Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ

Огноо:

,

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэх арга хэмжээ өнөөдөр /2022.09.26/ Төрийн ордонд боллоо.

Хуулийн төслийг иргэдтэйгээ боловсруулан, хамт өргөн мэдүүлсэн анхны тохиолдол болж буйг арга хэмжээний эхэнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар мэдээлсэн.

Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, хуулийн төсөл санаачлахад гар бие оролцсон “Азтай савар” ТББ-ын төлөөлөл, хуулийн төсөлд санал өгч оролцож буй иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хуулийн төслийг өргөн мэдүүлэхийн өмнө УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийсэн. Тэрбээр, Өнгөрсөн жил “Азтай савар” ТББ-ын төлөөлөл олон нийтийн сүлжээгээр дамжуулан уулзах хүсэлт тавьсан. Тэд эзэнгүй нохой, мууранд хүн хазуулж буй асуудал, тэдгээрийг харгис хэрцгий аргаар устгаж буй талаар, хөрсөнд олноор нь булснаас халдварт өвчин тархах эрсдэл буй болсон талаар танилцуулж, нийгэм болоод хүний асуудлыг хөндсөн хуулийн төсөл дээр хамтран ажиллах санал тавьсан. Амьтан тэжээдэггүй, тэр талаар тодорхой ойлголтгүй ч уулзаж үзээд энэ нь амьтны тухай асуудал биш юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн. Энэ бол хүний асуудлыг хөндсөн хуулийн төсөл байсан. Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны талаарх бие даасан хуультай байхад манай улсад энэ талын харилцаа зохицуулалтгүй явж иржээ. Мөн өөрийн ажил үүргээсээ гадна олон нийтийн, сайн дурын, цалин хөлсгүй ажилд залуучууд санаачилгаараа нэгдээд олон жилийн турш идэвхтэй ажиллаж буй сайн санаачилгыг дэмжих үүрэгтэй гэдгээ ч ойлгосон. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөгч. Энэ хуулийн төслийн санаачлагч бол иргэд, залуучууд, ТББ-ын сайн дурын ажилтнууд. Харин бид хуулийн төслийг хууль тогтоох байгууллагад уламжилж буй гүүр нь юм гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, хүний төлөө явахгүй мал, амьтны тухай хуулийн төсөл санаачиллаа гэсэн шүүмжлэл цөөнгүй гарсан. Амьтныг хайрлах сэтгэлтэй хүн хүнийг хайрлаж чаддаг гэдэг. Бид эхлээд өөрсдөө сайхан болчихоод дараагийн зүйлдээ анхаарья гэвэл буруу болчихоод байгаа юм. Энэрэнгүй үзэл, хайр гэдэг хэзээд зэрэгцээд явж байх ёстой учир энэ хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцохоор шийдсэн хэмээсэн.

Ингээд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуулийн төслийг боловсруулахад “Азтай савар” ТББ-д нэгдсэн олон залуус оролцжээ. “Dparliament” цахим системд байршуулсан хуулийн төсөлд өнөөдрийн байдлаар 200 гаруй иргэн санал өгсөн байна.

Дараа нь “Өмгөөллийн легал гайд” ХХК-ийн ажилтан У.Азжаргал, ”Диди лекс” ХХК-ийн ажилтан М.Золзаяа нар хуулийн төслийг санаачлах болсон шалтгаан, хамрах хүрээ, зохицуулах харилцааны талаар мэдээлэл хийсэн.

Манай улсын нийт өрхийн 25 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай бөгөөд гэр хорооллын өрхүүдийн 54 хувь, орон сууцанд амьдардаг өрхийн 12 хувь нь амьтан тэжээдэг аж. Нийслэл хотын хэмжээнд 98,800 тэжээвэр амьтан байдаг аж. Харин улсын хэмжээнд 2021 онд 320.000 гаруй эзэнгүй нохой, муур байна гэсэн тоо гарсан байна.

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр жилд 100 мянган эзэнгүй нохой, муур устгахаар төлөвлөдөг бөгөөд гүйцэтгэлээр жилд дунджаар 80-90 мянгыг устгадаг байна.

Нохой, муурыг олон нийтийн газар, гудамж талбайд буудахдаа хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, дутуу буудах, савж алах, бага насны хүүхдийн болон гадны жуулчдын нүдэн дээр устгаж тэдний сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэх, устгалын тоо зааж энгийн иргэдэд мөнгө өгч зүй бус аргаар устгуулах зэрэг асуудал түгээмэл байна хэмээн танилцуулгад дурдсан.

Түүнчлэн нохойноос хүнд халдварлах боломжтой 300 гаруй халдварт өвчин байдгаас хамгийн ноцтой нь галзуу бөгөөд нийт тохиолдлын 99 хувь нь нохойноос хүнд халдварладаг аж.

Нохой судлалын холбоонд бүртгэлтэй үржүүлэгч 600, Муур судлалын холбоонд бүртгэлтэй дөрвөн үржүүлэгч байдаг ч дийлэнх нь хариуцлагагүй, зөвхөн ашиг олох зорилгоор ажилладаг байна.

Хариуцлагагүй үржүүлэг нь хариуцлагагүй худалдан авах нөхцлийг үүсгэдэг гэлээ. Өөрөөр хэлбэл, амьтан тэжээх мэдлэггүй хүмүүс нэмэгдсэнээс амьтан гудамжинд хаягдах үр дагавар бий болдог байна.

Гэрийн тэжээвэр амьтантай иргэдийн 19 хувь нь амьтан тэжээхтэй холбоотой мэдээлэлгүй, сэтгэл хөдлөлөөр ханддагаас гадна гэр хорооллын айлуудын 88 хувь нь нохойныхоо үржлийг хаалгадаггүй, нийт өрхийн 50 хувь, гэр хорооллын иргэдийн 77 хувь нохойндоо вакцин болон туулга өгдөггүй аж.

2020 онд нохойд хазуулсан 3,855 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хүн рүү дайрсан нохдын 90 хувь нь эзэнтэй, хазуулсан тохиолдлын 37 хувь нь 0-15 насны хүүхэд байжээ.

Иргэдийн зүгээс гэрийн тэжээвэр амьтантай зүй бусаар харьцаж, амьтны зан араншинг догшруулдаг. Үүнээс гадна нохойг зориулалтын бус хэт богино уяанд уяж, хөдөлгөөнийг нь цаг үргэлж хязгаарлах, өлсгөх, цангаах, хүйтэнд үүргүй байлгах, зодох, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх, хараа хяналтгүй удаан хугацаагаар орхих, хооронд нь зодолдуулах, өгөөш бай болгох, үр төлийг нь гаргаж хаях, төөрүүлэх, химийн бодис, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодисоор хордуулах зэргээр зүй бусаар ханддаг байна.

Дээрх хүчирхийллийн хэлбэрүүд бага насны хүүхэд болон насанд хүрсэн иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг бөгөөд амьтан, хүнтэй зүй бусаар харьцах сэдлийг өдөөж байдаг аж. Гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах замаар амьтныг хайрлах, энэрэнгүй хандах, хамгаалах төлөвшлийг иргэдэд бий болгосноор хариуцлагатай иргэн гэрийн тэжээвэр амьтан асран хамгаалах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм байна.

Хуулийн төсөлд тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчийн үүрэг, нохой, муурны нэгдсэн бүртгэл, эзэнгүй амьтантай холбоотой харилцаа, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтны талаарх төрийн байгууллагын чиг үүрэг, оролцоо, гэрийн тэжээвэр амьтныг хамгаалах харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар гэрийн тэжээвэр амьтны  асран хамгаалагч, түр харагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг хяналт, хариуцлагатай болгоно гэж үзжээ. Мөн эзэнгүй амьтдын тоо толгойг бууруулж, тэдгээрээс үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдал багасна хэмээн тооцсон байна.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлсэн. УИХ-ын дарга шууд буюу төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийг удирдах хэрэгт оролцож буй залууст талархал илэрхийлсэн.  

Дэлхийн 124 орон гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах, хяналттайгаар үржүүлэх, бүртгэх, худалдах, худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулсан хуультай байдгийг тэрбээр дурдаад, Монгол Улсад Амьтны тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдан, мөрдөгдөж байна гэлээ.

Гэхдээ эдгээр хуульд гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, нөөцийг зохистой ашиглах, мал, гахай, тахиа зэрэг ашиг шимийг нь ашиглахаар үржүүлж байгаа амьтан, зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах харилцааг зохицуулсан хэмээсэн.  

Улсын эдийн засаг амаргүй, иргэдийн амьжиргаа ч хүнд байгаа одоогийн нөхцөлд юун нохой, муурны тухай хууль ярьж байна вэ. Хүнээ яагаад боддоггүй юм, хүн хамгийн чухал шүү дээ гэсэн яриа хөөрөө гарч болох юм. Тэгвэл Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол хүний эрх, хүний аж төрөл, хүний эрүүл мэнд, хүмүүнлэг боловсрол зэрэг асуудлыг хөндсөн ХҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬ  гэж хэлж болно хэмээн УИХ-ын дарга онцолсон юм.

Тэрбээр, Гэрийн тэжээвэр амьтан, хүн, нийгмийн хоорондох харилцаа зохицуулалтгүй байгаагаас нохойд хазуулах, мал, амьтны гаралтай халдварт өвчин тархах, агаар, ус, хөрс зэрэг амьдрах орчинд бохирдол үүсэх, хариуцлагагүй үржүүлэг хавтгайрах, эзэнгүй нохой, муур олшрох, буудаж устгах, зодох, өлсгөх, хаях, төөрүүлэх зэргээр амьтны эсрэг хүчирхийлэл үйлдэх зэрэг сөрөг үр дагавар гарч байна.

Бас нэг статистик дурдвал 2020 онд нохойд хазуулсан 3855 тохиолдол гарчээ.  Нохой, муураас хүнд халдварлах боломжтой 300 гаруй халдварт өвчин байдгаас гадна Монгол Улсад 1000 гаруй үржүүлгийн газар нохой, муурыг хяналтгүй үржүүлдэг байна. Нэг хос нохой, муур 6 жилд 67.000 болж үрждэг бөгөөд Улаанбаатар хот 320 мянга гаруй эзэнгүй нохой, мууртай болсон байна.

Энэ бүхэн нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлах, хэрэгжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах зайлшгүй шаардлага үүссэнийг харуулж байна гэлээ.

Энэхүү хуулийн төслийг “Dparliament” цахим системд байршуулснаас хойш 100 дахь хоног дээр өргөн барьж байгааг УИХ-ын дарга онцлоод, энэ 100 хоногт давхардсан тоогоор 25.870 хүн дэмжлэг илэрхийлж, 11.898 хүн хуулийн төслийг үзэж танилцжээ. “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ийн төсөлтэй холбогдуулан 200 гаруй санал бүртгэгдсэн байна.

D-parliament-д цахим системд 300 шахам хуулийн төслийг байршуулсан бөгөөд нийт хуулийн төслүүдээс хамгийн олон санал авсан нь “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ийн төсөл болоод байгааг УИХ-ын дарга мэдээлээд, тэдгээр 200 шахам саналыг төсөл санаачлагчийн зүгээс нэгбүрчлэн хүлээж авч, төсөлд тусгах, тусгах боломжгүй, хэлэлцэж шийдэх гэсэн 3 ангилалд хуваасан байгааг танилцуулсан. Мөн “хэлэлцэж шийдэх” гэсэн ангилалд байгаа зарим саналуудаас “D-parliament” цахим систем ашиглан оролцогчдын хамт санал асуулга явуулсан юм.

Эцэст нь хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөл үг хэлж, байр сууриа илэрхийлснээр арга хэмжээ өндөрлөлөө.

Арга хэмжээний төгсгөлд Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатар, Залуус та бүхнээс энэрэнгүй сэтгэлийг мэдэрч байгаадаа баяртай байна гэлээ. Тэрбээр, хуулийн төсөл санаачлан төрийн хэрэгт оролцож, нийгмийн сайн сайхны төлөө санаа чилээж, үнэтэй цаг хугацаагаа зориулж байгаад талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Мөн арга хэмжээнд оролцогчид дурсгалын зураг татууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох