Улстөр нийгэм
НББХ: Хаврын чуулганы хугацаанд 35 асуудал хэлэлцэж, хоёр хуулийн төслийг эцэслэн батлуулав
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 11 удаа хуралдаж, нийт 35 асуудлын хүрээнд 2 хуулийн төсөл, 2 Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 17 Байнгын хорооны тогтоолын төсөл, 2 хяналт шалгалтын тайлан, 5 яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл, 2 албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлсэн.
Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар
Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн 5 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 5 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 1 танилцуулгыг бэлтгэж холбогдох Байнгын, Дэд хороонд хүргүүлж, ажлын хэсгийн 2 танилцуулгыг бэлтгэж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 13 саналын томьёолол, эцсийн хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 3 саналын томьёоллыг тус тус бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажиллав.
Байнгын хорооны эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 2 хууль, 2 Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган эцэслэн батлуулж, Байнгын хорооны 17 тогтоолыг баталж, 3 нийтийн сонсгол, 3 хэлэлцүүлэг, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах 7 ажлыг зохион байгууллаа.
Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 3 байгуулан ажилласнаас 4 ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байна.
Байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсэг
1.Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022.04.12-ны өдрийн 09 дүгээр тогтоол. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаар ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ц.Туваан нарыг оруулан ажлын хэсгийг байгуулсан.
2.Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр Б.Бейсен, Б.Жаргалмаа С.Одонтуяа нарын гишүүдээс 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022.04.20-ны өдрийн 10 дугаар тогтоол. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, Ц.Туваан нарыг оруулан ажлын хэсгийг байгуулсан.
3.Эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022.05.10-ны өдрийн 12 дугаар тогтоол. Улсын Их Хурлын гишүүн П.Анужинаар ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, Ц.Туваан нарыг оруулан ажлын хэсгийг байгуулсан.
4.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5.1.3, 5.1.4, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолын хавсралтын 4.2.10 дахь заалтын хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцааны бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлж, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлсэн эсэхийг хянан шалгах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022.05.15-ны өдрийн 17 дугаар тогтоол. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараар ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ц.Туваан, С.Чинзориг, Ч.Ундрам нарыг оруулан ажлын хэсгийг байгуулсан.

Хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Н.Учрал нарын гишүүдээс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулав.
Монгол Улсын Их Хурлын тогтоол
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 21 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлуулав.
Хяналт, шалгалтын ажлын талаар
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын чиглэлээр Монгол Байнгын хорооны тогтоолоор 3 ажлын хэсэг тус тус байгуулан ажиллуулж, 1 хяналт шалгалтын түр хороо байгуулж, нийтийн сонсгол 3 удаа зохион байгуулж, холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажлын хүрээнд 18 байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Бусад ажлын талаар
Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор 2 хууль тогтоомжийн төслийн талаарх олон нийтийн 3 хэлэлцүүлэг, 8 уулзалт, ярилцлага, 1 сургалт, семинар, гадаадын зочид төлөөлөгчтэй уулзах 2 уулзалтыг зохион байгуулж ажиллав.
Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 1 хууль, тогтоолын төсөл, 11 Байнгын хорооны санал, дүгнэлт, 1 Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулга, 111 мэдээ, мэдээлэл, 3 байгууллагын тайланг Улсын Их Хурлын цахим хуудас болох forum.parliament.mn болон иргэд олон нийтээс санал авах D.Parliament.mn болон Нийгмийн бодлогын байнгын хорооны цахим хуудсанд тус тус байршуулсан.
Иргэдээс Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээнд 27 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хариу өгөх шаардлагатай 27 өргөдөл, гомдолд хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 96 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 36 албан бичигт Байнгын хороодоос хариу өгсөн байна.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд баталсан 2 хууль тогтоомж болон Байнгын хорооны баталсан тогтоол, албан бичгийн хувийн хэргийг архивын нэгж болгон шилжүүлсэн.
Нийгмийн бодлогын байнгын хороо
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
