Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Огноо:

,

Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2022 оны 04 дүгээр сарын 14-нийөдөр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

УИХ-аас 2017 баталсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 17 бүлэг, 255 зүйл, 1058 хэсэг, 908 заалттай бөгөөд тус хуулийн тусгай ангид нийт 2300 орчим үйлдлийг зөрчилд тооцож,  зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах зохицуулалттай байна.

Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас  7.334.349 зөрчилд  шийтгэл оногдуулжээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсэг, заалтаар нь үзвэл 6.696.529 буюу 93.0 хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, 257.071 буюу 3.5 хувь нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 18.238 буюу 0.2 хувь нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих, 30.406 буюу 0.4 хувь нь  гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, 14.715 буюу 4.4 хувь нь танхайрах, 2.681 буюу 0.03 хувь нь тамхины хяналтын тухай хууль зөрчих, 280.907 буюу 3.8 хувь нь бусад төрлийн зөрчил эзэлж байна.

Ийнхүү цагдаагийн байгууллагын  шалган шийдвэрлэж байгаа зөрчлийн дийлэнх хувийг эзэлж байгаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зөрчих зөрчлийн шийтгэлийг оновчтой тогтоох, бусад оронд хэрэгжиж байгаа эрх зүйн оновчтой зохицуулалтыг судалж хэрэгжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр  дүнтэй хувилбараар авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас  ирүүлсэн мэдээллээр хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт сүүлийн 3 жилийн дунджаар 81 хувь байгаа боловч, мөнгөн дүнгийн биелэлт 45 хувь байна. Торгох шийтгэлийн үр нөлөө, биелэлт хангалтгүй, шийтгэлийн шинэ арга механизм, оновчтой хувилбарыг бий болгох зайлшгүй шаардлага байгааг дээрх тоон үзүүлэлт харуулж байна.

Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 16 бүлэгтэй 267 зүйл, 1182 хэсэг, 429 заалттай.

-    Нэгдүгээр бүлэг буюу нийтлэг үндэслэл хэсэгт хуулийн зорилго, зарчим, хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа, хөөн хэлэлцэх хугацааг

-     Хоёрдугаар бүлэгт зөрчил, зөрчил хамтран үйлдэх, зөрчил үйлдсэн хугацаа, газрын талаар

-     Гуравдугаар бүлэгт шийтгэл оногдуулах үндэслэл, шийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд, шийтгэлийн төрөл, шийтгэл оногдуулахгүй байх үндэслэл, шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл,  зөрчлийн улмаас бий болсон хор уршгийг арилгах, тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид шийтгэл оногдуулах зохицуулалтын талаар

-      Дөрөвдүгээр бүлэгт албадлагын арга хэмжээний талаар буюу хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, хохирол, нөхөн төлбөр гаргуулах, албадан эмчлэх болон албан сургалтын талаар

-      Тавдугаар бүлэгт нийтийн хэв журам, ёс суртахуун, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдлын эсрэг зөрчлийн талаар

-      Зургаадугаар бүлэгт хүн амын эрүүл мэнд, хүнс, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчлийн талаар

-      Долоодугаар бүлэгт нийтийн зориулалттай өмч, хүрээлэн байгаа орчны эсрэг зөрчил

-      Наймдугаар бүлэгт боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил

-      Есдүгээр бүлэгт хэрэглэгч, аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил

-      Аравдугаар бүлэгт үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журмын эсрэг зөрчлийг

-      Арван нэгдүгээр бүлэгт барилга, үйлдвэрлэл, эрчим хүчний журмын эсрэг зөрчлийг

-      Арван хоёрдугаар бүлэгт хөдөө аж ахуй, газар тариалангийн талаар тогтоосон журмын эсрэг зөрчлийг

-      Арван гуравдугаар бүлэгт мэдээлэл, харилцаа холбооны журмын эсрэг зөрчлийг

-      Арван дөрөвдүгээр бүлэгт тээвэр, тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчлийг

-      Арван тавдугаар бүлэгт төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчлийг

-      Арван зургадугаар бүлэгт улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчлийг тус тус тусгаж шинэчлэн найруулжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Булган аймагт Эрүүл мэндийн салбарын томоохон цогцолбор бүтээн байгуулалт эхэллээ

Огноо:

,

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой өргөтгөлийн барилгын шав тавих ёслол болж, улсын төсвийн 37,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн цогцолборын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.
 
Шав тавих ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ганболд, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Шижирбаатар болон эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.
 
Төслийн хүрээнд 5 блок бүхий цогцолбор эмнэлэг баригдаж байгаа бөгөөд А блокт амбулаторийн кабинетууд,
 
В блокт рентген, компьютер томографийн оношилгоо болон лабораторийн тасгууд,
 
С блокт хэвтэн эмчлүүлэгчдийн тасгууд,
 
D блокт хэвтэн эмчлүүлэх нэмэлт ор, тасгийн хэсэг,
 
Е блокт шарил хадгалах байр (морг) тус тус байрлахаар төлөвлөгджээ.
 
Тус бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр "Өгөөмөр баян дэнж" ХХК ажиллаж байгаа бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй энэхүү цогцолборыг 2026–2027 онд үе шаттайгаар барьж ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийгдэж байна.
 
Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор оношилгоо, эмчилгээний хүчин чадал нэмэгдэж, иргэд орон нутагтаа чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж өргөжин, Булган аймгийн эрүүл мэндийн салбарын чадавх шинэ түвшинд хүрнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Огноо:

,

2026.06.11 /Пүрэв гараг/
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 
Хуралдаан
10:00
Танхим
Их хуралдай
Хэлэлцэх асуудал
15
Хэлэлцэх асуудал: 15
 
  1. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  2. Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ Төслийн PDF
  3. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  4. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  5. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  6. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  7. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  8. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2026.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  9. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
  11. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  12. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  13. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  14. “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  15. Бусад
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хувийн сургуулиудыг төлбөрийн мэдээллээ ил тод болгох, албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглолоо

Огноо:

,

Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.

Сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо болон суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр сургуулиудын хувьд харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна.

Энэхүү тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Тушаалаар сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах үндэслэл, тооцооллыг хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн шийдвэрийг мэдээллийн систем болон цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр зохицуулах, шинээр элсэгчийн болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан.

Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон болно. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасан.

Энэхүү тушаал хэрэгжсэнээр:

  • Сургалтын төлбөр болон бусад хураамжийн мэдээллийг тогтоосон хугацаанд нийтэд мэдээлдэг болно.
  • Төлбөр нэмэгдүүлэх тохиолдолд тухайн шийдвэрийн үндэслэл, зардлын бүтэц, шаардлагыг ил тод танилцуулдаг болно.
  • Суралцагч сургууль шилжих, сургуулиас гарах үед төлбөр буцаан олгох нөхцөл, журмыг тодорхой мөрддөг болно.
  • Эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх, санал авах ажиллагаа тогтмолжино.
  • Сургалтын төлбөртэй холбоотой маргаан, үл ойлголцол буурч, боловсролын үйлчилгээний ил тод байдал сайжирна.
  • Тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй бөгөөд сургалтын төлбөр тогтоох эрхэд халдахгүй.
  • Харин төлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэж байна.
  • Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм.
  •  

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох