Цаг үе
Энэтхэгийн “ITEC" хөтөлбөрт Монголоос 3500 гаруй ажилтан хамрагджээ
Энэтхэг улсын ЭСЯ-наас Энэтхэгийн тэргүүлэх боловсон хүчний бүрдүүлэгч хөтөлбөр болох Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр /ITEC/ байгуулагдсаны 55 жилийн ойг “Блю Скай” зочид буудалд энэ сарын 14-нд тэмдэглэлээ.
Энэтхэгийн Засгийн газраас ITEC хөтөлбөрийг 1964 оны 9-р сарын 15-нд эхлүүлсэн. Сүүлийн 55 жилийн хугацаанд ITEC нь Энэтхэгийн өсөлт, хөгжлийн асар том, өвөрмөц туршлагыг 160 орны 200 мянга гаруй төрийн албан хаагч, мэргэжилтнийг тус улсын тэргүүлэх байгууллагад сургажээ. ITEC нь жил бүр мэдээллийн технологи, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, засаглал, аж ахуй, эрчим хүч, парламентын судалгаа гэх мэт өргөн хүрээний мэргэжилтнүүдэд 12 мянга орчим тэтгэлэг олгодог бөгөөд үүнийг цаашид өргөжүүлэх шаардлага тулгардаг байна.
Энэтхэгээс Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх хэлэхдээ, “Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Энэтхэг улс мэдээлэл технологи, санхүү, эрүүл мэнд, хүний нөөц, тогтвортой хөгжил, засаглал, дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр асар их туршлага хуримтлуулсан бөгөөд бидний стратегийн түнш, оюун санааны болон гуравдагч хөрш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ITEC хөтөлбөрөөр дамжуулан туслахдаа бид баяртай байна. Ингэснээр бидний өнө эртний найрсаг харилцаа улам бэхжих нь дамжиггүй. Ирж буй цаг үе, өргөжин тэлж буй чиг хандлагыг дагаж, ITEC хөтөлбөрүүд ч хиймэл оюун ухаан, интернэт төхөөрөмж, нано технологи, нарны болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр дэх технологийн дэвшлийг ашигласан сургалтад хамруулж чадавхыг бэхжүүлсээр байна. Монгол Улс нь ITEC болон ICCR-ийн 250 орчим буюу их тооны тэтгэлэг авдаг улсын нэг юм.
Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд 200 мянга гаруй мэргэжилтэн, түүний дотор 3500 гаруй монгол хүн ITEC-д хамрагдаад байна. Хамгийн нэр хүндтэй төгсөгчдөөс дурдвал, Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-ийн даргаар Д.Одбаяр, ҮХЦ-ийн гишүүнээр Г.Баясгалан нар ажиллаж байна.
Энэ жилээс Энэтхэг улс газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиглалт, засварын монгол инженер, техникч болон бусад ажилчдыг сургахад зориулан 40 тэтгэлэг хуваарилж, 2023 онд үйлдвэр ашиглалтад ороход бэлтгэж байгааг дуулгахад таатай байна” хэмээв. 2019-2020 оны хичээлийн жилд Энэтхэгийн 100 орчим нэр хүндтэй дээд сургуульд 160 түнш орны иргэний болон батлан хамгаалахын мэргэжилтнийг 350 орчим богино болон урт хугацааны хөтөлбөрт хамрагдах 14 мянга орчим тэтгэлэг санал болгож байгаа аж. Монгол бол Энэтхэгийн хамгийн анхны ITEC түншийн нэг юм.
Энэтхэгийн Засгийн газар жил бүр иргэний сургалтад зориулж 200, төрийн албаны чиглэлээр 15 сургалтын төлбөрийг зөвхөн ITEC хөтөлбөрийн хүрээнд батлан хамгаалахын чиглэлээр, дээд боловсролын сургалтын 50 оюутан, хинди хэлийг сурах 4 тэтгэлэгт олгодог. Монголын 3500 гаруй ажилтан ITEC хөтөлбөрт хамрагдсанаар үр шимийг нь хүртээд байна.
Тэд англи хэлний мэдлэг олгох сургалтад хамрагдаад зогсохгүй томоохон мэдээллийн дүн шинжилгээ хийх, сонгуулийн менежментийн чадавхыг хөгжүүлэх, иогийн сургалт, шинжлэх ухаан, технологийн инновацын бодлого, банк санхүү, менежмент гэх мэт чиглэлээр мэргэшсэн хөтөлбөрт хамрагджээ.
Цаг үе
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.
Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна. Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ.

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал, 280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн.

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав. Япон Улсад 21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна.







Цаг үе
Жетро монголд салбараа нээнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.
Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.
Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.
Цаг үе
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ
Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.
Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.
Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.
О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.
-
Шударга мэдээ2025/06/09
Төрийн банк “Кинг Тауэр” цахим тооцооны төвийн нээлтээ хийлээ
-
Шударга мэдээ2024/04/29
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн засварлана
-
Цаг үе2023/05/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2020/12/31
Өнөөдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн


