Улстөр нийгэм
Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо Ажлын хэсгийн мэдээлэл сонслоо
УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонслоо.
Ажлын хэсгийн мэдээллийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулав.
Тэрбээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газраас УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас өгсөн үүргийн хүрээнд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Орон нутгийн уул уурхайн компаниудад нийлүүлж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хооронд туршлага солилцуулах зорилгоор уул уурхайн компаниуд болон бизнес эрхлэгчдийн хамтарсан уулзалтыг хоёрдугаар сард Канад улсын “Мerit” төсөлтэй хамтран зохион байгуулсан. Уг уулзалтад таван аймаг дахь уул уурхайн компаниуд, аймгуудын Хүнс, хөдөө, аж ахуйн газрын төлөөлөл оролцсон. Уул уурхайн компаниудад үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийн туршлага хуваалцах уулзалтыг гуравдугаар сард мөн төсөлтэй хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.14-т “Оюутолгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ” гэж заасны дагуу уул уурхайн томоохон компаниудын худалдан авалтад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр нэр бүхий 14 уул уурхайн үйлдвэр эрхлэгчдэд хамтран ажиллах тухай албан тоот хүргүүлсэн гэж мэдээллээ. Уг ажлын хүрээнд “Оюу толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” ХХК зэрэг байгууллагуудын удирдлагатай уулзалт хийжээ.
Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилгоор “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021”, “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021”, “Улаанбаатар түншлэл-2021” зэрэг нэгдсэн арга хэмжээнээс гадна олон улсын форум, үзэсгэлэн арга хэмжээг цахимаар болон танхимаар зохион байгуулж, давхардсан тоогоор 570 гаруй аж ахуйн нэгж, иргэн оролцож, гурван тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийсэн аж.
Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжилт олгох хуваарь болон зээл олгох салбар чиглэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар батлуулахаар ажиллаж байна гэлээ.
Кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг тухайн орон нутаг дахь түүхий эдийн болон ажиллах хүчний нөөц, чадавх бусад онцлогоос хамааран дэмжих, орон нутгийн түүхий эдийн нөөц, эрэлт, хэрэгцээг харгалзан кластераар бүсчлэн хөгжүүлэх чиглэлийг тогтоох зорилгоор МУИС-ийн Бизнесийн сургууль, Эдийн засгийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлжээ.
Ажлын хэсгээс үндэсний болон орон нутгийн кластеруудын өрсөлдөх чадварын судалгаа, кластерын ангилал тодорхойлох аргачлал тодорхойлох шинжилгээг хийж, судалгаанд үндэслэн кластераар бүсчлэн хөгжүүлэх чиглэл, кластерын ангилал тооцох журмын төслийг боловсруулсан гэж мэдээллээ.

Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг дэмжих зорилгоор 2021 онд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 1.8 их наяд төгрөгийн зээлийг 18.000 иргэн, 5000 гаруй аж ахуйн нэгжид олгожээ. Тухайн зээлээр 125 мянган ажлын байр хадгалан үлдсэн байна. Өнгөрсөн онд нийт зээлийн 62 хувь нь нийслэлд, 37 хувийг аймаг, орон нутагт олгожээ. Ажлын байр дэмжих зээлд төсөвлөсөн хоёр их наяд төгрөгийн санхүүжилт дуусч, зээлийн эрэлт их байгаа учраас гурван хувийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж үргэлжлүүлэн олгох, зээлийн зориулалт, зээлдэгчид тавигдах шаардлагыг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна хэмээн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тодотгосон юм.
Ажлын хэсгийн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, цар тахлын улмаас сүүлийн хоёр жил бид том сорилтыг тууллаа. Зарим улс энэ үед дотоодын үйлдвэрлэлээ сэргээсэн, хөгжүүлсэн гэсэн мэдээлэл байна. Хил, гааль хаалттай байсан энэ цаг үед импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрүүд хөгжсөн байх. Манай улсад чухам ямар чиглэлийн үйлдвэрлэлээ сэргээж чадав хэмээн лавласан.
Тэрбээр, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийг банкаар дамжуулан олгох систем бүрдсэн байгаа. Цаашид санхүүжилтийн асуудлыг ямар замаар явуулбал зохилтой вэ. Донор орнуудаас хэрэгжүүлж байсан зорилтот хөтөлбөрийг судалж, үндэсний хэмжээний зорилтот хөтөлбөрийг баталж, банкны системтэйгээ тохиролцоонд хүрч, батлан даалтын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх хэлбэрээр ЖДҮ-ийг дэмжих эх үүсвэр нэмэгдэх бололцоо байна гэж харж байна. Энэ талын тооцоо судалгаа байна уу гэж асуусан.
Том компаниудтай хамтран жижиг, дунд үйлдвэрүүдийг кластер хэлбэрээр хөгжүүлэх судалгаа хийгдсэн зүйл байгаа юу. Том үйлдвэрүүдийн эцсийн бүтээгдэхүүний бэлдэц, зарим технологийн дамжлагуудыг жижиг, дунд аж ахуйн нэгжүүд гүйцэтгэдэг байвал энэ салбар тогтвортой хөгжих боломж гарах байх хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал тодруулсан.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, цар тахлын улмаас хил, гааль хаасантай холбоотой дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлсэн туршлагыг бид судалж үзсэн. Ингэхэд төрөөс дэмжлэг авсан салбарууд нэлээд хөгжсөн байна. Монгол Улсын хувьд энэ хугацаанд хүнс үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл, хоол хүргэлтийн үйлчилгээ илүү хөгжиж, орлого нь нэмэгдсэн байна.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох хоёр зам бий. Нэг нь банкаар дамжуулах, нөгөө нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаар дамжуулан олгох. Олон улсын туршлагаас харахад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан буюу энэ бүтэцээр дамжуулж банкны өндөр шалгуурыг хангахгүй гарааны бизнес эрхлэх гэж буй хүмүүст тодорхой дэмжлэг үзүүлдэг юм байна. Арай томоохон хэсэг буюу банкны шаардлага хангаж байгаа аж ахуйн нэгжүүд банкаар дамжуулан зээлээ аваад явж байгаа. 10 их наядын хөтөлбөр олон гарааны бизнес эрхлэгчийг хаалгаа барихаас хамгаалж чадсан. Бид энэ хоёр замаар зээл олгож явах нь зөв гэж харж байгаа.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг том компаниудтай холбох, тэдний түүхий эдийг бэлтгэх, зарим үйлдвэрлэлийн дамжлагыг гүйцэтгүүлэх асуудлаар эрдэмтэдтэй хамтарч судалгаа хийсэн. Кластер гэдэг ойлголт манай оронд шинэ зүйл байгаа. Бид солонгос, японы кластерын хуулийг, мөн амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлдгийг судаллаа.
Сурагчийн дүрэмт хувцсыг манай улсад нэг компани үйлдвэрлээд, маркетингээ хийгээд борлуулалтаа хариуцаад явдаг бол япон, солонгост эсгүүрийг нэг компани, нэг нь зах, нөгөө нь ханцуйг нь оёод, өөр нэг нь савлаад, бас нэг нь маркетинг хийх мэтээр 6-7 компани хамтран ажиллаж байна. Ингэснээр бараа бүтээгдэхүүний нэгж хугацааны өртөг багасч, үр ашиг нь нэмэгддэг байна. Энэ бүтцийг монголд оруулж ирэхээр судалж байна. Кластерыг тооцох аргачлалыг эхлээд холбогдох яам батална, дараа нь эх суурь нь тавигдана. Одоогоор журам боловсруулсан байгаа. Удахгүй ажил хэрэг болно гэж бодож байна гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Г.Ганболд, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгосон зээлийн үлдэгдэл, эргэн төлөлтийн талаар тодруулсан.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Жижиг, дунд үйлдвэрийн газар 2020 оны наймдугаар сард байгуулагдсанаас хойш Хууль, тусгай активын хэлтсийг байгуулж, таван албан хаагчтайгаар ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 350 орчим зээлдэгчтэй холбоотой асуудал дээр хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна. Өр төлбөрийг барагдуулах чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байна.
Сангийн хувьд өнөөдрийн байдлаар 254 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. 2019 онд зөрчилтэй зээлдэгчээс 4 тэрбум төгрөгийн эргэн төлөлт орж ирсэн бол дээрх хэлтсийг байгуулснаар 2020 оны 16 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Энэ жил 36 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна гэлээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа дэд хорооноос Байнгын хорооны тогтоолыг боловсруулж, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ. Уг тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөхөөр тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Улстөр нийгэм2025/08/25
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт
-
Улстөр нийгэм2020/11/05
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Цаг үе2021/02/01
Коронавируст халдварын 21 дэх шатны эрсдэлийн үнэлгээг цахимаар хийлээ
-
Улстөр нийгэм2025/04/23
ХЗБХ: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгийн тө...
