Шударга мэдээ
С.Бямбацогт: Төмөр замын “Цоргоо” олон болгоход бодлогоо чиглүүлнэ
ҮНС, ШАТАХУУН, УРГАЦ, ЦЕМЕНТ, ЭМ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ГЭХ МЭТ НИЙГМИЙН ЗОРИУЛАЛТТАЙ, АРД ИРГЭДИЙН АМЬЖИРГААНД ШУУД НӨЛӨӨЛӨХ АЧАА БАРААНЫ ТАРИФЫГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт сайдын үүрэгт ажлаа аваад хамгийн эхэнд Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд 2022 Оны 10 дугаар сарын 04-ний өдөр төмөр замын салбарт тулгамдсан асуудал гарц шийдлийн талаар санал солилцох нээлттэй уулзалт зохион байгууллаа.
Сайд С.Бямбацогт “Улаанбаатар төмөр зам ХНН бол монголын хамгийн том ажил олгогч, ачаа, тээврийн дийлэнхийг зөөж, жилдээ 1 их наяд төгрөгийн борлуулалт хийдэг байгууллага. Тийм учраас сайдын ажлаа аваад хамгийн түрүүнд Улаанбаатар төмөр зам ХНН-д ажиллаж, үүрэг даалгавар өгсөн. Өнөөдөр та бүхэнтэй уулзаж, үүрэг даалгаврын биелэлт, учирч буй бэрхшээл, тэдгээрийн шийдлийн талаар энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Монгол Улсын Их хурал дээр Төмөр замын тухай хууль хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Энэ хуулийг нэн яаралтай батлах шаардлагатай байна.

Өмнө нь Улаанбаатар төмөр зам гэсэн ганцхан гол төмөр замтай байсан бол Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги гэсэн олон төмөр замтай болж байна. Тус замуудаар төр, хувийн хэвшлийн гадаад дотоодын вагонууд ачаа тээвэрлэж байгаа. Үүнийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах шаардлагатай. Үүнийг Төмөр замын тухай хуульд тусгаж зохицуулах ёстой.
Цаашдаа баруун босоо, зүүн босоо чиглэлийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх, Олон улсын тээврийн тариф, транзит тээврийн ачааллыг бууруулах зэрэг асуудал тулгамдаж байгаа. Үүнийг хурдан шуурхай шийдвэрлэхээр зорьж байна. Өнөөдрийн уулзалт нь ачаа бараа илгээгч, хүлээн авагч, тээвэр зуучийнхан болон иргэдэд тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилготой.
Нэг сарын өмнө Замын-Үүд дэх чингэлгийн бөөгнөрөл, гацааг арилгах үүрэг өгсөн бол үр дүн гарч өнөөдрийн байдлаар 290 орчим чингэлэг үлдсэн. Мөн нийслэлд хуримтлагдаад байсан хоосон болон ачаатай чингэлэг 3 дахин буурсан үзүүлэлттэй байна. Экспортын ачаа тээвэрлэх захиалга авахад хүнээс үл хамаарах, ил тод, нээлттэй, шударга болгох, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах ёстой гэсэн үүрэг өгсөн. Энэ хүрээнд цахим систем боловсруулж ашиглаж эхэлсэн байна. Улаанбаатар төмөр замд нэг жилд 71 сая.тонн ачаа тээвэрлэх хүсэлт ирсэн байна. Гэтэл бид Улаанбаатараас Эрээний чиглэлд 12 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Энэ эрэлт, хэрэгцээ шаардлагаас үүдэж авлига, ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Тиймээс бид нөөц боломждоо тулгуурлан тээвэрлэж буй ачаагаа ил тод, нээлттэй, тэгш, хүртээмжтэй, шударга явуулах нь чухал. Нэгдүгээрт, Монгол Улсын эрх ашиг, хоёрдугаарт, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эрх ашгийг тавих хэрэгтэй. Уулзалтад ирсэн та бүхэн тулгамдаж буй асуудал, шүүмжлэлээ нээлттэй хэлэхийг хүсье” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн хэлэлцүүлгийн үеэр сайд С.Бямбацогт экспортын цоргоо олон болгох, томруулах ёстойг хэлэв. Үүний тулд Ханги-Мандалын төмөр замын холболтын цэг, төмөр замын терминалын асуудлыг шийдэж төмөр замын 2 дахь гарцтай болох, Замын-Үүдээр нэвтрэх вагоны цуваа 8-10 байсныг 14 болгосон өнөөдрийн түвшнээ хадгалах, цаашдаа 16-18 болгон нэмэгдүүлэх асуудлыг Хятадын талтай ярилцаж аль болох богино хугацаанд шийдвэрлэх, Сайншанд-Зүүнбаянгийн төмөр замыг шинэчлэх ажлыг яаралтай ажил хэрэг болгохыг сануулав. Мөн төмөр замын тарифыг нэмэгдүүлж алдагдлыг бууруулж, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлого хэрэгжүүлэхдээ хүнс, шатахуун, ургац, цемент, эм эмнэлгийн хэрэгсэл гэх мэт нийгмийн зориулалттай, ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх ачаа барааны тарифыг нэмэгдүүлэхгүй байх бодлого баримталж ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: ЗТХЯ
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Цаг үе2020/09/08
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Цаг үе2022/01/13
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
-
Улстөр нийгэм2020/06/24
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх санал өглөө
-
Улстөр нийгэм2024/12/23
ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэ...
