Улстөр нийгэм
Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Дампуурлын тухай хууль 1997 онд батлагдсан бөгөөд 25 дахь жилдээ зарчмын шинжтэй бие даасан өөрчлөлт ороогүй хэрэгжиж байгаа юм. Уг хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэх явцад практикт зарим хүндрэл гарч байгаа бөгөөд хуулийг төлбөрийн чадваргүйдлийн харилцааны олон улсын чиг хандлагад нийцүүлэн шинэчлэн сайжруулах шаардлагад үндэслэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өнөөгийн аргачлал, стандарт, зарчимд нийцүүлэн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна.
Харин банк, даатгал, банк бус санхүүгийн байгууллага болон төрийн байгууллага, албан газар, шашны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн, мэргэшсэн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлээс гүйцэтгэх боломжгүй, төрөөс нийтийн хэрэгцээг хангах зайлшгүй шаардлагатай салбарт үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой нарийвчилсан харилцааг тус тусын салбарын хуулиар зохицуулна гэдгийг Х.Нямбаатар сайд танилцуулав.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал буюу төлбөрийн үүргээ ерөнхийд нь зогсоох болон балансын аргын аль нэг аргачлалаар тооцохоор төсөлд тусгажээ.
Бодит байдал дээр төлбөрийн чадваргүй болсон эсэх нь тодорхой бус байдлаар иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хариуцлагаа умартах явдлыг эрх зүйн арга хэрэгслээр таслан зогсоохгүй байгаа нь өрийн сүлжээ үүсгэх, шүүхийн шийдвэр гарсан төлбөр барагдахааргүй болгох, эдийн засгийн харилцаан дахь итгэлцэлийг бууруулах зэрэг сөрөг үр дагавартай байна гэж үзжээ. Тиймээс хууль, эсвэл гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргээ үргэлжилсэн 6 сараас дээш хугацаагаар биелүүлж чадаагүй хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцож, төлбөрийн чадваргүйдлын ажиллагааг эхлүүлэх хүсэлт гаргах боломжтой болох аж.
Монгол Улсын шүүхээр 2004-2021 оны хооронд буюу 18 жилийн хугацаанд жилд дунджаар 15 хэрэг, нийт 268 дампуурлын хэрэг хянан шийдвэрлэсэн байдаг байна. Дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүсэлтээр үүсдэг онцгой ажиллагааны хэсгээр зохицуулагддаг. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ба ердийн ажиллагааны аль алиных нь шинжийг агуулдаг тул дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг төсөлд нарийвчлан тусгажээ. Харин төсөлд заагаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах юм байна.
Төслөөр төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаас гадна түүнийг дахин зохион байгуулж, үйл ажиллагааг нь сэргээх, түүнчлэн төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн тул хуулийн нэрийг олон улсын жишгийн дагуу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль гэж өөрчилсөн гэв.
Хуулийн төслийг баталснаар зах зээлийн эдийн засгийн нэг үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг зохицуулсан олон улсын жишигт нийцсэн үр дүнтэй эрх зүйн орчин бүрдэж, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжрах, эдийн засгийг цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтой гэлээ. Тодруулбал, бизнес эрхлэх гэж буй хуулийн этгээдийн эрсдлийг хуваарилах, шаардлагатай тохиолдолд бизнесийг дахин зохион байгуулж, хөрөнгө оруулалт хийх байдлаар бизнес эрхлэгчийг дэмжих, төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд хөрөнгө оруулалтыг ямар дарааллаар гаргуулж авах зэрэг асуудлыг тодорхой болгон, оролцогч талуудын ашиг сонирхолын тэнцвэрийг хангах, сайжруулах чиглэлд төслийг шинэчлэн боловсруулсныг Х.Нямбаатар сайд төсөл санаачлагчийн илтгэлийнхээ төгсгөлд тэмдэглэсэн.
Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, О.Цогтгэрэл, Б.Баттөмөр, Г.Амартүвшин нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. Хууль зүй, дотоод хэргийн яам сүүлийн жилүүдэд хувийн эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр олон ажил хийж байгааг Б.Энхбаяр гишүүн тэмдэглээд, хэлэлцэж буй төслийн ач холбогдлыг тодруулан асуув. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн шинэтгэлийг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн гэдгийг Х.Нямбаатар сайд хэллээ. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай ерөнхий хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаа бол ойрын хугацаанд аялал жуулчлалын салбарын эдийн засгийг дэмжсэн Морин бооцоот уралдааны тухай, Төлбөр таавар, тоглоомын тухай, Арилжааны тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлнэ гэв. Эдийн засгийн болон хувийн эрх зүйн шинж чанартай хууль тогтоомжуудыг шинэчилснээр эдийн засгийг илүү либералчлах, өрсөлдөөнийг дэмжих, салбартай холбоотой шүүхийн үйл ажиллагааг шударга болгох зэрэг олон талын ач холбогдолтойг дурдсан. О.Цогтгэрэл гишүүн, хөрөнгөтэй ч төлбөрийн чадваргүй, бэлэн мөнгөний урсгалгүй болчихсон тохиолдолд хэрхэн зохицуулах талаар тодруулсан. Иргэд, хувь хүмүүс аливаа төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, төсөлд “үүрэг гүйцэтгэгч гэж төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийг хэлнэ” гэснийг цохож ажлын хэсгээс тайлбар, мэдээлэл авсан юм. Ийнхүү гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлэв. Төсөлд шүүхийн процесстой холбоотой зохицуулалт байгаа тул Хууль зүйн байнгын хороотой хамтран хэлэлцэх саналыг Б.Энхбаяр гишүүн хэлсэн бол дампуурлын процессыг нарийвчлан хуульчлах шаардлагатай гэдэг саналыг Х.Булгантуяа гишүүн илэрхийлсэн. Хэлэлцэж буй төслийн хүрээнд нэн тэргүүнд хөрөнгө оруулагчдыг хамгаалах, мөн аливаа төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй нэг хүний нэр дээрх ХХК-ий дампуурлыг олон нийтэд нээлттэй, томоохон ах ахуйн нэгжээс ялгаж тодорхойлон, зохицуулалтыг онцлогт нь тохируулах, мөн олон улсын түвшний үйл ажиллагааг дэмжсэн, хөрөнгө оруулалт хийх болон хөрөнгө оруулалтаа татахтай холбоотой тодорхой зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах нь чухал гэдгийг Ц.Цэрэнпунцаг гишүүн хэлсэн.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
