Шударга мэдээ
ПОС төхөөрөмжид хуурамч карт уншуулж, мөнгө авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв
Иргэн Б нь өөрийн нөхөр гадаад улсын иргэн Ло-той хамтран, “аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зориулах” нэрийдлээр арилжааны банкны төлбөр тооцооны ПОС төхөөрөмжийг ашиглах эрх үүсгэн авч, уг төхөөрөмжөө Монгол Улс болон гадаад улсын нутаг дэвсгэрт зөөвөрлөн олон удаагийн үйлдлээр хуурамч цахим карт уншуулж, арилжааны банкны 170 гаруй сая төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Б, Ло нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг их хэмжээгээр хулгайлсан, мөн хуурамчаар үйлдсэн цахим картыг мэдсээр байж төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашигласан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, тус бүр 3 жил хорих ял шийтгэсэн байна.
Давж заалдах шатны шүүхээс “ … тухайн этгээдүүд нь бусдын эд хөрөнгийг хулгайлаагүй, харин бусдын эд хөрөнгийг залилсан, мөн хуурамч цахим карт ашигласан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, анхан шатны шүүхээс Ло-д оногдуулсан ял шийтгэлийг түүний гэм бурууд тохирсон гэж үзэн хэвээр үлдээж, Б-ийн хувьд уг гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг нь торгох ял болгон өөрчилжээ.
Өмчлөх эрхийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг ийнхүү зөрүүтэй дүгнэж, өөр өөрөөр зүйлчилж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Улсын дээд шүүх хянаад Б, Ло нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэв.
Залилах гэмт хэргийн хувьд хохирогч нь гэмт хэрэгтний заль мэхэнд автаж, төөрөгдөлд орсны улмаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд зүйлсийг сайн дураараа, ухамсарт хандлагаар гэмт хэрэгтэнд шилжүүлж өгсөн байдаг. Харин хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт хэрэгтэн хохирогчийн эд хөрөнгийг нь нууц, далд аргаар өөрт нь мэдэгдэлгүйгээр авсныг ойлгох тул цахим төлбөрийн системд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр авсан Б, Ло нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн ойлголтод хамаарна гэсэн дүгнэлтийг хяналтын шатны шүүх хийсэн байна.
Мөн шүүгдэгч Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны шинж, гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн болон бага насны хоёр хүүхэдтэй, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж, хулгайлах гэмт хэрэгт 1 жил хорих ял, цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт торгох ял оногдуулж, эдгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Ло-гийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэж, хэвээр үлдээсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Улстөр нийгэм2021/11/17
Ерөнхий сайд НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
-
Цаг үе2025/01/30
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
-
Улстөр нийгэм2022/08/11
НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш монгол ахуй соёлтой танилцлаа
-
Улстөр нийгэм2025/12/01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ
