суудлын тоогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Мөн ОХУ болон Украин улсын нөхцөл байдлаас шалтгаалан агаарын замаар хэт их тойрох хүндрэл сүүлийн үед их болсон. Энэ асуудалд ИНЕГ-тай хамтарч ажиллах боломж бий гэж бодож байна. БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооноос Монгол-Солонгос хоёр улсын хооронд үйлдэгдэх нислэг бол хязгааргүй зах зээл гэж үзэж байгаа. Манай улсын иргэд Монгол улсад аялалаар ирэх хүсэлт их байдаг. Энэ зунаас хоёр улсын харилцан аялал жуулчлалын тоо ч мөн нэмэгдэх төлөвтэй байгаа учир бидний шууд нислэгийн давтамж нэмэгдэх байх” гэсэн юм.

Харин ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Цар тахлын үед зөвхөн Монгол улс гэлтгүй дэлхий дахинд агаарын тээврийн салбар хүнд байдалд байлаа. Гэхдээ удахгүй сайхан цаг ирнэ гэж итгэж байна. Бид агаарын тээврийн компаниудын мэдээллийг цаг тухайд нь авч, нөхцөл байдалтай уялдуулан дараа дараагийн ажлуудаа төлөвлөж байгаа. “Asiana Airlines” компанийн хувьд зөвхөн УБ-Сөүл чиглэлийн нислэг бус Ази Европыг холбосон бусад төрлийн нислэгүүдээ Монгол улсын газар нутгаар дайран өнгөрүүлэх боломжтой. Хэрэв Монгол улсын агаарын замыг ашиглах тохиолдолд манай зүгээс ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй, агаарын замыг аль болох шулуутгах талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Аялал жуулчлалын тухайд судалгаа хийж, зах зээлээ зөв тодорхойлж, түүндээ суурилсан төлөвлөгөө гаргаснаар нислэг болон суудлын тоог нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй ” гэв.

Ийнхүү энэ удаагийн албан уулзалт дараа дараагийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон, үр дүнтэй уулзалт боллоо.

Эх сурвалж: ИНЕГ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох