Улстөр нийгэм
“Парламентын боловсрол” илтгэх ур чадвар, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэг хамтран “Парламентын боловсрол” илтгэх ур чадвар, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны тавдугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Карл Реймунд Попперын нэрээр нэрлэгдсэн Карл Попперын мэтгэлцээнд Дархан-Уул, Дорноговь, Орхон аймаг болон Улаанбаатар хотоос нийт 64 баг оролцож байгаа бөгөөд баг тус бүр гурван гишүүнтэй. "Парламентын боловсрол" мэтгэлцээний нээлтийн албан ёсны арга хэмжээ өнөөдөр (2022.05.29) Отгонтэнгэр Их сургуульд болж, нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар цахим мэндчилгээ илгээв. Тэрбээр, ХХ зууны хамгийн алдартай гүн ухаантнуудын нэг Карл Попперын санаачилсан мэтгэлцээний загвар нь уран сэтгэлгээний чадварыг хөгжүүлэх, өөр өөр үзэл бодолтой байхыг хүлээн зөвшөөрөх ухаанд суурилж, эсрэг тэсрэг саналууд дээр ур ухаанаа заран мэтгэлцэж сурах дүрэмтэй. Уг дүрмээр мэтгэлцэх урлагийн тэмцээнд ур ухаан, авхаалж самбаагаа сорьж буй нийт 64 багийн 192 оролцогчдод амжилт хүсэв.

Үргэлжлүүлэн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан мэтгэлцээнд оролцогчидтой нөхөрсөг яриа өрнүүлж, эрч хүч, урам зориг өгөхийн сацуу мэтгэлцэгч нь ялахын тулд биш суралцахын тулд, бусдыгаа хүндэтгэж мэтгэлцэхийг уриалав. Мэтгэлцээн бол өрсөлдөөн бус соёл гэдгийг онцлоод нийт оролцогчдод халуун баяр хүргэв. Тэрбээр үргэлжлүүлэн парламентат ёсны түүх, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, түүнтэй холбоотой нийтлэг мэдлэгийг олгохоор “Парламентын боловсрол” хөтөлбөрийг танилцуулав.

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд анх удаа зохион байгуулж буй Карл Попперийн тэмцээний 64 багийн мэтгэлцэгчид 16 хэсэгт хуваагдсан бөгөөд хоёрдугаар шатны ялагчид болох 32 баг өнөөдөр өрсөлдөж, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн маргааш Төрийн ордонд зохион байгуулагдана. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр, Тамгын газрын Цахим парламент, инновацын газрын дарга Б.Өлзийбат, "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь" төслийн зохицуулагч Д.Уянга болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг цогц, системтэй ойлгуулахаас гадна парламент үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй байх нь ямар чухал болохыг хүүхэд, залуучууд, олон нийтэд тайлбарлан сурталчлах зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөр 2021 оноос амжилттай хэрэгжиж байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Үзэл бодол2024/08/20
Л.Хосбаяр: Монголын старт-апууд Японы технологийн салбарынхантай хамтрах боломж ...
-
Шударга мэдээ2026/03/31
Хүүхэд хохирсон хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
-
Улстөр нийгэм2023/04/14
Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
-
Шударга мэдээ2024/05/08
“Өнөр бүл”-ийн гурван хүүхэд Германд сурна
