Шударга мэдээ
Хакүхо М.Даваажаргалыг “Алтан од” одонгоор шагналаа
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Японы сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдын төлөөлөл болон их аварга Хакүхо М.Даваажаргалын ээж Ө.Тамир нар оролцов.
Уулзалтын үеэр Хакүхо М.Даваажаргал “Дөрвөн жилийн дараа эх нутагтаа ирлээ. Сэтгэл маш их хөдөлж байна. Сүмод орсноос хойш хоёр жилийн дараа анх удаа нутагтаа ирэхэд ийм мэдрэмж төрж байлаа. Энэ удаа өөрийн 20 жилийн амьдралаа холбосон “Миягино” дэвжээг өвлөн аваад эргэн ирж буйдаа баяртай байна.
Анх 62-хон кг жинтэй хүүхэд Японд очиход “Энэ барилдаж чадах юм уу” гэж эргэлзэх хүн олон байсан. Гэхдээ хүн шантралгүй зүтгэвэл ямар ч амжилтад хүрч болно гэдгийг харуулсандаа их баярладаг.
Би багш дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ Монгол, Японыг холбосон гүүр болно. Монголын спорт, олимпизмын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна” гэв.
Мөн “Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчдын төлөөлөл боксын шигшээ багийн тамирчдад хандан олимпын наадамд амжилттай оролцохыг хүсэхийн ялдамд олимпын медалийн өнгө зөвхөн тамирчин хүний өөрийн хүчин чармайлтаас шалтгаалах тул бэлтгэл сургуулилтаа хичээнгүйлэн хийхийг онцлон захив.
МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг их аваргыг МҮОХ-нд зочлон ирсэнд талархал илэрхийлэв. Мөн Монгол Улс ойрын ирээдүйд залуучуудын олимпыг нутагтаа зохион байгуулахыг зорьж байгааг дуулгаж, энэ үйл хэргийг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг хүслээ.
Энэ үеэр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр “Токио-2020” олимпын наадмын элч төлөөлөгч Хакүхо М.Даваажаргалын спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнав.
Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
-
Шударга мэдээ2022/08/22
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Ажиа Гэгээнтэнг хүлээн авч уулзлаа
-
Улстөр нийгэм2023/01/17
Бусдын гар утсанд тусгай программ суулган, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байжээ
-
Улстөр нийгэм2023/12/06
Сингапур улстай нүүрс төрөгчийн зах зээлд хамтран ажиллах чиглэлээр санал солилц...
-
Цаг үе2025/01/16
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
