Шударга мэдээ
Ерөнхий сайд Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа.
Уулзалтаар “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагаа, дэлхий дахины геополитикийн асуудал, улс орны эдийн засгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ жилээс Улсын төсвийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг авахаар шийдвэрлэсэн бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан шатанд ажиллаж буй эдгээр хүмүүсийн саналыг өнөөдөр сонслоо.
Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусган батлуулж, хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хүрээнд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, авто болон төмөр замаар холбох, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэмэх, аж үйлдвэрийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, ногоон хөгжил, төрийн бүтээмжийг сайжруулах бодлогын ажлууд хийгдэж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллаж буйг Ерөнхий сайд тэмдэглээд “Шинэ сэргэлийн бодлого”-д хөдөө орон нутгийг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж түгжрэлийг бууруулах бодлого тусгагдсаныг онцоллоо. 2022 оны улсын төсөвт түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг суулгасан бол 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгана гэлээ. Үүний хариуд үр дүн, хариуцлага нэхнэ. Нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд анхаарууллаа.
Уулзалтад оролцогчид “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан бодлого, арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг хүсээд Улаанбаатар хотын түгжрэл, нийтийн тээвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт, алслагдсан хороодын хөгжил, хавтгайрсан халамж, боловсон хүчний асуудал зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажилласанд талархал илэрхийллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэсгийн ахлагч нарын санал хүсэлтийг судалж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох сайд нарт даалгалаа. Алслагдсан хороодын хөгжилд түлхүү анхаарахаа илэрхийллээ. Мөн төрийн бодлогыг бодит ажил болгоход дунд, анхан шатны байгууллага, ажилчдын идэвх, оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг тэмдэглэн хэллээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулж 2023 оны улсын төсвийн төсөлд санал авах уулзалтууд үргэлжилнэ.





Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
