Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгагчаар И.Уянга, Л.Эрдэнэчулуун нарыг томиллоо

Огноо:

,

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны өнөөдрийн  хуралдааны эхэнд Хөгжлийн банкны асуудлаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр,"Чанаргүй зээлийг гурван хэсэгт багцалж байгаа. Үүнд, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 563 тэрбум төгрөгийн өр, “Кю Эс Си”, “Хөтөл” гээд хоорондоо хамаарал бүхий этгээдийн 495 төгрөгийн өр, хувийн аж ахуйн нэгжүүдийн 700 гаруй тэрбум төгрөгийн зээл буюу нийт 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл байна. Монголбанкнаас 2020 онд хийсэн шалгалтаар дээрх нийт чанаргүй зээл дээр 1.3 их наяд төгрөгийн зээлийн болзошгүй алдагдлын сан байгуулах акт тавьсан. Энэ оны нэгдүгээр сараас хойш Засгийн газар Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг эхлүүлсэн. Ирэх онд хоёр Самурай, Чингис  бонд төлөгдөх цаглабартай. Ирэх оны ес, арванхоёрдугаар сард бондын өрийг төлнө. Засгийн газрын давхар баталгаатай өр төлбөр тулж ирсэн учир гадна талдаа өөрөө төлөх, деполт болохоос сэргийлэх арга хэмжээ авч байна. Одоогийн байдлаар 240 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдөөд байна.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банканд үүссэн төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээлийн өрийг хэрхэн төлүүлэх талаар ярилцсан. Ингэхдээ Засгийн газар, Хөгжлийн банкнаас гаргасан шийдлүүдийг нэгтгээд арга хэмжээ авах чиглэлээ тодорхой болгосон. Засгийн газар үүргээ хүлээх үү, Хөгжлийн банкийг дампууруулах уу гэдэг салаа замын сонголт дээр ирээд байгаа юм. Тодруулбал, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээл нь 2014, 2015 онуудад үүссэн. Ялангуяа ТОСК, НОСК-тай холбоотой их хэмжээний зээл гарсан. Анх энэ зээл арилжааны зорилготой гарсан. Гэтэл Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт хийгээд орон сууц баригдсаны дараа тухайн үеийн хоёр ч Засгийн газар дамжаад нэг хэсгийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, нөгөө хэсгийг нь зүгээр олгочихсон. Ингэхээр тухайн зээлийн төлбөр орж ирэхгүй байна гэсэн үг. Засгийн газраас тухайн жилүүдэд төсөвт тусгаад, төсвөөс төлөөд явах тогтоолуудыг гаргаж байсан ч энэ үүргээ биелүүлээгүй учраас эдгээр чанаргүй зээлүүд үүссэн. Засгийн газраас цаашид өмнө гаргасан шийдвэрийн дагуу жил бүр төсөвт дарамт багатайгаар гэхдээ Хөгжлийн банкаа дампууруулахгүй үүргээ биелүүлээд явна. Нөгөө талаар чанаргүй зээл үүсгэсэн буруутай этгээдүүдээр төлүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөөд байна" гэлээ.

Үргэлжлүүлэн Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хийв.

2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 40 зээлдэгч 243.7 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Үүнээс 63.8 тэрбум төгрөг нь хэвийн, 92.7 тэрбум төгрөг нь анхаарал хандуулах шаардлагатай, үлдсэн 54 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангиллын зээл байна. Харин 33.2 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгджээ.

Хөгжлийн банкны зээлийн нийт үлдэгдэл 3.2 их наяд төгрөгтэй тэнцүү байна. Үүнээс хувийн хэвшлийн нийт зээл 1.7 их наяд төгрөг бөгөөд Монголбанкны актаар 702.4 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагатай. Мөн Хөтөл болон  “Кю Эс Си”-ийн нийт зээлийн үлдэгдэл 521 тэрбум төгрөг. Үүнээс 505.8 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагатай аж.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул танилцуулгадаа, “Банкны зүгээс хувийн хэвшлийн зээлийн багц дээр ажиллаж байна. АТГ, ЭЦГ, Прокурор дэмжлэг үзүүлэн ажиллаж, үр дүн гарч байна. Харин Хөтөл, Кью Эс Си болон төрийн өмчит компаниудын асуудалд Засгийн газар манлайлж, Хөгжлийн банк дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа.  Засгийн газраас төрийн өмчит компаниудын зээлийн асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд ТОСК-тай холбоотой 201.7 тэрбум төгрөгийн зээл байна. Буянт Ухаа 1, 2, Хөдөлгөөнт цогцолбор гэсэн гурван төсөл байна. Засгийн газраас Буянт Ухаа 1, 2 төслийн зээлийн үлдэгдлийг ТОСК үнэт цаас гарган Хөгжлийн банканд эзэмшүүлэх замаар өрийг төлөх ажлыг төлөвлөж байна.  Хөдөлгөөнт цогцолбор төслийн хөрөнгийг зарж борлуулах замаар Хөгжлийн банкны өр төлбөрийг барагдуулахаар төлөвлөж байна. Энэ гурван төслийн асуудал шийдэгдвэл Хөгжлийн банканд 135.1 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан шийдэгдэнэ. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ 3.4 саяар сайжирч, төлбөрийн чадвар 201.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой” гэв.

Танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Э.Батшугар, Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс ТОСК болон Эгийн голын УЦС-ын төслийн хүрээнд авсан зээл болон ДЦС-4, "Эрдэнэс Монгол", Таватолгой ЦС-ын төслийн хүрээнд авсан зээлүүдийн талаар тодрууллаа.

Одоогийн байдлаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үлдэгдэл 155.5 тэрбум төгрөгийн төслийн зээл байна. Тус компанийн зээлийн эргэн төлөлт бүрэн дуусаагүй байна. Тодруулбал, 2015 оны 449 дүгээр тогтоолд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлснээр Хөгжлийн банкнаас олгосон 170 тэрбум төгрөгийн үлдэгдэл хөрөнгийг 2019, 2020 оны улсын төсөвт тусгаж, эргэж төлнө гэсэн заалт байна. Уг заалт хэрэгжээгүйгээс Хөгжлийн банканд чанаргүй зээл болон үлдсэн. Үүнийг барагдуулахад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн ногдол ашгаар зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсныг Хөгжлийн банкны захирал Н.Мандуул хариултдаа онцлов.

Үүнээс гадна Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 400 Мвт хүчин чадалтай ДЦС байгуулах Эрчим хүчний яамны төсөлд Хөгжлийн банкнаас зээл олгосон бий. ДЦС-ын төсөл хэрэгжээгүйтэй холбоотойгоор энэ зээл төлөгдөөгүй байна. Засгийн газраас зээлийн үлдэгдлийг Тавантолгой ДЦС-ын гүйцэтгэгч шалгарсан тохиолдолд төслийн барилга угсралтын ажлын зардалд оруулан төлж барагдуулах шийдвэр гаргажээ. Эгийн голын УЦС ТӨК-д бүртгэлтэй 48.7 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд байгаа гэлээ.

Үргэлжлүүлэн Түр хорооны хуралдаанаар хянан шалгагчдыг томилох тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Монгол УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Хянан шалгах түр хорооноос хянан шалгагч томилох эрхтэй. Тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 -т “Хянан шалгагч нь сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухайн асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах чадвартай, гурваас доошгүй жил тухайн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан туршлагатай Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байна.” гэж заасан.

Ингээд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны хянан шалгагчаар Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Идэрийн Уянга, Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын менежер Лувсандашийн Эрдэнэчулуун нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хянан шалгагч нь хараат бусаар ажиллаж, нотлох баримт бүрдүүлэх, нотлох баримт гаргаж өгөхийг шаардах, холбогдох этгээдээс тайлбар авах, танилцсан тэмдэглэл хөтлөх, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, түр хороонд тогтоол гаргуулах санал хүргүүлэх эрх, үүрэгтэй ажиллах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох