Улстөр нийгэм
Д.Амарбаясгалан: Монгол Улс нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг зохион байгуулсан нь хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсний илрэл
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд өнөөдөр Төрийн ордонд “Нутгийн удирдлага 30” эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ. Хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын сайд болон Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, аймгуудын ИТХ-ын дарга, сум, дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид оролцож байна.
Эрдэм шинжилгээний хуралдааныг Монгол Улсын Сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Их хурал, Засгийн газраас энэ жилийн туршид Ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санаа, үндэсний эв нэгдэл, язгуур эрх ашгийг олон нийтэд сурталчлах, алдаа оноог тунгаан хэлэлцэх цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ цуврал арга хэмжээний нэг нь өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал гэдгийг онцоллоо. Тэрбээр хэлсэн үгэндээ “...өргөн уудам нутагтай, өөрийн онцлог соёл, түүхтэй, үндэстэн ястнуудын нэгдэл болсон манай орны хувьд Нутгийн иргэд өөр өөрсдийн онцлогоо давуу тал болгох, улмаар бүсчилсэн хөгжлийг өрнүүлж, хамтын ажиллагаанд тулгуурлан нийгэм, эдийн засаг, соёлын нөөц боломжоороо тэргүүлэх, оршин суугч иргэдийнхээ хүсэл зориг, амьдралын боломж бололцоог дээшлүүлэх зорилго бүхий засаглалын хэлбэр мөн бөгөөд манай улсын нөхцөлд илүү тохирсон олон улсын практик юм.Нөгөө талаас гүйцэтгэх эрх мэдэл, төлөөлөх эрх мэдлийн харилцан хяналтыг бодит болгох, төлөөллийн ардчиллын хэрэгжилт, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулж анхан, дунд шатны бодлогын хэрэгжилтийг иргэддээ ойртуулсан тогтолцоо юм. Нэг ёсондоо нутгийн иргэд төлөөллийн байгууллагаараа дамжуулан бие даах, нийгэм, эдийн засгийн хөгжлөө улс орныхоо бодлого чиглэлд нийцүүлэн өөрсдөө тодорхойлох, богино, дунд хугацаанд хамгийн хэрэгцээ шаардлагатай бодлого чиглэлийг баримтлах, хөрсөндөө буусан, хамгийн бодитой, ард иргэддээ ойр, зөв зүйтэй шийдвэрийг гаргах механизм байх боломжтой.
Энэ нь иргэн хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй авах, Үндсэн хуульд заасан үндсэн эрхээ эдлэх, улмаар ардчиллыг хөгжүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлооход чухал ач холбогдолтой бүтэц юм.Төвлөрсөн, босоо тогтолцооны удирдлагаас татгалзаж хөндлөнгийн буюу нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг зохион байгуулсан нь хүн бүрийн ялгаатай байдал, хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсний илрэл бөгөөд өнөөг хүртэл олж авсан ололт амжилтыг бид цаашид улам хөгжүүлж боловсронгуй болгохын төлөө хамтран ажиллана.
Монгол Улс өндөр их түүхтэй, өргөн уудам нутагтай, нүүдлийн соёл иргэншлийн асар их өвийг хадгалсан, баялаг уламжлал, соёлын нэгдэл болсон орон. Нутаг орны онцлогийг шингээж, түүх соёлоо хүндэтгэн хадгалж, орчин цагийн шаардлагад нийцүүлэн хөгжихөд нутгийн өөрөө удирдах ёс онцгой үүрэг гүйцэтгэнэ. Энэ зарчмын дагуу нутгийн иргэд хамтын шийдвэр гаргах, орон нутгийн төсөв, төлөвлөгөө, бодлого, шийдвэрт иргэдийн оролцоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих чухал үүргийг иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар хүлээж байна...” гэдгийг тодотгосон юм. Мөн энэ оноос мөрдөгдөж буй Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь нийслэлийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, төсвийг иргэдийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн захиран зарцуулах, тулгамдаж байгаа асуудлыг эдийн засгийн аргаар шийдвэрлэх боломж нэмэгдүүлсэн томоохон дэвшил болсон гэдгийг хэлсэн юм.
Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг УИХ-ын гишүүн, парламент дахь Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг уншиж танилцуулсан бол, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээг Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа уламжилсан юм.
Улстөр нийгэм
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
Улстөр нийгэм
Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.


Улстөр нийгэм
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Улстөр нийгэм2025/11/11
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Цаг үе2019/06/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Цаг үе2024/08/30
"Дэм дэмэндээ" өдөрлөг зохион байгуулж байна
-
Улстөр нийгэм2022/06/17
Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний бие даасан байдлыг бий болгохгүйгээр хөгжил дэвшил, ...
