Улстөр нийгэм
Ж.Батбаясгалан: Иргэдийн хурлын төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү дээгүүр улс төрийн эрх ашиг гэж байх ёсгүй
Монгол Улсад Нутгийн өөрөө удирдах ёсны шинэ ардчилсан тогтолцоо үүсэн хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Хүндэтгэлийн хуралдаанаа хуралдуулж байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын ололт амжилт, баяраа нийслэлийнхээ нийт иргэдтэй хуваалцаж буй төрийн энэхүү ёслолд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөл, Монгол Улсад суугаа элчин сайдын төлөөлөл, мөн нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төлөөлөл болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үе үеийн төлөөлөл тэргүүтнүүд оролцож буй юм.
Энэ үеэр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан нийслэл хотынхоо нийт иргэд болон Хүндэтгэлийн хуралдаанд оролцогчдод хандан баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр, “Нийслэл хотоо удирдах эрхийг элч төлөөлөгчдөөрөө дамжуулан барьж байгаа эрх чөлөөт иргэн Танд Монгол Улсад Нутгийн өөрөө удирдах ёсны шинэ ардчилсан тогтолцоо үүсэн хөгжсөний 30 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье” хэмээгээд, “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төрийн удирдлагатай хослуулан хөгжүүлэх эх үндсийг 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиар хуульчлан баталж, тунхаглан дархалснаас хойш 30 жил өнгөрч байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэлийн иргэдийнхээ эрхэм дээд шийдвэр, эрх чөлөөт сонголтоор нийт 8 удаагийн хуралд 383 төлөөлөгч сонгогдон, иргэдээ төлөөлж, дуу хоолой, хүсэл зориг, эрх ашгийг нь илэрхийлэн хамгаалж, бататган хангахын төлөө үзэл бодол, мэдлэг оюунаа уралдуулан өрсөлдүүлж, цөөнхөө хүндэтгэж, олонхоороо шийдвэрлэж ирсэн нь Монголын ардчилал, Монголын нутгийн өөрөө удирдах ёсны нэн шинэ түүх, эрх чөлөөний ололт билээ” хэмээн онцоллоо. “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол иргэд нь төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрхийг барьж буй сонгодог хэлбэр. Тийм ч учраас иргэдийн төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү дээгүүр улс төрийн эрх ашиг гэж байх ёсгүй гэдгийг энэ түүхэн мөчид онцлон хэлье! Нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даан хөгжих баталгаа нь Ардчилсан Үндсэн хууль. Үндсэн хуулинд батлан тунхагласан үндсэн эрхийг ханган, бүх шатны иргэдийн хурал иргэнээ төлөөлөх гүүр нь байж, аливаа улс төрийн ашиг сонирхлоос ангид, хараат бусаар ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна” хэмээн тэрбээр тодтотголоо. Өдгөө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлсэн арга хэмжээг тэрбээр үндсэн гурван чиглэлээр томьёолсон юм. Тодруулбал, “
- Хууль эрх зүйн орчин буюу хот, дүүрэг бие даан хөгжих хувьсгалын тохироо бүрдлээ
НИТХ бодлогын баримт бичгүүдээ баталж, хотод эдийн засгийн шинэ сэргэлт хийх эх хөрсийг нь бэлтгэлээ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд онц чухал ач холбогдолтой бодлогын баримт бичиг, хөгжлийн хөтөлбөрүүд буюу Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн дунд хугацааны төлөвлөлт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг бодлогын томоохон баримт бичиг, суурь концепцуудаа хэлэлцэн баталлаа.
- Төсвийн хүлээсийг тайллаа
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулав. Энэ хууль, эрх зүйн шинэ орчин Нийслэл хотыг хур их асуудал бэрхшээлээс чөлөөлөх замыг нээж байна. Нийслэл хотод шинэ сэргэлтийг авчрах хараат бус эрх зүйн орчин эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг нээж өглөө.
- Өчигдрөөс өнөөдөр, өнөөдрөөс маргааш
Нийслэл хотоо иргэдийнхээ хүсэл шаардлагад нийцсэн метрополис хот, инновац технологид суурилсан хөгжлийн төв, эдийн засгийн хөгжлийн бааз суурь, дэд бүтэцтэй болгон угсрах үүрэг энэ удаагийн нийслэлийн парламентад ногдож байна. Иргэдийнхээ эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлэн хамгаалахын тулд иргэдийн төлөөлөгчид илүү их хичээн зүтгэх ёстой болж байна. Иргэдийн төлөөлөгч гэдэг эрхэм үүргээ чанд сахин, иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлж, хэлэлцэх асуудал, өгөх санал, сонгох шийдэл бүхнээ олон талаас нь судалж мэргэшсэн байхыг Та биднээс цаг үеийн сорилт бүхэн шаардаж байна. Улсын хөгжлийн толь болсон Улаанбаатарынхаа хөгжил дэвшил, хотын иргэдийнхээ эрх ашиг, хүсэл зоригийн төлөө ухаан бодлоо уралдуулж, улам ихээр хичээн зүтгэе! Та бүхэндээ баярын мэнд өргөн дэвшүүлье!” гэлээ.
Улстөр нийгэм
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
Улстөр нийгэм
Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.


Улстөр нийгэм
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






