Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Төрийн банкны хувьцаа тогтвортой, өгөөжтэй хөрөнгө оруулалт болно

Огноо:

,

Төрийн банк Банкны тухай хуульд заасны дагуу анхлан нээлттэй хувьцаат компани болж IPO гаргахаар болжээ. Бид энэ талаар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөртэй ярилцлаа.

Төрийн банк IPO гаргах, иргэдэд хувьцаагаа худалдах бэлтгэл ажил хэр явцтай байгаа вэ. IPO гаргах бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?

-Банкны  тухай  хуулийн нэмэлт өөрчлөлтөөр системийн нөлөө бүхий банкууд Олон нийтэд нээлттэй хувьцаат компани болохоор хуульчилсан. Хуулийн хүрээнд тэдгээр банкууд 2023 оны зургаадугаар сарын 30 гэхэд нээлттэй хувьцаат компани болох ёстой. Төрийн банкны хувьд төрийн өмчийн банк гэдгээрээ IPO хийх ажил бусад банкуудтай харьцуулахад нэлээд онцлогтой байсан. Үүний дагуу, бид банкныхаа үнэлгээг хийлгэж, аудитын болон хуулийн зөвлөх компаниудаар дүгнэлт гаргуулж, активын чанараа шалгуулан шаардлагатай бэлтгэл ажлуудыг хийгээд дууссан. Монголбанк, Монголын Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооноос Төрийн банкны үнэт цаасны танилцуулгыг хянаж үзээд үнэт цаасны бүртгэлийн зөвшөөрлийг өглөө.

Төрийн банк яагаад бусад банкаас өөр гэж. Үүнийг Та тодорхой тайлбарлахгүй юү?

-Төрийн банк бол төрийн өмчийн банк. Төрийн өмчит компанийг нээлттэй хувьцаат компани болгохын тулд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль журмын дагуу Засгийн газрын хуралдаан болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлдэг. Энэ хүрээнд бид Засгийн газрын хуралдаан, УИХ-ын чуулганы хуралдаанаар асуудлаа оруулаад олон нийтэд нээлттэй банк болох шийдвэрээ гаргуулсан. Манай банк системийн банкуудаасаа хамгийн түрүүнд AQR буюу Активын чанарын үнэлгээгээ хийлгэж дууссан. Мөн зургаадугаар сарын 30-нд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид олон нийтэд нээлттэй санал болгох үнэт цаасны танилцуулгаа хүргүүлж бусад банкаасаа түрүүлж албан ёсны зөвшөөрлөө авлаа.

Төрийн өмчит компаниудаас нээлттэй хувьцаат компани болсон сайн туршлага бий юу?

-Хамгийн энгийн жишээ гэвэл “Монгол шуудан” ТӨХК. Тус компани 2015 онд анх төрийн өмчийн хувьчлалын жагсаалтад багтаж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болоход оролцсон байдаг. Тухайн үедээ хувьцааных нь ханш 185 төгрөг байсан бөгөөд тус компанийн 34 хувийг олон нийтэд санал болгосон. Яг өнөөдрийн байдлаар “Монгол шуудан” ХК-ийн хувьцааных нь ханш 1,000 төгрөг орчим болоод өсчихсөн. Тэр хэрээр тухайн компанийн үнэлгээ өссөн, компанийн засаглал сайжирсан, тодорхой зардлууд нь буурсан байна. Улсын төсвөөс татаас авдаг байсан бол одоо санхүүгийн чадавх нэмэгдсэн, цэвэр ашгийн үзүүлэлт, өөрийн хөрөнгийн хэмжээ өсөлттэй байна. Дэлхийн олон улсын тээвэр зуучлалын компаниудтай чөлөөтэй ажилладаг. Жишээнүүдээс дурдахад ийм байна.

Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч банк болох зорилтоо танилцуулсан. Дундаж давхаргыг дэмжих зорилтынхоо талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Засгийн газраас Төрийн банкийг дундаж давхаргыг дэмжигч банк болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд бид алсын хараа, эрхэм зорилго, цаашдын стратегиа шинэчлэн тодорхойлсон. Эдийн засгийн ачааг үүрч явдаг нийгмийн тулгуур бүлэг болох дундаж давхаргыг бойжуулах, тэдний амьдралын чанарыг сайжруулах, зээл, санхүүжилтийг олгоход банк санхүүгийн холбох гүүр нь Төрийн банк болон ажиллах юм. Дундаж давхаргыг дэмжигч банкны цогц төлөвлөгөөг бид өнгөрсөн онд гаргасан бөгөөд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсрол, зөвлөгөө мэдээлэл өгөх гэсэн гурван чиглэлийн дагуу нийгмийн дундаж давхаргаа дэмжин ажиллахаар төлөвлөсөн. Цаашид ч банкны стратеги болон бизнес төлөвлөгөөнд энэ ажил маань байнга тусгагдан хэрэгжих болно.

