Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээнд оролцов
Эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын ногоо, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээсэн төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд сурталчлан таниулах, борлуулалтыг дэмжих зорилготой “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээ 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ.
17 дахь удаа зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээсэн юм. Улсын Их Хурлын дарга хүнсний хангамж, иргэдийн эрүүл амьдрал, хүний бие махбодын хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах нь хамгаас чухал гэдгийг онцлов.
Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хийх уриалга гаргаж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан билээ. Энэхүү тогтоолд 5 томоохон зорилтын хүрээнд 42 үйл ажиллагааны чиглэл, 114 хэрэгжүүлэх арга хэмжээг багтаасан.
Тухайлбал, монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, хүнс экспортлогч улс болоход шаардлагатай эрх зүйн шинэчлэл хийх, хөдөө аж ахуйн кластеруудыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд байгуулах, түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон тээвэр логистикийн оновчтой сүлжээг хөгжүүлэх, тариалангийн талбайг хашаажуулж, ойн зурвас байгуулах, эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх зэрэг чухал арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.
Түүнчлэн хүн амыг хүнсний ногоогоор жилийн дөрвөн улирлын турш тогтвортой хангах хүлэмжийн цогцолбор, зоорийн аж ахуйг нэмэгдүүлэх, стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн стратегийн байнгын нөөц бүрдүүлдэг болох, итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилдэг болох, мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх стратегийг сайжруулж, био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг нэвтрүүлэн ойрын таван жилийн хугацаанд малын өвчингүй эрүүл бүс нутаг болох, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин, мэргэшсэн ажилтнуудыг үе шаттай бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлэх, хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэрүүдийг шинээр байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэдгийг дурдсан.
Тэрбээр, энэхүү тогтоол хэрэгжсэнээр ойрын хугацаанд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашлаад элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр өөрийгөө хангах, улмаар хүнс экспортлогч улс болох боломжтой гэлээ.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахын зэрэгцээ дотооддоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг нийт иргэддээ уриаллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нээлтийн арга хэмжээний үеэр, Өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 32,3 хувийг үйлдвэрлэж байгаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг татах, тогтолцооны хувьд эрс шинэчлэл хийх зорилгоор Улсын Их Хурлаас баталсан 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлж эхлээд буйг дурдаад, ард түмнээ эрүүл чанартай, тогтвортой үнэтэй хүнсээр хангах нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гол зорилго гэлээ. Тэрбээр, монгол газрын эрүүл хөрсөнд ургасан шимт хүнсийг дэлхийн зах зээлд гаргахын тулд салбарын сайдын хувьд бодлогоо тодорхойлж ажиллах болно хэмээсэн.
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээнд нийслэл, хөдөө орон нутгаас 400 гаруй үйлдвэрлэгч, тариаланчид оролцож байгаа бөгөөд 2000 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байна. Энэхүү арга хэмжээ есдүгээр сарын 25-ыг дуустал зохион байгуулагдана. Арга хэмжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улстөр нийгэм
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
Улстөр нийгэм
Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.


Улстөр нийгэм
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Үзэл бодол2020/02/14
АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татах санал дахин хүргүүллээ
-
Цаг үе2023/11/16
“Web awards 2023” цахим сэтгүүл зүйн салбарын тэргүүн наадамд оролцо...
-
Урлаг спорт2019/08/02
Наадмаар бохирдуулсан нуурыг тамирчид цэвэрлэж, хогийг нь “Ард” даат...
-
Улстөр нийгэм2022/03/10
“Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг байгуу...