Та дундаж давхаргыг дэмжигч банк болох зорилтын хүрээнд гурван чиглэлийн ажлыг хэрэгжүүлэх талаар ярилаа. Ямар ажлуудыг одоогоор хэрэгжүүлээд байгаа вэ?

– Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх чиглэлийн хүрээнд 2024 оныг дуустал 6 төрлийн хадгаламж, 12 төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг шинээр гаргахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 3 төрлийн хадгаламж, 3 төрлийн зээлийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлээд байна. Төрийн банк нь иргэдийн зах зээлд төвлөрөн ажилладаг тул энэ чиглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа илүү санал болгодог. Төрийн банкны хувьд хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, бойжуулахтай холбоотой төсөл, хөтөлбөр, зорилтот аянууд болон санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг зорилтот хэсэгт хүргэх ажлуудыг зохион байгуулсаар байна.

Харин бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 5 төрлийн карт, Киоск төхөөрөмж, андройд ПОС төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүлсэн. Манай харилцагчдын багагүй хувийг малчид болон орон нутгийн иргэд, орон нутгийн бизнес эрхлэгчид эзэлдэг. Бид гар утсаараа дансаа удирдах боломжтой “Гялсбанк” аппликейшн шинэчлэх ажлыг эхлүүлж, энэ ажлын хүрээнд гурав хүртэл сая төгрөгийн зээл авах “Гялс зээл” үйлчилгээ болон цаг уурын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээллийг авах боломжуудыг шинээр нэвтрүүлсэн.

Санхүүгийн боловсрол, зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлд бид Инкубатор төвийг шинээр байгуулж, түүгээр дамжуулан орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зориулсан сургалт, зөвлөгөө өгөх арга хэмжээг тогтмол зохион байгуулан ажиллаж, одоогийн байдлаар нийт 1,002 бизнес эрхлэгчид, 10,903 иргэнд санхүүгийн боловсрол олгож, 113 сургагч багш, 44 зөвлөх багшийг бэлтгэжээ. Бид Монголбанк, ЖДҮГазар, МҮХАҮТ, СЭЗИС, Бест төсөл, Эрүүл амьдралын жигүүр ТББ, 4 дүгээр эмнэлэг, Сон медикал эмнэлэг зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байна.

Засгийн газраас дундаж давхаргыг тодорхойлсон. Төрийн банкны нийт харилцагчдын хэдэн хувь нь дундаж давхаргын иргэд байна вэ?

-Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Монгол Улсын нийт иргэдийн 70 орчим хувь нь дунджаас доогуур орлоготой байна гэсэн тоон мэдээлэл гарсан. Төрийн банкны 2.3 сая харилцагчийн 70 гаруй хувь нь дунджаас доош орлоготой, 27 орчим хувь нь дундаж орлоготой иргэд байна. Дундаж давхаргыг дэмжихийн тулд иргэдийн орлогод нийцсэн санхүүгийн үйлчилгээ болон хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 40 гаруй ажлыг цогцоор нь авч хэрэгжүүлнэ. Энэ ажлын хүрээнд шинээр бүтээгдэхүүн үйлчилгээнүүд гаргана, одоогийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нөхцөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төрийн банкны хувьд халамжийн 70 гаруй хувийг, хүүхдийн мөнгийн 50 гаруй хувийг олгож байна. Мөн 2021 оны гуравдугаар сараас Засгийн газрын шийдвэрээр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан Ажлын байрыг дэмжих зээл, Хөдөө аж ахуйг дэмжих зээл, Орон сууцны ипотекийн зээл, Репо арилжааны санхүүжилттэй зээлүүдийг арилжааны банкуудаар дамжуулан олгосон бөгөөд Төрийн банк манлайлан оролцсон. Үүний үр дүнд, нийт 18 мянган иргэн аж ахуйн нэгжид 700 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон.

Төрийн банкны хөгжлийг хэрхэн харж байгаа вэ?

-Төрийн банк 500 нэгж салбартай, 4,000 гаруй ажилтантай, 2.3 сая харилцагчтай системийн нөлөө бүхий банк. Төрийн банкны алсын харааг дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк гэж тодорхойлсон. Төрийн банк 2009 онд үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдахдаа 147 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, 28 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй үйл ажиллагаагаа эхэлж байв. Өнөөдрийн байдлаар 3.9 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, 446.7 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Анх харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банкны системийн тогтвортой байдлыг хангах зорилгоор үүсгэн байгуулагдаж байсан. Хоёр дахь үе шат буюу 2013 оны долоодугаар сараас 21 аймаг, сум, дүүргүүдэд салбар нэгжтэй болж, үндэсний хэмжээний банк болсон. Өнгөрсөн оны наймдугаар сараас Засгийн газрын шийдвэрээр дундаж давхаргыг дэмжигч банк болон өөрчлөгдсөн. Энэ ажлын хүрээнд цогц төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь Төрийн банкны бизнесийн зорилгод нийцэж байгаа юм. Тухайлбал, нийт харилцагчдын 90 гаруй хувь, нийт зээлдэгчдийн 80 хувь нь иргэд байдаг. Энэ утгаараа Төрийн банк бол иргэдийн банк юм.

Та нээлттэй хувьцаат компани гэдгийг тайлбарлаад өгөхгүй юу. Энэ нь иргэдэд ямар давуу талтай вэ?

-Нээлттэй хувьцаат компани гэдэг бол өөрийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд буюу иргэд, аж ахуйн нэгжид нээлттэй худалдаж, компанийн засаглалын хувьд ил тод, нээлттэй болох нөгөө талаас иргэд маань хувьцаа эзэмшсэнээрээ нийгмийн баялгаас тэгш хүртэх боломжийг нээж байгаа үйл явдал юм. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд зарим иргэн Төрийн банк хувьчлагдаж байна гэсэн буруу ойлголттой явж байх шиг байна. Төрийн банк нь хувьчлагдах бус, хөрөнгийн зах зээлийн зарчмын дагуу хувьцаагаа олон нийтэд санал болгох замаар хэлбэрээ өөрчилж нээлттэй хувьцаат компани болж байгааг ойлгох хэрэгтэй.

Нээлттэй хувьцаат компани болсноор дундаж давхаргын иргэдэд ямар давуу талтай вэ?

– Төрийн банкны хувьцааг ард иргэд худалдан авч хувьцаа эзэмшигч болсноороо, хамгийн нэгдүгээрт өөрийн үйлчлүүлдэг банкны үйл ажиллагаанд хяналт тавих, ашиг орлогоос хүртэх боломжийг бий болгоно, хоёрдугаарт дундаж давхаргын иргэд үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулагч болж санхүүгийн төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломж давхар нээгдэж байгаа. Манай банкны санхүүгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байна. Иймд иргэд, харилцагчид маань хамгийн найдвартай, урт хугацаанд тогтвортой өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол манай банкны хувьцаа хамгийн зөв сонголт байх болов уу.

Иргэд Төрийн банкны IPO-д хэрхэн оролцох вэ. Шалгуур ямар байх вэ?

-Бид хувьцаа авах боломжийг хүн бүрт нээлттэй хүртээмжтэй байх зорилгоор Гялсбанк буюу интернэт банкны платформ дээр нэмэлт хөгжүүлэлт хийсэн. Харилцагч Гялсбанкаараа хандаад манай хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд оролцох боломжтой. Мөн брокерын мэргэшсэн байгууллагуудаар дамжуулан хувьцаанд оролцох боломжтой. Бид хувьцаагаа аль болох олон харилцагч тэр дундаа хөдөө орон нутгийн иргэд, малчдад хүртээмжтэй байх бодлого барьж байна.

Нэгж хувьцааны үнэ 590 төгрөг байгаа. Энэ удаад бид нийт 5 хувиа олон нийтэд санал болгож байна. Өнгөрсөн Бямба гаригт буюу энэ сарын 24-нд Улаанбаатар зочид буудлын Их танхимд Үнэт цаасны танилцуулгаа олон нийтэд хийсэн. Өнөөдөр/даваа гариг/ гэхэд манай стратегийн хөрөнгө оруулагчдаас татах хөрөнгийн хэмжээ бүрдсэн байна. Эндээс иргэд Төрийн банкны хувьцааг ямар их сонирхож, хүлээлттэй байсныг харж болох байх. Одоо бид энэ сарын 30 буюу баасан гариг анхдагч арилжааны нээлтээ хийхээр төлөвлөөд байна.

Одоо тэгэхээр иргэд хувьцаа авч чадахгүй болсон гэсэн үг үү?

-Түрүүн би хэлсэн, энэ сарын 30-нд анхдагч арилжаа эхлэнэ гэж. Анхдагч арилжаа эхлэхээр иргэд Төрийн банкны хувьцаанаас авах бүрэн боломжтой. Арилжаа маань есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-ныг хүртэл явагдах юм. Энэ үеэр Төрийн банкны үндсэн андеррайтер болох “Өлзий энд Ко” болон “Гүүдсек” Үнэт цаасны компани, бусад брокерын компаниар дамжуулан хувьцаа авах боломжтой. Мөн манай банкны Гялсбанк ашигладаг бол хувьцаа худалдан авах захиалга өгөх боломжтой гэдгийг хэлэх байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

Огноо:

,

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзав.

Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд  хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай  уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.

Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ.    Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.

Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг  зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна

Огноо:

,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа. 

Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.  

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Огноо:

,

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв. 

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе13 цаг 2 минут

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Улстөр нийгэм13 цаг 9 минут

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Цаг үе13 цаг 18 минут

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Цаг үе13 цаг 24 минут

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Шударга мэдээ13 цаг 28 минут

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Цаг үе13 цаг 34 минут

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Улстөр нийгэм13 цаг 39 минут

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Улстөр нийгэм13 цаг 54 минут

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Шударга мэдээ2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Цаг үе2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Санал болгох